Байр суурь: Засгийн газрыг огцруулах шаардлагатай

2018-11-13

Т.САЙХАН

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Засгийн газрыг  огцруулах асуудлаар гарын үсэг  цуглуулж эхлээд байна.  Тэгвэл УИХ-ын зарим гишүүд энэ асуудлаар ямар байр суурьтай байгааг хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж: -Нийгэм шударга ёсыг хүлээж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шударга ёсыг тогтоож, хариуцлагыг бий болгоно гэж гарч ирсэн. Мөн Ц.Нямдорж хуулийн хайчийг хөдөлгөнө гэж мэдэгдсэн ч  өнгөрсөн хугацаанд хариуцлагын тухай асуудал огт яригдсангүй. Нийгэмд бухимдал дагуулж буй нэг ч асуудлыг Засгийн газрын зүгээс тэмцсэнгүй. Харин эсрэгээрээ АТГ нэлээд олон албан тушаалтнуудыг шалгах ажлыг эрчимжүүлж байна. ЖДҮ-г тойрсон бухимдал нийгэмд их байна. Үүнтэй холбогдсон нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудал мөн нийгэмд хүлээлт үүсгэж байна. Гэтэл уг асуудлаар хариуцлагын асуудлыг хөндөж тавьсан бүлгийн даргаа огцруулах боллоо. Ийм байгаа Засгийн газар цаашид нийгмийн бусармаг үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүст хариуцлага тооцож  чадахгүй.  Хэрэв Д.Хаянхярваа гишүүн  гарын үсэг цуглуулбал АН дэмжиж гарын үсэг зурна.

УИХ-ын гишүүн А.Ундраа:-УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад тараах тухай асуудлыг ярьж нийгмийн үймээн самуунд уриалсан утгатай үгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд оролцохдоо хэлсэнд нь сэтгэл дундуур байна. УИХ-аас баталсан хууль тогтоомж, баталса төсвийн хүрээнд гүйцэтгэх засаглал ажлаа явуулах ёстой. Түүнээс биш хууль тогтоогчдын ажлыг зааж болохгүй. Би Засгийн газрыг огцрохыг дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:  -Ийм зүйл болно гэж бодож байсангүй. Хариуцлагын асуудал яригдаж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд намынхаа бүтцийн байгууллагад сайд, гишүүдэд хариуцлага тооцох тухай асуудал яригдаж байна. АН-ын бүлгийн зүгээс 60 тэрбум, ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлаар холбогдох хүмүүст нь хариуцлага тооцохыг шаардаж байгаа. ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудал эрчимтэй яригдаж байна. Мэдээж, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох байх. Дараа нь 27 санг шалгаж нэг мөр асуудлыг цэгцлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:-Би намын даргыг шүүмжилнэ. Нэг хүний дарангуйлалд байж болохгүй. У.Хүрэлсүх гэх хүнийг дарамталж болохгүй болсон байна. Шүүмжилсэн хүнийг утсаар залгаж болон бусад аргаар дарамталж байна. Нэг хүнийг тахин шүтдэг боллоо. Бид ийм дарангуйллыг бий болгох гэж 28 жил ажиллаагүй. Миний бүлгийн дарга байх эсэх нь чухал биш. Монгол улсын эрх ашиг чухал шүү. Шударга ёс манай улсад алдагдаж байна. Хэрэв миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол өөрийнхөө бланкан дээр Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулах болно гэдгээ намын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгдсэн. Тиймээс энэ шударга бус үйл ажиллагаа явуулж буй У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг өнөөдрөөс хөндөж УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлж буйгаа мэдэгдэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх  шударга ёсыг тогтооно гэж албан тушаалд томилогдчихоод шударга бус зүйлтэй тэмцэж чадахгүй байна.

Эх сурвалж:www.polit.mn 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ