“Болохгүй” гэдгийг боловсролоор нь дамжуулж ойлгуулъя

2018-10-18

С.УЯНГА

Ирээдүйн Монгол Улсыг бүтээж буй хүүхдүүдээ аюул, эрсдэлээс хамгаалах, зөв иргэн болгож төлөвшүүлэхээс өөр тэргүүний ажил алга. Учир нь өнөөдрийн Монгол Улс хүүхдүүдээ элэг бүтэн торниулж чадахгүй байгааг бэлхэнээ харж байна. Энэ удаад эрүүл мэнд, гэмт хэрэгт хохирсон асуудлыг түр орхиё. Гагцхүү хүүхдийг эрсдэлээс хамгаалж, аюулгүй орчин бүрдүүлж өгөх л юу юунаас чухал байгааг элэг эмтрэм олон жишээгээр дурдаж болно. Тэр ч утгаараа тоглоомын талбай, гэр, сургууль, цэцэрлэг гээд хамгийн аюулгүй байж болох орчиндоо осолдож, амиа алдсаар байгааг “тоолж” суух харамсалтай цаг үед бид амьдарч байна. Эцэг эхчүүдээс эхлээд төр засаг нь хүртэл хүүхдүүдээ хамгаалж чадахгүй, дорвитой хайхрахгүй явсаар өнөөгийн эмгэнэлтэй дүр зурагтай нүүр тулжээ. Үнэндээ гудамжинд гүйж явсан хүүхэд тогонд цохиулж, тоглоомын талбайд төмрөнд даруулж, барилгын цонхоор унаж, халуун тогоонд түлэгдэх, галд өртөх  зэргээр цаг бусаар хорвоог орхисон хүүхдүүдийн араас хий дэмий гашуудахаас өөрийг өнгөрсөн хугацаанд хийсэнгүй. Ийнхүү өнгөрсөнд болсон харамсалтай бүхнийг ирээдүйд давтахгүйн тулд хүүхэд хамгааллын олон гарц гаргалгааг тунгааж, үр дүнд хүргэхийн төлөө Монголын өдөр тутмын сонинуудын II форумын үеэр хэвлэл мэдээллийнхэн нэгдэж чадсан юм.

Тэгвэл “Зууны мэдээ” сонин хүүхэд хамгаалалд боловсролын салбар, хэвлэл мэдээллийн байгууллагын нөлөөг үр дүнтэйгээр татан оролцуулах санаачлагыг  дэвшүүлж байна. Товчхондоо, эцэг эхчүүдийн хэчнээн хэлж, цааргалаад ч хүүхдүүдийн чихэнд хоногшуулж чадахгүй байгаа “Болохгүй” гэдэг үгийг боловсролын системээр дамжуулахын зэрэгцээ хэвшил болтол нь хэвлэл мэдээллээр сурталчилья гэж байгаа юм.

Ингэхдээ заавал ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулна гэж “томруулахгүйгээр” энгийнээс  эхэлье. Сургууль, цэцэрлэг бол хүүхдүүдийн хамгийн их цагаа өнгөрүүлдэг, хамт олон, багш нараасаа үлгэр дуурайлал авдаг хоёр дахь гэр. Мөн хүүхдүүдийн хамгийн хайртай хүмүүс нь гэр бүл байдаг ч даган дуурайж, үг, үйл хөдлөлийг нь дуурайдаг хүмүүс бол багш нар гэдгийг олон судалгаагаар нотолсон байдаг. Тиймээс хүүхдүүдийн багшаасаа эмээх хийгээд итгэн үнэмших ухамсар, үзэл дээр нь дөрөөлж цэцэрлэг, сургуульдаа  ирж, очиход нь багш нараар нь аюулгүйн санамж хэлүүлээд байя гэж байгаа юм. Хичээл эхэлж, тарахад нь анги удирдсан багш нь хэдхэн ширхэг аюулгүйн санамж хэлж хэвшье. Жишээлбэл, хүүхдүүдийн хамгийн их аюул, осолд өртөх магадлалтай “Зам хөндлөн гарахдаа ногоон гэрлээр, заавал харгалзах хүнтэй гараарай”, “Танихгүй хүнд хаалгаа тайлж өгч болохгүй”, “Цонхонд ойртож болохгүй”, “Халуун тогоо, плитканд хүрч болохгүй”, “Ухаалаг утас хэрэглэх хортой”, “Цахим орчин аюултай” зэргээр хэдэн ч төрлийн аюулаас сэргийлэх зөвлөмжийг багш нараар хэлүүлж болох юм. Мөн эдгээр аюулгүйн санамжаа сургууль, цэцэрлэгийн гадна нүдэнд тусахаар наачихаж болно. Ингэж хүүхдүүдэд зөв дадал суулгаж байж өөрсдөөр нь эрсдэлээс сэргийлүүлж чадна. Гэхдээ хүүхэд хамгааллын энэ мэт асуудлыг зөвхөн багшид даатгаад орхих биш хэвлэл мэдээллийн байгууллагаар ч дамжуулж, олон нийтэд түгээвэл цаг зав, ажилдаа дарагдсан хүмүүс хүүхдүүдээ аюулаас хамгаалж, хараа хяналт тавьж  чадахгүй байгаа өнөө үед  оносон ажил болж чадна.

Тиймээс багш нарын өдөр бүр хүүхдүүдэд зөвлөж, сануулж хэвших албан ёсны аюулгүйн санамжтай болох хувилбаруудыг үргэлжлүүлэн хөндөх болно.

Харин хүүхдүүдэд аюулын талаар ямар хэлбэрээр ойлгуулж, хэвшил болгох нь үр дүнтэйг экспертүүдийн үгээр хүргэж байна.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл: БАГШИЙН ХЭЛСНИЙГ ЗААВАЛ БИЕЛҮҮЛЭХ, ДАГАЖ МӨРДӨХ ҮЗЭЛ СУУСАН БАЙДАГ

 

-Насанд хүрсэн хүн мэдээлэлд 7-15 минут идэвхтэй анхаарч чаддаг бол хүүхдийн анхаарал байнга сарниж байдаг. 6-16 насны хүүхэдтэй багш хамгийн ихдээ 20 минут ярилцах боломжтой. Үүнээс илүү хугацаанд мэдлэг очихгүй.

Хүүхэд ойр дотны хүмүүсийнхээ хүрээллээр тойрог үүсгэж байдаг. Мэдээж эцэг эхдээ хамгийн их хайртай гэдэг мөртлөө итгэдэг хүмүүс нь найз нөхөд,  байдаг. Харин  даган дуурайх сонирхолтой үлгэр дуурайлал авч үгийг нь сонсдог хүмүүс нь багш. Хүүхэд хөндлөнгийн хүний үгэнд автах нь амархан. Тэр дундаа багшийн хэлсэн үгийг заавал биелүүлэх, дагаж мөрдөх үзэл суусан байдаг. Тиймээс багш үр дагаврыг нь ойлгуулж, дотночилж зөвлөдөг байх ёстой. 6-12 насны хүүхэд багшийн хэлснийг хэвшил болгох ухамсар тогтсон байдаг.  Мөн хүүхдийн анхаарал байнга сарниж байдаг учраас аливааг дадал, хэвшил болгож чадвал хурдан сэргэдэг учраас илүү үр дүнтэй. Хүүхдүүд цэвэр итгэл үнэмшлээр хүмүүстэй харилцдаг учраас мэдрэмж маш чухал.

 

АУ-ы доктор Г.Дарамбазар: БАГА НАСАНД НЬ ӨГСӨН МЭДЭЭЛЭЛ ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ, ТӨЛӨВШИЛД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛНӨ

 

-Тархи ажиллах үндсэн зарчим буюу тархины мэдрэлийн эсүүд хэрхэн холбогдох вэ гэдэг үйл явц бага насанд явагддаг.Тархины мэдрэлийн эсүүд холбогдож байх үед хүүхдэд хайр халамж мэдрүүлж байвал түүний нөлөөгөөр эерэг, зөв хандлага бүхий мэдрэлийн эсүүд бат бэх холбоос үүсгэнэ. Харин эсрэгээр үл тоомсорлогдох, үзэн ядах зүйл мэдэрч байвал тэр сөрөг энерги бүхий мэдрэлийн эсүүдийн холбоос илүү хөгжинө. Энэ үед хүүхдэд ямар мэдээлэл өгнө. Хүмүүжил, төлөвшилд нь хамгийн их нөлөөлнө. Насны хувьд ямар мэдээлэл гэдгээс хамаарч янз бүр байдаг. Жишээлбэл, хүүхэд  3-5 насандаа төрөлх хэлнээсээ гадна өөр хэл үзэхэд яваандаа мартаж болох ч маш хурдан сэргэдэг. Хүүхэд яагаад гэж хэзээ ч асуухгүйгээр мэдээллийг шууд утгаар нь хүлээж аваад  тэр мэдээлэл дээрээ үндэслээд өөрийнхөө тархийг бүтээж байдаг. Тэгэхээр зөв хүүхэд төлөвшүүлье гэвэл хүүхэдтэй харилцах харилцаа, өгч байгаа мэдээлэл, орчин зөв байх ёстой юм. Үүнд өдөр тутмын мэдээлэл буюу ангийн багш, хамт олон, эцэг эхийн харилцаа, орчин хамгийн хүчтэй нөлөөлнө.

 

Буянт-Ухаа цогцолбор сургуулийн 1Ё ангийн багш Ч.Долзодмаа: ӨДӨР БҮР ХЭЛЖ ДАДАЛ БОЛГОВОЛ ХҮҮХДҮҮД ОЙЛГОЖ, ДАГАЖ МӨРДӨНӨ

 

-Нэгдүгээр ангийн хүүхэд 35 минут хичээллэх ёстой бол эхний долоон минутад анхаарал бүрэн төвлөрдөг. Тиймээс энэ хугацааг алдалгүй хичээлээ заахыг чухалчилдаг. Гэхдээ хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой ч юмуу, аливаа зүйлийг хичээлийн дараа хэлбэл илүү үр дүнтэй. Ялангуяа, өдөр болгон хэлж дадал болговол хүүхдүүд ойлгож, дагаж мөрдөнө.

Манай ангийн хувьд цүнхэн дээр нь ослын тууз хадаж өгөх шаардлагыг эцэг эхчүүдэд тавьсан. Мөн зам хөндлөн гарахдаа болгоомжтой байх, ухаалаг гар утас ашиглавал нүдний хараа муудах зэргийг байнга захиж хэлдэг.

 

Ц.Энхгэрэл /Францад оршин суугч/: ФРАНЦАД ЭРСДЛИЙН ДААТГАЛ ХИЙЛГЭЖ БАЙЖ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬД БҮРТГҮҮЛДЭГ

 

-Францад цэцэрлэгээс эхлээд сургуулийн насанд нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах талын мэдлэг, мэдээллийг маш сайн ойлгуулж өгдөг. Анги хамт олноор  нь үзвэр үзүүлэх, аялал зугаалганд авч явах мэтээр нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулдаг. Мөн зам хөндлөн гарах үед сургууль эхлэх болон тарах ид хөдөлгөөний үеэр сайн дурын ажилтан зориулалтын дохиур цацруулагчтай хантааз өмсөн зохицуулагчтай зэрэгцэн зам гарахад тусладаг. Тэдгээр хүмүүс нь багахан торгуулын ял аваад мөнгөөр биш ажил хийх замаар төлбөрөө барагдуулж буй хүмүүс байдаг.

Хүүхдүүдэд аюулгүй байдлаа хангахыг маш сайн ойлгуулахаас гадна хүүхэд, хурд сааруул гэсэн замын тэмдгүүд сургуулийн орчинд хаа сайгүй байдаг. Бүр томоохон сургууль, цэцэрлэг ид хөдөлгөөний тодорхой цагуудад замаа түр хаах нь ч бий. Бүх хүүхэд эрсдлийн даатгал хийлгэж байж цэцэрлэг, сургуульд бүртгүүлэх эрхтэй болдог зэрэг сайн талууд олон бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ