М.Бадамсүрэн: Капитал банкны төслийг хэрэгжүүлснийхээ төлөө өрөнд орчихлоо

2018-11-13

Д.ОЮУНЧИМЭГ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Капитал банк ЖДҮХС-гийн мөнгийг эргэлдүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тус холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр “Капитал банк 48 тэрбум төгрөгийг ЖДҮХС-гаас авч дамжуулан зээлдүүлсэн баримт байна. Сангийн мөнгийг дамжуулан зээлдүүлэх эрх зүйн орчин бий юу. Энэ мөнгөө авахдаа Засгийн газрын 2017 оны аравдугаар сарын 3-ны өдрийн 43 дугаар тэмдэглэлийг үндэслэн Капитал банкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрийн төлбөрийг барагдуулах гэрээ байгуулсан гэх. Гэтэл тухайн тэмдэглэлд нь энэ талаарх асуудлыг тусгаагүй байгаа юм” гэлээ. Түүнчлэн 2017 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 106 тоот төлбөр барагдуулах гэрээний хавсралтад ЖДҮХС-гаас Капитал банкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрийн төлбөр барагдуулах хуваарийг баталжээ. Энэ үед тус банк 48 тэрбум 447 сая 106 мянга 868 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан аж. харамсалтай нь Капиталынхан энэ оны зургадугаар сарын 5-нд анхны төлөлтөө хийсэн хэмээн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хэллээ. Энэ үеэр Капитал банкны захиалгаар ажил гүйцэтгээд хохирсон компанийн төлөөллүүд ч мэдээлэл хийсэн юм. “Гэрэлт фокус” компанийн захирал М.Бадамсүрэн “Капитал банкны санхүүжилттэй төслийг хэрэгжүүлснийхээ төлөө татвар, нийгмийн даатгалд 50 гаруй сая төгрөгийн өрд орчихлоо. Түүгээр ч зогсохгүй гүйцэтгэгч компанидаа огт мэдэгдэлгүйгээр хөндлөнгийн компаниар баталгаа, дүгнэлт гаргуулан улсын комисст барилгаа хүлээлгэж өгсөн учраас шүүхэд гомдол гаргасан” гэж байлаа. Капитал банкны захиалгаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 65 айлын орон сууц барьсан аж. Тус төслийг гүйцэтгэхдээ “Гэрэлт фокус” компани 186 ажлын байрыг бий болгожээ. Барилгын ажлыг гүйцэтгэх явцад санхүүжилт тасралтгүй явж байсан боловч барилгаа бариад дуусмагц үлдэгдэл санхүүжилт болох 465 сая төгрөгийг шилжүүлээгүйгээс асуудал үүссэн юм байна. Энэ мөнгө нь ажилчдын цалин гэдгийг тэрээр онцолсон юм. Капитал банктай холбоотой санхүүжилт болоод мөнгөний хэрэг дуусаагүй гэдгийг хэвлэлийн хурлын үеэр тодотголоо. Мөн “Их Модун” компанийн менежер Б.Эрдэнэцогт “Монгол эм импекс”-ийн захиалгаар Well mart худалдааны төвийн барилгын ажлыг гүйцэтгэсэн боловч мөн л сүүлийнхээ санхүүжилтийг авч чадалгүй өдийг хүрснээ ярилаа. Тэрээр “Урьдчилгаа болон дундын санхүүжилтийг Капитал банкнаас саадгүй шилжлүүлж байсан. Гэвч ажлын гүйцэтгэл дууссаны дараа нийт санхүүжилтийн үлдэгдэл болох нэг тэрбум 467 сая 453 мянган төгрөгийг шилжүүлээгүй өдийг хүрсэн. Хэдийгээр шүүхэд нэхэмжлэх гаргасан боловч хойрго хандаж байгаа учраас хоёр жил таван сар өнгөрлөө. Энэ хугацаанд бид мөн л нийгмийн даатгал, татвар хураамжийн өр үүссэн” гэлээ. Энэ мэтчилэн Капитал банк болон охин компанийн хохирогч олон бий гэдгийг тэд хэлж байна. Түүнчлэн эрх мэдэлдээ дулдуйдан бизнесийнхээ хохироож байгаа үйлдлээ эргэн харж хохирол барагдуулахыг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Нөгөөтэйгүүр хэдхэн хүний эрх ашгийн төлөө төр ажиллаж болохгүй гэдгийг сануулж байлаа.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ