“УИХ гэмт хэрэгтнүүд  орж  нуугддаг хамгаалалтын газар болжээ”  

2018-11-10

Ардын парламент

Түрүүч нь Энэ УИХ чадамжгүй гэдгээ дахин баталлаа

“Ардын парламент” нэвтрүүлэг улс төрд үүсээд буй нөхцөл байдал, УИХ-ыг тараах  санал, түүний эргэн тойронд дахь олон нийтийн  байр суурийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн  бодлогын зөвлөх, Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МУИС-ийн Улс төр судлалын танхимийн багш, дэд профессор Ц.Батболд нар оролцсон юм. Тэдний байр суурийг тоймлон хүргэж байна.

 

Энэ УИХ-ын 50 хувь нь шинэ гишүүдээс бүрдсэн. Парламент  ямар байх ёстой вэ?

Ц.Батболд: Төрийн бүх механизм ажиллаж байж сая бүрэн болно

-Практик түүхээрээ парламент өөрөө энэ байдлыг гаргаад өгчихдөг. Нэг танхимтай бүх юмыг хялбарлчлах гэсэн систем төгс зүйлийг шаарддаг. Тэр нь  боломжгүй юм. Хоёр танхимтай парламентад төлөөлөгчийн танхим гэж байна. Тэнд янз бүрийн төлөөлөл байж болно. Энэ нь тухайн орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалж гарч ирдэг төлөөлөл юм. Байнгын ажиллагаатай танхим нь намаас сонгогдож гарч ирдэг, мэргэшсэн хүмүүс. Тийм хүмүүс намын нэрсийн жагсаалтаар гарч ирдэг тул нам нь нэрийг нь татаж, сольж болдог. Ерөнхий сайд нь огцруулж болдог. Тиймээс тэдгээр хүмүүс хариуцлагатай байж, намынхаа нэр хүндийг алдахгүй, ёс зүй, бодлогоо барина. Иргэдийнхээ асуудлыг шийднэ гэдэг нь төлөөлөгчийн танхимын хийж байдаг  ажил. Тэд ийм  хууль батлах уу  гэдэг нь нэг Ерөнхийлөгчийн хориг биш. Төлөөлөгчид батлахгүй бол ямар ч хууль гардаггүй. Төлөөлөгчид мөн иргэдийнхээ эрх ашигт нийцсэн хууль оруулж өгч хэлэлцүүлдэг. Энэ нь өөрөө төрийн ажилладаг механизм юм. Энэ машин гуравхан сая хүн амтай Монголд тохирохгүй, Монголд жижиг байх нь зүйтэй, хагасыг нь хасъя гэдэг буруу ойлголт байж болохгүй. Гурван сая байна уу, 300 сая хүнтэй байна уу, төрийн бүх механизм ажиллаж байж сая бүрэн ажилладаг.

Шинэ гишүүдийн тухайд  хувь хүний талаар  асууж байх шиг байна. Мэдээж, тэр гишүүдийн хувьд хуулийг хариуцлагатай хэлэлцэж, баталж байгаа гэж бодож байна. Тэд тодорхой түшинд суралцсан байх, гэхдээ сайн бэлтгэгдээгүй санагддаг.

Хувь хүний тухайд ямар ч хүн гишүүний байр сууриа дараагийн дөрвөн жилд хадгалчих юм сан гэж хүснэ. Тиймээс сайн дураараа огцорно гэдэг асуудал бараг боломжгүй. Дээр нь тойрог бүрт нь найман тэрбумыг өгчихлөө, жил бүр ингэж өгөөд байвал тэр бүр ч баталгаатай гарч ирэх байх л даа.

Н.Алтанхуяг: Жижиг 76 тойрог улсыг хөгжүүлэхгүй

-Би “Мордохын хазгай” гэж түрүүнд хэлсэн. Энэ Их хурал жижиг  76 тойрог болгож хувааж байж гарч ирсэн. 2008 онд С.Баяр МАН-ын дарга, Ерөнхий сайд байхдаа 76 жижиг тойрог улсын хөгжилд хортой байна гэсэн. Би тухайн үед АН-ын даргаар ажиллаж байсан. Жижиг тойргоор хуваах хортой, яагаад гэвэл 5-6 сумыг нэг тойрог болгочихож байгаа юм. Улсын төсөв яагаад тарамдаад байна гэвэл 76 жижиг тойрог руу гишүүд  нь татаж чангааснаас үүдэлтэй. Өмнө нь ч ийм байсан. Үүнийг засах талаар бид ярьж байгаад Сонгуулийн хуулийг өөрчилсөн. Ядаж том тойргоос гардаг байя, зургаан сумаас гардаг тойрог гэж юу байх вэ. Нэг аймгийг гурав хуваана гэдэг хэтэрхий байна гэж яриад нэг аймгаас нэг хүн сонгогдоё, 28 гишүүнийг жагсаалтаар гаргая гэсэн. Ингээд 2012 оны сонгуулиар  28 гишүүн тойрог гэж ярихгүй намын жагсаалтаар орж ирсэн. Манай Засгийн газрын үед ажил жаахан урагшаа явсан нь тойрог багассантай  холбоотой. Одоо хар л даа, зургаан сумын дундаас гарсан хүн яах юм бэ. Тэр рүү нь баахан мөнгө тавьж байна. Ингээд Монгол гэдэг айлын цуглуулсан мөнгө талаар нэг тарж байгаа. Тэгэхээр 2012 оны Сонгуулийн хуулийг  2016 оны өмнө тулгаж байгаад Ардын намынхан манай хэдэн нөхдүүдтэй нийлээд өөрчилсөн. Тэр юу болсон бэ гэвэл амиа бодсон явдал. Зургаан сумын дундаас би л гарах юм байна гээд шийдчихсэн. Тэр зургаан суманд хэн мөнгө хаяж чадсан нь гарна. Тэрийгээ сонгууль гэж яриад байгаа юм.  Сонгууль биш шүү дээ, тэр чинь. Хэн мөнгө их өгсөн нь л гарна. Одоо яагаад 76 тойрог руугаа баахан байшин, барилга барихаар яриад байна гэвэл, 2020 оны сонгуулийг зүүдэлчихсэн явцгааж байна. Энэ зургаан сумандаа жаахан юм хийгээд, тэгээд нэг л их юм ганцаараа хийчихсэн болж дахиад гарна гээд бодчихож. “Тойрог усалж байна” гэдэг нь энэ. Төсвийн мөнгөөр, ард түмний мөнгөөр тойргоо “усалж” байна. ЖДҮХС-гийн мөнгө  бол арай дэндүү. Энэ УИХ хэтэрхий байна. Нэг жишээ хэлье, гурван хувийн хүүтэй зээл авахад үнэхээр аж ахуй эрхэлж буй хүн болж байгаа юм. Одоо би үүнийг юу гэж харж, хардаж байна гэвэл, нэг тэрбумын зээл буюу 950 саяыг бүгд гурван хувийн хүүтэйгээр авсан байгаа юм. Гуравхан хувьтай шүү. Гэтэл банкны өнөөдөр явж байгаа зээл 20 хувийн хүүтэй байгаа. Тэгэхээр энэ хүн нэг жилийн дотор шууд 170 саяыг хийж байгаа биз дээ. Зүгээр сууж байгаад энэ мөнгийг хийчихэж байна. Ямар ч үйлдвэрлэл явуулах хэрэггүй байна шүү дээ. Нэг газраас өвөөд нөгөө газарт өгчихөж байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-гаас аваад хадгаламжид хийчихэд л 170 сая төгрөг. Зүгээр сууж байгаад энэ. Тэгэхээр энэ УИХ-ын мордохын хазгай нь “60 тэрбум”-ын асуудал, албан тушаалын наймаа. “60 тэрбум”-ын хэргээс болж алаан хядаан хүртэл гарлаа шүү дээ. Ийм  маш буруу юм руу явчихсан.

Н.Энхбаяр: Төр, засаг ард түмний хяналтад байх ёстой

-Өнөөдрийн Үндсэн хуульд тогтолцоо маш буруу байгаа. Шүүх засаглал, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал гэсэн гурван юм тэнцвэртэй байж нэг нэгнээ хянадаг. Нэг нь даварч, эсвэл хоёр эрх мэдэл нэг хүнд зэрэг очих гэх мэт дарангуйлал үүсэхээс сэргийлсэн байдаг. Гэтэл манай УИХ-ыг Үндсэн хуульд юу гэж бичсэн байдаг вэ гэвэл, төрийн эрх барих дээд байгууллага гээд дээр нь аваачаад залчихсан. Тэгээд дотроо ч дийлдэхгүй, тэндээс  Засгийн газар төрдөг. Би түрүүнд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг шүүмжилж байсан, одоо бол өрөвдөж байгаа. Аль ч Засгийн газар УИХ-даа тал засахгүй бол юу ч  чаддаггүй.  Өнөөдрийн УИХ тийм болгочихсон. Тэгээд УИХ-тайгаа 32 хүнээ хооллох гээд, нөгөө уурласан 32 бас яах бол гээд концесс өгөөд л, энд тэндээс хасаад л байна шүү дээ. Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би ЖДҮХС-гийн зээлийг мэдэхгүй байна” гэдэг нь үнэн хэрэгтээ бол мэдэхийн дээдээр мэдэж байгаа гэсэн үг. ЖДҮХС-гийн зээлийг Засгийн газартай шөргөөцөлдсөн хүмүүс л аваад байсан байгаа юм. Тэр нь юуг харуулж байна гэвэл, тогтолцоо буруу байгаагийн уршгаар ийм байдал үүсч байна. Ц.Батболд судлаач түрүүнд хэлж байна, үнэхээр УИХ хоёр танхимтай болох ёстой. Бид хоёр жил ярьж байна, Дээд хууль гэж нэрлэсэн  шинэ Үндсэн хуулийн төсөл болосвруулж ард түмэндээ танилцуулж, сурталчилж, санал авч хэлэлцүүлэг өрнүүлж яваа. Байнгын ажиллагаатай парламентад яаж сонгож, сонгогдох вэ гэвэл, намын зарчмаар сонгогдсон мэргэжлийн хүмүүс ажиллана. Ардын их хуралдай буюу төлөөлөгчийн танхимд бидний бодож байгаагаар сум, сумаас нэг хүн, тэр нь бөх байна уу, уяач байна уу хамаагүй. Заавал бөх, уяач гэсэн юм биш шүү, ер нь бол нутгийнхаа төлөө зүтгэж байгаа, байнгын ажиллагаатай парламентад хяналт тавьж ажиллах төлөөлөгчид бүрдэх юм. Төр, засаг бол ард түмний хяналтан дунд байх ёстой. Төр, засаг ард түмний дундаас төрөх ёстой. Төрийн бүх салаа мөчир нь ард түмнээс төрөх ёстой юм.

Тиймээс би бодохдоо Ерөнхийлөгч төр, засгийг тэргүүлээд ард түмнээсээ сонгож  Засгийн газраа байгуулаад явдаг. Ард түмнээсээ сонгогдсон Их хурал, Ардын Их Хурал, шүүх  ажилладаг, түүнийгээ хянадаг байх нь чухал юм. Хамгийн гол зүйл бол хүний эрх, эрх чөлөө. Одоо бизнес хийж буй хүмүүсийг эд нар үнэхээр дарлаж байна. Саяхан арабууд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд очоод  хун шувууг буудчихсан. Монголчууд “Та нар цагаан шонхор барьж авах гэж байгаад манай хун шувууг буудчихлаа. Та нар буцацгаа” гэхэд өөдөөс нь “Энэ монгол залуу юу гээд байна вэ, энийг би  худалдаж авъя.  Танай  Үндсэн хуулийг  би судалсан, мал сүргээ хамгаалдаг болохоос хүнээ хамгаалдаггүй шүү дээ” гэсэн байна. Энэ тогтолцооны гажуудал. Иймээс УИХ өөрөө тогтолцооны гажуудлыг олж харж, АН, МАН-ын нөхдүүд, Ерөнхийлөгч бүгд хамтраад , мань мэтийг дуудвал би очоод ярьж болох юм, ингээд бүгд тал талаас ярилцаад тогтолцоогоо засч авбал яасан юм бэ. Тэгэх юм бол УИХ-ын гишүүд ч  ийм байдалтай байхгүй. Тогтолцоо зөв эрүүл саруул болчихвол бүх зүйл зөв болно.

-Ардын нам 2016 оны сонгуулийн өмнө Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэж ярьж байсан бол сонгуулийн дараа “Сонгодог парламент хэрэгтэй” гэх болсон. Ерөнхийлөгчийн өнөөдрийн нийгэмд үзүүлэх эрх ,үүрэг ямар байна вэ. Хариуцлагагүй УИХ, Засгийн газар хариуцлагын талаар ярих нь хүчгүйдэж байна гэдэгтэй санал нийлэх үү?

-Н.Алтанхуяг:

-Бид шинэ Үндсэн хууль батлаад 26 жил болж байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгч нь Үндсэн хуулиар олгогдсон заалтыг хэрэглэх нөхцөл үүсээгүй. Одоо арга байхгүй, үг хэлээд ч нэмэргүй нөхцөл байдал үүссэн учраас эрхээ эдэлж “УИХ-ыг тараах асуудлаар зөвшилцөх” саналыг дэвшүүлсэн. Ерөнхийлөгч эрхээ эдэлж байна. Би үүнийг олон хүн дэмжих байх гэж бодож байгаа. Энэ Их хурал тарах, тарахгүй асуудал биш. Та нар ажлаа хийж чадахгүй байна, та бүхэн ард түмнийг төлөөлж чадахаа больсон байна. Зөвхөн өөрсдийн төлөө, амин хувийнхаа төлөө, өөрийн ойр тойрныхны төлөө л ажилладаг ийм хүмүүс болчихсон байна. Одоо та нар буу гэж Ерөнхийлөгч хэлээд байгаа юм, ард түмэн ч хэлээд байна. Энэ удах тусмаа улс орны хөгжил, ард түмний амьдрал улам уруудан доройтно. Манай Засгийн газрын үед шатахуун дээр л гэхэд үнэ тогтворжуулах талаар ярьж, үнийг харьцангуй барьж байсан. Бас үнийг буулгаж үзсэн. Одоо байнга савлаж байна. Тэр чинь хэдхэн комдани л байдаг шүү дээ. Тэдэнд УИХ-ын хэдэн гишүүн нөлөөлнө. Эсвэл Засгийн газар нөлөөлнө. Бас нэг зүйлийг хэлэхэд, УИХ-д 65 гишүүнтэй бүлэг гэж байгаа юм уу. Бүлэглэлүүд бий болчихож. Хүн харахад 65 хүнтэй. Тэр бүлэглэлүүд зээл хувааж авахаас өөр юм хийхгүй байна шүү дээ. Одоо ард иргэд бүгд харж байгаа, ил тодын ертөнц дэлгээтэй болж, сошиал бий болсон учраас муу муухай бүхэн даравч далдайж, булавч бултайж байна шүү дээ. Тэгээд ч хоорондоо бас хөлөө жийлцэж байх шиг байна. Чи намайг огцруулсан юм чинь, би чамайг огцруулна, тэгвэл тэгнэ гээл муу муухай юм нь гарч олон нийтэд ил тод болж байна. Ийм ил тод болсон юман дээр “манай Их хурал чадамжтай байгаа” гэж хэлэх УИХ-ын гишүүн байж болох уу? Тэр хүн өөртөө л ярьж байна, түүнээс ард түмнээс тасарчихсан байна. Үүнийг “вакумжсан байна” гэж хэлдэг. Тэгээд очоод тойрог дээрээ уулзалт хийхдээ “Би энд чинь соёлын төв, тэнд чинь тийм юм барьж байгаа. Танай зургаан сум ингэж байна” гэдэг. Ийм байдлаар улсыг авч явна гэж бодож байх шиг байна. Тиймээс нэг өдрийн өмнө ч гэсэн Их хурал тарвал, Монголын ард түмэнд буян болно. Тогтолцооны хувьд  би тусад нь ярих ёстой гэж үздэг. Одоо яривал бантан хутгана. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах саналаа Үндсэн хуулийн дагуу тавингуут “Энэ нөхөр Ерөнхийлөгчийн засаглал тогтоох гэж байна” гэцгээх юм. Тогтолцоо яриад эхлэхээр тийшээ ороод байгаа юм. Тиймээс одоогийн  Ерөнхийлөгч  бол Үндсэн хууль дээр гараа тавиад “Би Үндсэн хуулийн хүрээнд ажиллана” гэдгээ тангарагласан хүн. Гэтэл яаж саармагжуулж байна гэвэл, УИХ тарах тухай, болохгүй байгааг нь ярихаар нь  “Энэ нөхөр Ерөнхийлөгчийн засаглал тогтоох гэж тогтолцоо ярьж байна” гэж мушгиж, гүтгэж байна. Тиймээс бид тогтолцооны талаар ярихгүй байгаа.

Н.Энхбаяр:

-Тийм учраас Н.Алтанхуяг дарга их болгоомжтой ярьж байх шиг байна. Ерөнхийлөгч намрын чуулганы нээлтэд  хэлсэн үгэндээ энэ тогтолцооны гажуудлын талаар дурдсан. Байгаа байдлыг л хэлсэн. Гэхдээ бид  Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгчийн засаглалтай болох гэж хэлж байна гэж ойлгоогүй, тэр утгаар  хүлээж аваагүй. Тогтолцоогоо засъя гэдэг эрүүл саруул санал юм байна. Тэгвэл бидэнд ч бас ийм санал байна гэдгээ л илэрхийлж, ярьж яваа.

-2016 оны сонгуулийн амлалтууд хэр хэрэгжиж байна вэ гэдэгт та бүхэн ямар саналтай байна вэ?

Н.Энхбаяр:

-Ардчиллын алтан зарчим нь ам, ажил хоёр нэг байх ёстой. Энэ алдагдах, эвдрэх юм бол ардчилал байхгүй. Ардчилсан гэсэн нэртэй нам байж болно, эсвэл хүн байж болно, улс байж болно, иргэний нийгэм байж болно. Гэхдээ ам, ажил хоёр зөрөхөөр ардчилал биш завхрал, эсвэл хээл хахууль, авлигал, дарангуйлал, өөр ямар нэгэн гаж буруу зүйл үүсчихэж байгаа юм. 2016 онд байгуулагдсан УИХ –ыг би нэвтрүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ дурдсан, амласнаасаа эсрэг явсан гэж. Тиймээс ам, ажил зөрсөн. Дүнг нь тавибал, ард түмнийхээ итгэлийг эвдчихсэн ийм л Их хурал гэж дүгнэж байгаа. Нөгөө талаар, одоо УИХ-ын гишүүд маань ард түмнээ хуурч, дандаа юм мэдэхгүй хүмүүс сонсч байгаа юм шигээр ярихаа болих хэрэгтэй. Бүгд мэдэж байгаа шүү дээ, гишүүд, дарга нар дээгүүрээ орж байгаад аймгийн Засаг даргыг тавиулдаг, тэрний хүн, энэний хүн гэж ярьдаг. Тэгээд орон нутаг дээрээ төсөв тавиулж аваад тэр даргатайгаа хамтраад юм хийдэг. Мөнгө өгөөд миний тэр саналыг тэгж оруул гэдэг. Тэгээд эхийг нь тураахгүй, тугалыг нь ч тураахгүй гэгчээр хүн болгон дээр найман тэрбум төгрөг тавьдаг. Хэрэг дээрээ зарим тойрогт 80 тэрбум ч шаардагдаж мэднэ. Зарим нь шаардлагагүй байж ч болно. Гэтэл бүгдэд нь тэгшитгээд найман тэрбум төгрөг тавьчихсан. Тэр мөнгөөр 76 өөрсдийгөө бэхжүүлэх гэж байна. Ардын намынхан ингэж улайрч байгаа бол Ардчилсан намынхан арай болгоомжтой хандаж, бид тэр найман тэрбумыг авахгүй гэж хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Манай намаас сонгогдсон нэг гишүүн бий. Тэр бас тэгж хэлж чадах болов уу гэж бодож байна. Өөр нам бус иргэний хөдөлгөөнөөс бие дааж сонгогдсон нэг хүн бий, тэр бас тэгж хэлж чадах байх гэж бодож байна. Тэгэхээр Ерөнхийлөгч төсөвт хориг тавьчихвал магадгүй ийм байдлаар төсвийг дахин эргэж харах, найман тэрбумыг тэглэээр шийдэж ч магадгүй. Ер нь бол найман тэрбум төгрөгөөр дөрвөн жил тойргоо “усалсан” хүнтэй ямар ч аавын хүү очоод нэмэргүй шүү дээ. Тэгэхээр төсвөөр дамжуулж сонгуулийн үр дүнг улайм цайм шийдчихсэн нэг нам байхад сонгууль ямар ч утгагүй болж байгаа юм. Иймээс ард түмэн төр засгийн эрхийг барьдаг зарчим  ч үгүйсгэгдэж , Монгол Улс ардчилсан улс биш болж байна.

Н.Алтанхуяг:

-Саяын улсын төсөв дээр Ерөнхийлөгч анхны хэлэлцүүлэг дээр нь орж үгээ хэлсэн. Яагаад тэгсэн бэ гэвэл, хоёр дахь хэлэлцүүлэг рүү орчихвол зарим нь өөрчлөхөд хэцүү болчих байх, асуудал хоцорчих байх гэж үзсэн. Тиймээс эхэн дээр нь саналаа хэлье гэсэн. УИХ сонсоод бас алдаагаа засч, цэгцлэх  байх гэсэн. Гэтэл байхгүй. Түрүүчийн хэлсэнчлэн “Илжигний чихэнд ус ч хийсэн, алт ч хийсэн сэгсэрнэ” гэгчээр яаж ийж байгаад нөгөөхөө батлаад гаргачихаж байгаа юм. Харин ч тойрог дээр яригдаж байсан мөнгөнүүдээ нэмээд, нэмээд баталчихсан. Дахиад “Мордохын хазгай” гэдэг үгийг хэлье.  2016 оны сонгуульд Ардын нам ялж, мөрийн хөтөлбөр, намын дарга, Ерөнхий сайд гэдэг ойлголт алга болсон. М.Энхболд гэдэг намын даргатайгаар энэ нам сонгуульд орсон. Тэгээд баахан юм амласан. Гэтэл сонгуулиар гарч ирчихээд М.Энхболд нь Ерөнхий сайд хийгээгүй. Хаа байна вэ, намын утга учир. Намаа удирдаж сонгуульд ороод, бид гараад ийм юм хийнэ гэж баахан үймүүлж амлачихаад, өөрөө Ерөнхий сайд хийлгүй УИХ-ын даргын зөөлөн суудал руу очоод суучихсан. Тэр нь юуны бэлтгэл байсан юм бэ гэвэл Ерөнхийлөгч болох бэлтгэл байсан. Яагаад тэгж байгаа юм бэ. Ер нь бол Ерөнхий сайд их муу хэлүүлнэ, тэгэхээр энэ ажлыг хийгээд явбал Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө миний нэр хүндэд сэв суучихна гэж үзэж, тэгээд зөөлөн суудалд очоод суучихсан. Тэгээд яасан бэ, тоглоомын хүнийг Ерөнхий сайдын суудалд аваачиж суулгасан. Ингэж Монголын төрөөр тоглохоо болиоч. Тэгээд тоглоомын хүнээ жил хэртэй ажиллуулаад “Энэ ер нь болохгүй нөхөр байна. Бид болохгүй хүнийг тавьчихсан юм байна” гээд солиод өөр хүнийг тавьсан. Ингэхээр яаж зөв байх юм бэ. Дээр нь 76 жижиг тойрог болсон нь намын утга учрыг бас алдагдуулж байгаа юм. Энэ нууц биш, мөнгө төгрөгөөр гарч ирсэн гишүүн намдаа хэлж байгаа шүү дээ, “Би танай намд нэг суудал авчирч өгч байгаа юм биш үү” гэж. Тэгэхээр Сонгуулийн хууль гэдэг чинь 76 жижиг тойрогтой байгаа нөхцөлд ямар ч нам байгаад нэмэргүй. Тэр тусмаа М.Энхболд намын дарга байгаад сонгуульд орчихоод Ерөнхий сайдаасаа зугтаад явчихаар сонгуульд орох ямар хэрэг байгаа юм бэ. Нам ялахын хэрэг юу байгаа юм бэ. Намын дарга нь амласнаа хийхгүй юм бол бүгд худал болно шүү дээ. Ингээд Ардын намынхан бүгд амилалтаа мартсан. Бүгд амлалтынхаа эсрэг юм хийсэн. Одоо У.Хүрэлсүх ч гэсэн буруу юм яриад сууж байна. “Өө тэр надад хамаагүй. Дэлхийн зах зээл жамаараа явна” ч гэх шиг. Жамаараа явна гэж юу гэсэн үг вэ. Тэр чинь 3-4-хөн компани үгсэн хуйвалдаад үнээ нэмчихдэг л асуудал шүү дээ. Манай Засгийн газар шатахууны үнийн хөөрөгдлийг зогсоож чадсан. “Боль, болохгүй. Наад бензиний үнэ чинь нэмэгдэхээр хамаг юмны үнэ хөдөлнө” гэдгийг бид хатуу хэлж, зогсоож болж байсан. Үнэхээр үнэ өсөөд манайд ийм болов уу гэтэл тийм биш. Яагаад ганц ОХУ, яагаад ганц Роснефть” гэдэг компаниас манайх шатахуун авч амьдардаг юм бэ. Манай Засгийн газрын үед ОХУ, тэр дотроо өөр өөр компаниуд, БНХАУ-аас авах асуудал ярьсан. Манайх газрын тосоо нийлүүлдэг шүү дээ, БНХАУ-д бүтээгдэхүүн хуваах гэрээгээр. Тэгвэл өөрийн мэдлийн хувь дээр бензин авч яагаад болохгүй гэж. Ингэж бид “Монгол-93” гэдэг бензинийг гаргасан шүү дээ. Дахиад БНСУ-аас оруулж ирэх боломжийг нээсэн. Ингэж нэг хүнээс, нэг компаниас хамаардаг  биш олон газраас авбал хангалт сайжирдаг, үнэ хямдардаг. Юманд чинь  мянган арга байна шүү дээ. Казахстанаас ч бензин авч болно, хайгаад байвал бүх юм болно. Тэр байтугай түүхий нефть аваазд урд нэрүүлээд оруулж ирж болно. “Амьд хүн аргатай, аргалын гал цогтой” гэж үг бий. Манайханд сэтгэл алга.

Ц.Батболд:

Манай улс Ерөнхийлөгчийн институттэй. Зарим тохиолдолд үүнийгээ  холимог парламент гэж нэрлээд байдаг. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй гэдэг. Энэ нь XIX зууны хаант засгийн хэлбэр. Тэр үед хаан нь улс орны эцэг байлаа, бүх зүйлд санаа нь зовдог. Тэгээд Засгийн газарт ч, парламентад ч оролцож байдаг, шүүхэд ч томилгоо хийж байдаг, санаа нь зовоод тар гэж хэлдэг байсан байна шүү дээ. Тэр тогтолцоо болохгүй болсоор байгаад сүүлдээ хязгаарлагдсаар хаан билэг тэмдгийн болоод дууссан. Тэр тогтолцоог бид дамжаад явж байна. Үзэж байж сайн мууг нь мэдэх ёстой юм байлгүй. Энэ өнцгөөс юу гэж хэлэх вэ гэвэл, Ерөнхийлөгч тэнд оролцоогүй, парламент хоёр танхимтай байсан бол ямар ч хууль төлөөлөгчийн танхиымн зөвшөөрөлгүйгээр  батлагдахгүй. Тэгэхэд Ерөнхийлөгч нэг удаа хориг тавиад алддаг, ерөөсөө л тэр. Заримдаа ч хориг тавьж чадахгүй алддаг. Тэгвэл, хоёр танхимтай парламенттай бол төлөөлөгчийн  танхимаар хэлэлцэгдэж байж шүүгч томилогдоно уу болохоос шууд томилогдохгүй. Хуучин бол хаан томилдог байлаа. Хаан нь өөрийн ойр тойрны, шадар хүмүүсээ томилчихдог байлаа. Үүнийг ярихгүйгээр бид тогтолцооны талаар ярих боломжгүй. Сонгуулийн тухайд энэ бол улс төрийн тоглоомын дүрэм. Энгийнээр яривал Сонгуулийн ямар хууль байна,  тийм сонгууль болно. Мажоритар тогтолцоог дэмжсэн  хуультай учраас Монголын баялаг төвлөрөхгүй байгаа. Аль ч улс орон, айл гэрт ч баялаг буюу орлого байна, түүнийгээ бодлогоор зохицуулах ёстой. Тогтмол зардлаа яаж барьж байх вэ, хувьсах зардлаа яах вэ, асуудал. Гэтэл тэр баялаг 76 тийш шууд цацагдаж байгаа. Энэ 28 жилд цацагдсан, энэ бүхнийг яривал гурван Оюутолгойг барих хэмжээний хөрөнгө цацагдсан. Тэгэхээр тоглоомын дүрэм буруу байна. Иймд мажориатр, порпорциональ, холимог юм уу ийм тогтолцоог хийж өгч байж дүрэм зөв болно. Дүрэм зөв болчихвол улс төр зөв замаар явна.

Н.Энхбаяр:

-АНУ  Ерөнхийлөгчийн засаглалтай. Энэ дарангуйлал гэж хэлж буй юм биш шүү. Засгийн газрыг хэн төрүүлж байгаагаас бүх зүйл болдог. Засгийн газрыг парламент төрүүлж байгаа бол парламентын засаглал, Засгийн газрыг Ерөнхийлөгч толгойлж байвал Ерөнхийлөгчийн засаглал гэж ярьж байгаа болохоос дарангуйлал, дарангуйлагч гэж байгаа юм биш. Англид бол Ерөнхийлөгч нь парламентаа тараадаг, сайдаа өөрөө томилдог. Тэгэхээр Ерөнхийлөгч  Х.Баттулга дарангуйлагч, Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь гэсэн ийм худал ойлголтыг өгөхөө болих хэрэгтэй юм. . Хэн ямар эрхтэй гэдгээрээ хязгаарлагдана. Ерөнхийлөгч Засгийн газрыг тэргүүлбэл Ерөнхийлөгчийн засаглал. Тэгэхдээ давуу тал нь ард түмэн шууд Засгийн газартайгаа харилцана. Бид дундаасаа чамайг Ерөнхийлөгчөөр сонголоо, чи Засгийн газрыг тэргүүлнэ, сайдаа томилно, чадахгүй бол огцруулна. Парламент бол хууль тогтоох ажлаа л хий, битгий давхар дээл өмсөөд бай. УИХ-ын гишүүн болоод, дараа нь сайд болоод явдгаа боль. Ингэж парламент, Засгийн газар хоёрыг салгаж өгч байгаа юм, Ерөнхийлөгчийн засаглал.

Ийм байдлаар бид ярилцахгүй бол . 1992 оныхоо буруу ойлголтоор яваад байж  таарахгүй.  Үндсэн хууль баталж байхад хэсэг хүн бие биеэ айлгасан байгаа юм, Ю.Цэдэнбал дарга шиг, маршал Х.Чойбалсан шиг нэг дарангуйлагч бий болчихвол яана вэ гээд хууль баталсан. Хэний  төрүүлсэн Засгийн газар  байна вэ гэдгээр засаглалын хэлбэрийг ярьдаг гэдгийг ойлгохгүй, Ерөнхийлөгч болчихоор аймаар амьтан гарчихна гэвэл үгүй. Дээр нь шүүхийн томилгоог 1992 оноос өмнө ард түмэн л сонгож байсан, ингэж болно шүү дээ. Ард түмэн сонгож болно. АНУ-д ч гэсэн шүүх, прокурорыг ард түмэн нь сонгож байна. Яагаад тэрийг заавал Ерөнхийлөгч томилох ёстой юм бэ. Эсвэл  яагаад парламент сонгох ёстой  юм бэ. Томилгооны цаана заавал авлига, хээл хахууль, дарамт шахалт, даалгавар байна. Би тэр даалгаврын золиос болсон хүн учраас сайн мэднэ. Н.Алтанхуяг зөвлөх ч гэсэн тэр даалгаврын золиос болсон хүний хувьд  мэднэ байх. Шүүгч, прокурор томилогдсон  нөхцөлд заавал даалгавар биелүүлнэ. Сонгосон нөхцөлд шударга талд зогсоно. Засгийн эрхийг  ард түмэн барьдаг юм бол гурвууланг нь яагаад ард түмэн төрүүлж болдоггүй юм бэ. Яагаад парламентыг ард түмэн төрүүлээд бусдыг нь парламентаас эсвэл хаанаас ч юм бэ томилоод байдаг юм бэ. Ард түмэн засгийн эрхийг гартаа байнга барина гэдэг зарчим энд алдагдаад байна. Одоогийн Үндсэн хуульд энэ алдагдсан, бүх юм гажуудчихсан. Энэ асуудлыг ярихаас өөр аргагүй, яриад бүгдээрээ шийдье. АН-ын нөхдүүд ээ, МАН-ын нөхдүүд ээ гэж бид хэлээд байгаа. Бусад намууд оролцооч, эрдэмтэн, судлаачид, багш нар маань оролцооч. Бид  та бүгдийг сонсмоор байна, ярилцмаар байна. Эцэст нь хэлэхэд, УИХ ерөөсөө чадамжгүй болчихжээ. Тэгэхээр одоо ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой, өөр янз бүрийн асуудалд хутгалдсан гишүүд өөрсдийгөө шалгуулах хэрэгтэй. Тэр хүртлээ түдгэлзэх хэрэгтэй. Эсвэл прокурор үнэхээр шударга ажилладаг юм бол тэр хүмүүсийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирэх хэрэгтэй. УИХ энэ дээр “түдгэлзэнэ” гэсэн шийдвэрийг гаргах хэрэгтэй. 40 гаруй хүн ямар нэгэн байдлаар асуудалд холбогдсон бол УИХ чадамжгүй гэдэг нь ойлгомжтой юм. Үүнийг бодоод, хэн нэгэн хүн төр, засгийг үймүүлэх гээд байгаа юм шиг, эсвэл ганц нэг буруу юм хийсэн нь явна биз, би юуг буру хийсэн юм бэ ч гэх шиг хандаж болохгүй. УИХ 39-үүлээ байж хуралдана, түүнээс хуралдаж чадахгүй. Ер нь бол ардчилсан орнууд хямралаас гарах зөв аргуудыг олчихсон байна. Тараад дахиад ард түмнээсээ сонгогддог. Хямрал тэгж дуусдаг. Манайхан “Төр тогтвортой байх ёстой” гэсэн худал үгээр тархи угааж, хямралыг улам гүнзгийрүүлж, ард түмнээ туйлдуулж байна. Ингэх хэрэггүй. Энэ маш хортой. Энэ бол төрийг жинхэнэ хямрааж, улс орныг хөгжлөөс ухрааж байгаа гаж үзэгдэл.

-УИХ ард түмнээс сонгогддог. Гэтэл сонгосон ард түмэн нь яагаад  эргүүлэн татах эрхээ эдэлж чаддаггүй вэ?

Ц.Батболд:

-Сонголт бол хариуцлага. Жишээ  нь, та машинаа зарчихаад маргааш үнэ өсчихлөө  наймаа буцъя гэхгүй. Энэ хариуцлага. Тиймээс байнгын ажиллагаатай парламентад мэргэжлийн хүмүүсийг намынх нь нэрсийн жагсаалтаар хувь тэнцүүлж оруулдаг. Тэднийг огцруулдаг, хуулийг нь гаргуулдаг. Сонгогдсон төлөөлөл дөрвөн жилдээ сонгосон олонх нь байгаа  учраас байж л байна гэсэн үг. Манайх энэ бүх зарчмаа алдагдуулж, бантан хутгасан учраас буцаах тухай ярьж байгаа хэрэг. Парламентын тухайд гишүүнийг эргүүлэн татах хууль бий. Харамсалтай нь  тэр хуульд “….үйлдэл дээрээ баригдсан бол” гэж  заасан байдаг. Тэд үйлдэл дээрээ баригдахгүй. Тиймээс манай УИХ гэмт хэрэгтнүүдийн нуугдаж ордог хамгаалалтын газар болж хувирсан. Бүрэн эрхийг нь түдгэлүүлэхгүй бол цагдах, мөрдөх ажиллагаа хийгдэхгүй.

Н.Энхбаяр:

-Энд халдашгүй дархан байдал гэдэг буруу ойлголт гаргачихсан. Уг нь халдашгүй дархан байдал гэдэг нь УИХ-ын гишүүн итгэл, үнэмшлээрээ үг хэлэхэд нь тэрнийх нь төлөө тэр хүнийг мөрдөн мөшгиж, хавчин хяхаж болохгүй гэсэн утгаар халдашгүй дархан байдал гэдгийг оруулсан. Гэмт хэрэг хийсэн тохиолдолд халдашгүй дархан байдал байх ёсгүй. Гэтэл Ц.Батболд судлаачийн хэлснээр газар дээр нь шүүгч, цагдаа, мөрдөн байцаагчийн хүлээгээд, бүгдийг нь дуудаад, ирэхээр нь гэмт хэргээ хийнгүүт гурван талаас нь орж барьж аваад эрхийг нь түдгэлзүүлдэг юм байхгүй л дээ. Ийм  юм гэж  хаа байх вэ. Халдашгүй дархан байдал гэдгийг буруугаар ойлгож , буруу томъёолоод гэмт хэрэг хийсэн хүнийг халдашгүй дархан байдлаас нь салгахгүй гэсэн байдлаар хамгаалаад  байна. Ингээд энэ УИХ гэмт хэрэг хийсэн байж болзошгүй хүмүүсийн үүр уурхай болж нэр хүндээ алдаад сууж байна. Засгийн газар нь ч ажиллаж чадахгүй, байнгын шантаажтай байгаа. Тэгэхээр тогтолцоо огт болохгүй байна шүү дээ. Алийн болгон ингэж явах вэ, засах хэрэгтэй. 26 жилийн түүхэнд анх удаа Ерөнхийлөгч Х.Баттулга энэ байдлыг болохгүй байна гэдгийг хэлж, УИХ-ыг тараая гэсэн санал тавилаа гэж байна шүү дээ. Үүнийг  эрх мэдлээ хэтрүүлсэн, Ерөнхийлөгчийн засаглал тогтоох нь гэж муухайгаар харахаас илүүтэй хямралт байдлаас гарах гарц гэж үзэж хүлээж аваад сонгуулиа зарлачихвал яасан юм бэ. Ард түмэн ч сэтгэл хангалуун, дараачийн хүмүүсээс шаардах юмаа шаардаад явж болно шүү дээ. Энэ маш амархан гарц.

Н.Алтанхуяг:

-Бусад улс орон механизмаа хийчихсэн. Ерөнхий сайд нь болохгүй бол парламентаа тараачихдаг, хугацаанаас нь өмнө. Тэгээд дахин сонгууль зарладаг. Энэ чинь мухардлаас гарч байгаа, болохгүй байгаа юмнаас гарч байгаа гарц байхгүй юу. Ер нь Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах тухай санал дэвшүүлж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгааг гуйвуулж, мушгих хэрэггүй юм. Энэ бол тараах гээд байгаа хэрэг биш. Бидэнд ийм гарц байна, энэ УИХ цааш байх тусмаа болохгүй нь ээ. Засаг нь солигдоод солигдоод болохгүй нь ээ, яагаад гэвэл өвчин нь УИХ дотор байна. Тиймээс хугацаанаас нь өмнө тараая  гэж байна. Энэ бол гарц.

Н.Энхбаяр:

-Ардын намынхан ч, Ардчилсан намынхан ч ямар нэг асуудалд холбогдсон хүн байх аваас нэр дэвшүүлэхгүй  гэдгээ зарлах хэрэгтэй. Тэгвэл намынх нь нэр хүнд өснө. Би хөдөө, гадаа их явах юм. Намын гишүүн хүнтэй ч, жирийн малчинтай ч уулздаг. Аль ч намынхан уулзаж ярилцдаг. Тэд дээр очсон хүмүүсээ ичих нүүрээ элгэндээ наасан гэж шүүмжилж байна. Мөн энэ байдлаас яаж гарах вэ гэж санаа зовсон байдалтай байдаг. Тэгэхээр энэ бол гарц юм. Хямралт байдлыг аль болох богино хугацаанд амархан шийдэх боломж. УИХ-ын бүрэн эрх дараагийн УИХ тангараг өргөснөөр дуусна гэж бий. Тэгэхээр  ЖДҮХС-гийн зээл болон ямар нэг асуудалтай холбоотой гишүүн нэр дэвших эрхгүйгээр сонгууль болбол бүх асуудал цэгцэрнэ. УИХ тарвал Ерөнхийлөгч ганцаараа ажиллана гэж нэг сайт бичсэн байна лээ. Тэр худал. УИХ-ын бүрэн эрх дараагийн УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно. Засгийн газар  ч ажиллаж л байна. Ингээд дараагийн сонгуульд олонхийн санал авсан нам Засгийн газраа байгуулна. Тэр бүхэн хуулиараа зохицуулагдана.

Ц.Батболд:

-Порпорциональ тогтолцоонд УИХ-ыг татан буулгалаа ч гэсэн намуудын хувь, сонголт нь хэвээр байдаг. Тиймээс сонгууль явагддаггүй. Ийм байх боломжтой. Манайд хэцүү. Бусад улс оронд засаглалын хэдэн хувь, хэдэн аблан тушаалтан л солигдох асуудал. Гэтэл манайд баг, хороо, улс даяараа улстөрждөг. Бүгд аблан тушаалын солиа халаа болж замардаг. Энэ аюулыг бодоод хүмүүс  “За яршиг 2020 оныг хүлээе” гэсэн хандлага ажиглагддаг. Үүнийг  салгах ёстой юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, массыг намаас салгах ёстой юм. Нсанд хүрсэн сонгууль өгөх эрхтэй хүмүүсийн нэрсийн жагсаалтад намын хувийг авч үзэхэд 4.5 гэсэн тоо гардаг. Монголд энэ  нь 25, БНХАУ-д 15 хувьтай байдаг. Бид дэндүү улстөржсөн хэцүү ард түмэн. Үүнээс салахгүй бол болохгүй.

Н.Энхбаяр:

-ЖДҮ-ээр амьдралаа авч яваа эмэгтэйчүүд, залуусыг үнэхээр өрөвдөж байна. Тэд гурван хувийн хүүтэй зээл битгий хэл 10 сая төгрөгийн зээл авч чадахгүй байгаагаа ярьж байна лээ. Хөдөө явж байхад зарим хүн “Энэ одоо юу гэсэн үг вэ”, “Юу болж байна вэ”. “Бидний бизнесийн зээл ийм байсан юм уу”  гэж гайхаж байсан.  Энэ байдлыг яаралтай засах хэрэгтэй. Энэ сангуудыг тусад нь статустай, хууль дүрэмтэй болгож өөрчлөх хэрэгтэй. Зөвхөн  ЖДҮХС гэхэд л  ийм их  дуулиан тарьж байна. Бусад 20 гаруй сан бий. Хөдөө аж ахуй, нийгмийн хамгаалалтай холбоотой сангууд бий. Тэнд юу болж байгаа бол. Шалгавал юу гарч ирэх бол. Үнэхээр төрөө цэвэрлэе гэж байгаа бол бүх санг шалгах ёстой. Тэнд  алдаа дутагдал гарсан бол  олж илрүүлэх хэрэгтэй. Төрийн тогтолцоогоо боловсронгуй болгохын тулд бид ярилцах ёстой. Дахин урихад, МАН, АН-ын гишүүд,  эрдэмтэн судлаач, багш нарыг манай нам урьж байна, энэ сэдвээр ярилцая. Ард түмнээ жаргаая. 26 жил ард түмэн минь зовж ирлээ.

Н.Алтанхуяг:

-Би Үндсэн хуулийн нэг заалтыг уншъя. “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Гэтэл УИХ-ын гишүүд үүнийг хэрэгжүүлж байна уу. Бод доо. Энэ заалт хэрэгжиж байна уу, үгүй юу. Их хурлын гишүүд хэний төлөө юу хийгээд, юу бодоод, ямар гээчийн хулгай дээрэм хийгээд суугаад байна вэ. Тиймээс УИХ тарна гэдэг бол хямрал болж байгаа хэрэг биш, бид дахиад өөр байдлаар УИХ-ыг бүрдүүлж, дахиад өөр байдлаар амьдрах гээд үзье. 76 хүнээр Монгол дуусчихгүй. Тиймээс Үндсэн хууль дээр бичсэн УИХ-ын гишүүн гэж хэн бэ гэдэг заатыг дахин дахин уншаач. Улс орноо хямралаас гаргах энэ гарцыг бий болгож хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүд  минь нэмэр болооч гэж хүсье.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ