Тархины долгионоор телевизээ удирдана

2018-11-14

Х.ОЮУНБОЛД

Хүн төрөлхтөн зурагтаа алсын зайны удирдлагын тусламжтайгаар удирддаг цаг үе ард хоцрохоос гадна  музейд залрах цаг ойрхон болжээ. Учир нь  “Самсунг” компани хүн телевизийг удирдлагаар биш тархиныхаа долгионыг ашиглан удирдаж болох программ хангамжийг хөгжүүлж байгаа юм байна. “Прожект пойнт” гэж нэрлэсэн  энэ төслийн гол зорилго нь хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд туслах зорилготой гэнэ. Төслийг  Швейцарь дахь “Самсунг” компани Лаусан хотын политехникийн сургуулийн хиймэл эрхтэний төвтэй хамтран  боловсруулж байгаа ажээ. Энэ программыг хөгжүүлэгчид тархины долгионоор дамжуулан телевизээ удирддаг болсноор  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс  бусдын туслалцаагүйгээр  сувгаа солих, дууг нь багасгаж, нэмж чаддаг болно гэв. Одоогоор “Самсунг” компанийн энэ загвар нь телевизийг 64 мэдрэгч суулгасан малгайгаар дамжуулан нүднийхээ хөдөлгөөн, тархиныхаа долгионоор удирдаж үзэх гэсэн сувгаа сонгох туршилтыг хийж байна.  Мөн нүдээрээ удирдах боломжгүй хүмүүст зориулсан  өөр аргыг хэрэгжүүлж байгаа ажээ. Энэ талаар политехникийн сургуулийн хиймэл эрхтэний төвийн эрдэмтэн  Рикардо Чаварриага “Бид нэг цогц, ухаалаг технологийг бүтээж байна.  Гэхдээ хүнтэй харьцахад зориулагдсан технологийг бүтээж байгаагаа мартаж болохгүй” гэж онцлов. Түүнчлэн техник технологийн салбарт хийж байгаа том нээлт гэж болох одоогоор хөгжүүлж сайжруулж байгаа  энэ төслийг ирэх оны эхээр  Швейцарийн эмнэлгүүдэд  туршилтын журмаар ашиглаж эхэлнэ гэж программыг хөгжүүлэгчид итгэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ