Ц.Намсрайн мэндэлсний 100 жилийн ой хийгээд номын хурим

2018-11-14

Т.Баасансүрэнд нэрэмжит шагнал гардуулсны дараа.

Д.НАДМИД

Монголын төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан шинэ номын нээлт хүндэтгэлийн ёслол “Улаанбаатар” ресторанд боллоо. Энэ үйл ажиллагааны нэг онцлог нь тун олон зочинтойдоо байсан гэж болно. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нам, төрийн ахмад ажилтан доктор Ц.Балхаажав, Сангийн сайд асан Д.Бямбажав, нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ, зохиолч Д.Цэдэв, Т.Баасансүрэн нар болон Ц.Намсрай гуайг “Үнэн” сонины эрхлэгч байхад нь хамт ажиллаж байсан ахмад сэтгүүлчид, эрдэмтэн докторууд гээд олон хүн уригджээ.

“Монголын төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Цэндийн Намсрай” нэртэй номын хуримын эхэнд Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, судлаач Дожоогийн Цэдэв уг номын эмхэтгэгчийн хувьд Намсрайн амьдрал уран бүтээлийн тухай бэсрэг илтгэл хийж шинэ номын баринтгийг задлав. Тэр хэлэхдээ:

-Ц.Намсрай бол төр, нийгмийн томоохон зүтгэлтэн төдийгүй гайхамшигтай сэтгэгч, орчуулагч, ховорхон тохиох сэтгүүлч байсан юм. Тэгснээрээ Монголын өдөр тутмын сонинг төлөвшүүлэх, бичлэгийн төрөл зүйлийг хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмрийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны төвшинд авч үзэх асуудал чухал юм. Энэ үүднээс 750 хуудас бүхий номд өөр бусад номд ороогүй шинэ баримт, үүх түүхийг багтаасан юм. Тиймээс Монголын түүх, соёл, хэвлэл мэдээллийн хүрээнийхэн, судлаач эрдэмтэн мэргэдийн ширээний ном байж чадах болов уу гэж бодож байна гэсэн юм.

Ц.Намсрай агсны гэргий Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, охин Ардын жүжигчин Н.Сувд нар индэрт.

Ц.Намсрай гуайн хань Л.Цогзолмаа болон үр хүүхдүүд, ач зээ нар нь түүний төрсөн нутаг Баянхонгор аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг түүний нэрэмжит болгох ажлыг амжуулж тэнд гэрэлт хөшөөг нь сүндэрлүүлж 100 насны ойд нь бэлэг бариад байна. Цаашид тус сургуулиас их, дээд сургуульд элсэгчдийг ивээн тэтгэж байхаар болж байгаа тухай мэдээлэв. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Намсрай нь гайхамшигтай сайн редактор байсан учир Монголын сэтгүүлчдийн байгууллага шилдэг редакторт олгодог  Ц.Намсрайн нэрэмжит шагналыг бий болгож өмнө нь гурван хүнд олгоод байгаа бол дөрөв дэхийг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэнд олгосныг энэ үеэр гардуулсан юм. Номын хурим дээр үг хэлсэн хүмүүс Ц.Намсрай гэдэг хүн өндөр мэдлэг, чадвартайгаас гадна гэгээлэг хийгээд бурханлиг хүн байсан гэдгийг дурсаж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ