Хэвлэл мэдээллийн байгууллагуудад “Талархал” гардууллаа

2018-10-19

С.САРУУЛ

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг өнгөрсөн долдугаар сарын 03-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан билээ. Тус хурлыг гамшгаас хамгаалах замаар тогтвортой хөгжлийг хангах бүс нутгийн болон дэлхийн үйл хэрэгт Монгол Улс манлайллаа харуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн чадавхыг бэхжүүлэхэд орон нутгийн болон үндэсний, улмаар бүс нутгийн хүчин чармайлтыг нэгтгэн уялдуулахад чухал ач холбогдолтой болсныг хуралд оролцогчид  болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антони Гутерриш нар өндрөөр үнэлжээ.

Бага АСЕМ гэгддэг Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралд Ази, Номхон далайн 50 улс орны Засгийн газар, 1500 байгууллагаас нийт 3500 төлөөлөгч хуран чуулж, гамшигтай тэмцэхэд дуу хоолойгоо хүргэж хувь нэмрээр оруулсан юм.

Монгол Улсын Засгийн газар, ОБЕГ-аас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг өндөр түвшинд зохион байгуулахад бүхий л талын дэмжлэгийг үзүүлж, хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийллээ.  Энэ үеэр олон улсын хуралд хамтран ажилласан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд талархал гардуулсны дотор МҮОНРТ, TV9 телевиз, C1 телевиз, Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин, Өнөөдөр, Өдрийн сониныг онцолсон бол нэр бүхий сэтгүүлчдийг “Онцгой байдлын албаны төлөө 1, 2” тэмдгээр шагнасан юм.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд оролцов.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ