Д.Хаянхярваа:ЖДҮ-ийн зээлийг Засгийн газрыг унагасны шан харамжид авсан

2018-11-13

С.САРУУЛ

Өчигдөр /2018.11.12/ үдийн өмнөөс эхэлж хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал үдшийн 22:00 цаг хүртэл үргэлжилж хэд хэдэн шийдвэр гаргав. Хурал үдээс хойш 17:00 цагт завсарлахын өмнөхөн ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг дэмжиж, Хотын дарга Су.Батболдыг огцруулах, УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарт хариуцлага тооцох асуудлыг хөндөөд байсан юм. Мөн хэд хэдэн сайд хариуцлага тооцох асуудлыг ч сөхсөн байна. Харин хурал завсарлаад 18:00 цагт эргэж орсноор УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг бүлгийн даргын суудлаас огцруулах асуудлаар санал хураалтад Удирдах зөвлөлийн нийт 28 гишүүний 16 нь огцруулах санал өгчээ.

Хурлын дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа сэтгүүлчдэд тайлбарыг өгөхдөө “Зохион байгуулалттай бүлэг хулгайтай тэмцээч ээ гэж санал гаргасны төлөө намайг бүлгийн даргын суудлаас нь огцруулъя гэж Удирдах зөвлөлөөс шийдвэр гаргалаа. Олон түмэн үүнийг харж байгаа байх. ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг зохион байгуулалттай бүлэг хэрэг гэж үзэж байгаа. Өмнөх Засгийн газрыг унагаахаар үгсэн тохиролцсоныхоо шан харамжид авсан байх үндэстэй. Тийм учраас энэ саналыг би удаан тэвчиж байж өнөөдөр /2018.11.12/ холбогдох хүмүүст нь хариуцлага тооцооч гэдэг саналыг тавьсан.

Бүлгийн даргын ажлаа өгөхөд надад харамсах зүйл алга. Харин зохион байгуулалттай бүлэг хэргийг би цааш нь ил тод ард түмэнд хүргэнэ. Намайг бүлгийн даргаас огцруулахад хүргэсэн үндэслэл гэдэгт нэгдүгээрт ЖДҮ-ийг хамгаалсан, хоёрдугаарт бүлгийг хагалсан гэдэг шалтгааныг хэлж байна лээ. Бүлэг хагалсан гэдэг асуудлыг би огт ойлгоогүй. Бүлгийг хэн хагалсан бэ гэдгийг олон түмэн мэдэж байгаа” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ