Байгалийн баялгийг ард түмнээс өөр хэн ч өмчлөх эрхгүй

2018-11-14

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын малчин айлд цайны уулзалтаа хийв. 2018.10.14

Ц.МЯГМАРБАЯР

Оюутолгойн орд ард түмний өмч хэвээр байсан бол манай гурван сая иргэн бүр  ойролцоогоор 200 сая төгрөгийн ногдол ашиг авах байжээ. Гэвч 1992 онд баталсан үндсэн хуульдаа стратегийн чухал орд, байгалийн баялаг ард түмнийх биш төрийн өмч мөн гэж  хуульчилсан нь өнөөдөр оффшорчдын халаасанд орох үүд нээгджээ. Монголчууд  стратегийн чухал орд болох Оюутолгой, Тавантолгойгоос ашиг хүртэж чадахгүй нийтээрээ ядуу амьдарч байгаа дүр зураг Бүгд найрамдах Шинэ дээд хуулийг танилцуулж санал авахаар очсон аймаг бүрт ажиглагдсан. Харийнхан монголчуудыг “алтан дээр суусан гуйлгачид” гэж хэлдэг хэлц үг эдүгээ биеллээ олжээ гэдэг нь хөдөө орон нутагт болсон уулзалтад ирсэн иргэдийн амьдрал ахуй, үг ярианаас  тодорхой байлаа. Үүнд гол нөлөөлсөн зүйл нөгөө л 1992 онд баталсан үндсэн хуульд байгалийн баялаг төрийн өмч гэж зааснаас үүдэлтэй.

Oюутолгойн гэрээ монголчуудад ашиггүй болсон нь ч үүнийг гэрчилж буй. Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёрт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэжээ. Төрд гарсан дарга нарт байгалийн баялаг Оюутолгой, Тавантолгой болон бусад ордуудад гадныхантай нийлж эзэн суухад энэ заалт хамгаалалт болсоор баян ядуугийн ялгааг үүсгэжээ. Өөрөөр хэлбэл, ард түмнээс асуулгүйгээр байгалийн баялгийг дур мэдэн зарж, хэнд өгөх хэнд өгөхгүй гэдгийг тэд шийдвэрлэж байна. Одоо ч энэ хууль хүчин төгөлдөр үйлчилсээр. Энэ заалт хэвээр байгаа цагт ард түмэн байгалийн баялгаас хэзээ ч ашиг хүртэхээргүй нь тодорхой юм. “Оюутолгойн нөөцийн ордыг 60-80 тэрбум ам.доллар гэдэг. Үүнийг төгрөгт шилжүүлэхэд 144 их наяд төгрөг. Үүнийг гурван сая хүндээ хувааж нэг хүнд ойролцоогоор 200 сая төгрөг ногдохоор тооцоход ард түмэнд үр өгөөжөө өгөх ийм л ашигтай орд байсан. Гэтэл төрд гарсан эрх мэдэлтнүүд гадныхантай үгсэн хуйвалдаж баялгаа худалдаж хилийн чанад дахь нууц данс болох оффшортоо нуусан. Зарим нь гадаадад долоон хаус авч оффшор дахь сая ам.доллараа мартсан тухай та бүхэн сонссон байх” хэмээн МАХН-ын дэд дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хөдөө орон нутгийн иргэдтэй уулзах үеэрээ ярьж байсан юм.

Ард түмний нэг хэсэг нь ядуу, ажилгүй, идэх хоолгүй, өмсөх хувцасгүй шахам бор өдөр шар нарыг өнгөрөөж байхад оффшорчид ард түмний баялгаас хулгайлсан мөнгөө багтааж чадахаа байхаараа  хуучны 1950,1960 оны машин авна гээд цахим ертөнцөд танилцуулга хуудас эргүүлээд сууж байна. Ийм шударга бус байж болох уу. Эрдэмтэд байгалийн баялаг бол хэн нэгэн хүний бий болгосон өмч, баялаг биш. Байгаль өөрөө олон сая жилийн турш хувьсал өөрчлөлтөд орсноор газрын доорхи  баялаг бий болсон. Хэний ч оролцоогүй бий болсон баялгийг ард түмэн хэрүүл зодоонгүйгээр  дундаа өмчлөх ёстой. Харин хувь хүн өөрөө бий болгосон өмчиндөө эзэн байна гэсэн хуультай гэжээ. Тэгэхээр үндсэн хуулийнхаа алдааг засах цаг ирснийг өнөөдрийн нийгмийн дүр зураг харуулсаар байгааг уулзалтад ирсэн ард иргэд нотолж буй. С.Ганбаатар “Н.Энхбаяр даргыг  Оюутолгой, Тавантолгойг ард түмэнд авч өгөх гэж явсны төлөө түүнийг хэцүү нэртэд хэлмэгдүүлсэн. Хэлмэгдлээ гээд тэр бууж өгөөгүй. Харин яагаад ийм зүйл болов. Бид юун дээрээ алдсан бэ гэдэгт гарц хайсан. Гэтэл үндсэн хуульдаа алдаа байгааг олж харсан. Тиймээс үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж Шинэ дээд хуулийг боловсруулах санаачлага гаргасан. Н.Энхбаяр даргыг  нэр дэвшүүлэхгүй байгаа шалтгаан үүнтэй холбоотой. Хэрэв Н.Энхбаяр УИХ-д сонгогдвол дарга нарын идэж ууж байгааг зогсоож байгалийн баялгийг ард түмэнд өгөхийн тулд одоогийн мөрдөж байгаа хуулийг өөрчилнө гэдгээс айсандаа нэрийг нь дэвшүүлэхгүй байх бүхий л аргыг хэрэглэж байна” гэж  олон иргэдийн төөрөлдсөн асуултад хариулт өгч байв. МАХН-аас боловсруулсан Бүгд найрамдах  Шинэ дээд үндсэн хуулийн наймдугаар зүйлийн 8.8, 8.9-д “БНМУ-ын газрын хэвлий, түүний баялаг, ашигт малтмал нь ард түмний дундын өмч мөн бөгөөд нөөцийг нь үндэслэн үнэлж стратегийн, эсхүл орон нутгийн шинж чанартай гэж ангилна. Түүнчлэн стратегийн ач холбогдолтой ард түмний дундын өмчийг гагцхүү ард түмний санал асуулгын дүнг үндэслэн Засгийн газар захиран зарцуулна” гэжээ.

Мөн иргэн бүрт Оюутолгой, Тавантолгой, бусад тухайн орон нутгийн ордуудаас ногдол ашиг хүртэх дэвтрийг нэр дээр нь нээж өгөхөөр хуульд оруулжээ. Байгалийн баялгийг иргэн бүрт тэгш хүртээх боломжийг хангасан Шинэ дээд хуулийн талаар яриад дууссаны дараа Өвөрхангай, Говь-Алтай, Увс,Ховд аймгийн  аймгийн  иргэд “Хэрэв Оюутолгой, Тавантолгойн ногдол ашиг болох 200 сая төгрөг хүртэх бол хамгийн түрүүнд сайхан гэр авна. Хүүхдүүдээ орон сууцтай болгоно. Мөн хэдэн мал авч маллана. Зарим нь эмнэлэгт үзүүлнэ. Хүүхдийнхээ сургалтын төлбөрт нэмэрлэнэ. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлнэ хэмээн” нүд нь илтэд сэргэн саналын хуудаст саналаа өгөхөөр хошуурцгааж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ