У.Хүрэлсүх VS Д.Хаянхярваа

2018-11-13

Т.САЙХАН

Эрх баригч намд нэлээд гүн ан цав үүслээ.  Тэдний дотоод тэмцэл, эв нэгдлийн асуудлыг бараг яриад ч нэмэргүй болж байна.  Өчигдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын дарга М.Энхболд,  Хотын дарга С.Батболд, Бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг огцруулах асуудал хэлэлцэж, шийдвэр гаргасан.   Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь Хотын дарга С.Батболд, Бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг огцруулахыг дэмжсэн мэдээлэл байна.  Харин өнөөдөр /11.13/ МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх товтой байна.  Тэгвэл сая Төрийн ордонд Бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийж,  Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж эхэлж буй тухайгаа мэдэгдэв.   Ийнхүү МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа намын дарга,  Засгийн газрын тэргүүнийхээ эсрэг хөдөлж эхэллээ. Харин Ерөнхий сайдын энэ удаагийн улс төрийн тоглолтын бай нь УИХ дахь МАН болон,  Хотын дарга байжээ.  Ерөнхий сайд, МАН-ын дарга  У.Хүрэлсүх намын бүлгийн хурлын үеэр “ЖДҮХС-тай холбоотой хариуцлагын асуудлыг УИХ-ын чуулган дээр хэлэлцүүлэхэд зарчмын эсрэг байр суурийг удаа дараа мэдэгдэж ёс зүйн алдаа гаргасан. Мөн МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй тул МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа та ажлаа өг” гэсэн байдаг.  Харин сая Төрийн ордонд болсон мэдээллийн үеэр Д.Хаянхярваа “МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж гурван асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар бүлгийн дарга болох намайг мөн Хотын дарга С.Батболд, УИХ-ын дарга М.Энхболд нарыг огцруулах асуудлыг намын дарга У.Хүрэлсүхийн зүгээс хөндсөн. Бүлгийн дарга болон Хотын дарга С.Батболдыг огцруулах шийдвэрийг гаргасан. Харин УИХ-ын даргыг огцруулах асуудал тусдаа яригдах ёстой. ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийг чөлөөл. ЖДҮХС-аас авсан зээлээ банк, бус санхүүгийн байгууллага руу оруулж ард иргэдийг шулан мөлжсөн ийм үйл ажиллагаа явагдсан гэх яриаг шалгаж хуулийн байгууллагаар хариуцлага тооцох ёстой. ЖДҮХС-аас зээл авсан хүмүүс улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэдэг шаардлагыг би тавьсан. Намайг намын даргыг шүүмжилсэн мөн ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг хамгаалсангүй гэх хоёр шалтгаанаар огцруулж байгаагаа өчигдөр хуралдааны үеэр мэдэгдсэн. Би намын даргыг шүүмжилнэ. Нэг хүний дарангуйлалд байж болохгүй. У.Хүрэлсүх гэх хүнийг дарамталж болохгүй болсон. Шүүмжилсэн хүнийг утсаар залгаж болон бусад аргаар дарамталж байна. Нэг хүнийг тахин шүтдэг боллоо. Бид ийм дарангуйллыг бий болгох гэж 28 жил ажиллаагүй. Миний бүлгийн дарга байх эсэх нь чухал биш. Монгол улсын эрх ашиг чухал шүү. Шударга ёс манай улсад алдагдаж байна.  Хэрэв  миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол өөрийнхөө бланкан дээр Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулах болно гэдгээ өчигдөр мэдэгдсэ. Тиймээс энэ шударга бус үйл ажиллагаа явуулж буй У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг өнөөдрөөс хөндөж УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлж буйгаа мэдэгдэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх  шударга ёсыг тогтооно гэж албан тушаалд томилогдчихоод шударга бус зүйлтэй тэмцэж чадахгүй байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ