Мал, амьтны сэг зэм устгах төхөөрөмж Монголд нийлүүлэхээр тохиролцов

2018-11-10

Д.ЭНХЭЭ

Новосибирскийн шинжилгээний “Сенгикс” компани мал, амьтны сэг зэм устгах тусгай төхөөрөмжийг Монголд нийлүүлэхээр тохиролцжээ. Новосибирскт болж байгаа инновац-хөрөнгө оруулалтын “Азийн уулзалт” XIV форумын хүрээнд холбогдох хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан хэмээн Новосибирскийн захирагчийн ажлын албаны аж үйлдвэр, инновац, хөрөнгө оруулалтын газрын дарга Александр Люлько өнгөрсөн баасан гарагт ТАСС агентлагт мэдээлжээ.

“Монгол-Оросын худалдааны танхим, Новосибирскийн шинжилгээний “Сенгикс” компани үхсэн малын сэг зэмийг дулааны аргаар устгах төхөөрөмж (инсинератор-крематор)-ийг нийлүүлэхээр тохиролцлоо” хэмээн Люлько өгүүлжээ.

Малын тоо толгой 70 саяд хүрч байгаа Монголын хувьд энэ бол онцгой чухал хэмээн тэрээр тайлбарлав. Нийлүүлэх хэмжээ, хугацааг хожим тохиролцох юм байна.

Лаос, Камбож, Энэтхэг, Хятадын төлөөлөгчид оролцсон Новосибирскийн инновац-хөрөнгө оруулалтын XIV форум арваннэгдүгээр сарын 8-9- нд Новосибирск хотноо болж өнгөрчээ. Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, инновацийн үйл ажиллагааг дэмжих, Сибирийн бүс нутгийн эдийн засгийн хүчин чадлыг сонирхох явдлыг дээшлүүлэх зорилгоор уг форумыг зохион байгуулдаг ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ