Б.Болор: Популистууд реформ хийдэггүй юм

2018-10-18

Т.БАТСАЙХАН

Сангийн сайд асан  Б.Болортой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

Тантай сургуулийн танхимд уулзахад нэг л сонин байна. Багшийн ажил мэдээж сайхан, гэхдээ улс төрийн амьдралаасаа  холдоогүй биз дээ?

-2016 оны сонгуулиас хойш  хувийн амьдралдаа нэлээд анхаарч байна.  Би багадаа багш болохыг мөрөөддөг байсан.  Энэ л сонирхол мөрөөдлөө биелүүлж өөрийн төгссөн сургуульдаа багшилж байна.   Үдээс өмнө бүтэн хичээлтэй байдаг.  Өөрийгөө завгүй байлгах, улс төрөөс жаахан хөндийрсөн үедээ  хийе гэж хүсдэг, мөрөөддөг байсан ажлаа хийж яваадаа сэтгэл хангалуун байгаа. Үүний зэрэгцээ  гадаад, дотоодын их сургуулиудад лекц уншиж, ер нь оюутан залуусынхаа дунд байхыг хичээж байна.   Мөн АН-ынхаа Үндэсний бодлогын хорооны гишүүн, Санхүү эдийн засгийн бодлогын зөвлөлийн даргаар ажиллалаг.  Бас  УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх. Энэ  хүрээндээ л  улс төрийн амьдралд оролцож байна. Айхтар идэвхитэй явахгүй байгаа.

Та УИХ-ын гишүүн, Сангийн сайд байсан хүн. 2019 оны төсөв ид яригдаж байна.  Ирэх оны төсөвийг эргүүлж харав уу?

-Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан төсвийн төслийг ерөнхийд нь харлаа. Улс төр эдийн засгийн талаасаа сонгууль угтсан, тийм л төсөв байна лээ. 2016 оны сонгуулийн жилийн төсвийг би Сангийн сайд байхдаа боловсруулж байсан.  Хэдий сонгуулийн жил ч гэлээ   эх орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, улстөржсөн төсөв оруулж байсангүй.  Нэлээд танасан, хэмнэсэн, реформын чанартай, зоригтой төсөв оруулж байлаа. Гэтэл энэ жил сонгуулийн жил биш байтал хэт улс төржсөн төсөв оруулж ирсэнд харамсч суулаа. МАН эрх бариад хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хийж бүтээсэн зүйл байхгүй, хий дэмий улстөржсөөр байгаад л таарч байна.  Бидний  үед хийсэн бүхнийг муулах ажлыг нь сүүлийн хоёр жил маш сайн хийлээ.  Өөрсдийнхөө амлаж гарч ирсэн ажлуудыг нэгийг нь ч хийсэнгүй.  Бүтээлч чанар энэ парламентад алга. Улстөрчдийнх нь ярьж байгаа зүйл нь л 2012-2016 онд болсон үйл явдлуудыг л муулж ярьж байна. Ер нь бол тэр үед бидний гаргаж байсан шийдвэрүүдийн үр нөлөө одоогийн энэ эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлж байгаа шүү дээ.

Тухайлбал?

-Бидний санаачлан батлуулсан НӨАТ-ын хууль өнөөдөр ард иргэдэд ямар үр  өгөөжтэй хууль болов.  Тэр хэмжээгээр татварын орлого нэмэгдэж, далд эдийн засаг ил болж байна.   Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж байсан.   Энэ хоёр хуулийн ажлыг хэсгийг би тухайн үед ахалж ажилласан. Дараа сайд байхдаа ажил хэрэг болгож байсан.  Үүний үр нөлөө одоо монголын эдийн засагт гарч л байна. Түүнээс биш 2016 онд шинээр байгуулагдсан парламент өнөөдөр шинэлэг зүйл хийгээд, мөрийн хөтөлбөрөө биелүүлж байгаа юм алга гэж харагддаг.  Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар миний хувийн бодлоор тодорхой хэмжээний арга хэмжээг авч ирсэн.  Тухайн үеийн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг давах арга оролдлого, чармайлт гаргаж байсан шүү.

У.Хүрэлсүхийн Засгийн газарт бол  сэтгэл дундуур байна уу?  

-Тийм ээ. Өмнөх Засгийн газрын үед ОУВС-тай хийсэн хэлэлцээр байгаа. Тэр үеийн ярьж тохирсон  зүйлүүд цаашаа явах нь  зүйтэй байлаа. Гэтэл дараагийн Засаг гарч ирээд маш олон асуудал дээр ухралт хийлээ. Оруулж ирж байгаа төсвийг нь хар л даа. Төсвийн хөрөнгө оруулалтаар баахан барилга байшин барихаар оруулж ирсэн байна.  Энэ бол  зөв зүйл биш. 2012 оны төсөв шиг л нөхцөл байдал үүсэх гээд байна.  Шинээр баахан ажил эхлүүлнэ.  Тууз хайчилж, шав тавина.  Энэ ажил нь цааш явахгүй.  Сонгууль угтсан шоу болоод л өнгөрнө.  Ийм л дүр зураг харагдаж байна.  Тухайлбал Улаанбаатарын хөгжил рүү чиглэсэн ажил төсөв дээр бараг байхгүй байна лээ.   Манай эрх баригчид орон нутагтаа л анхаарал хандуулах нь зүйтэй гэж бодсон юм болов уу.  Үүний цаана нөгөө л нийт масст таалагдах  гэсэн байдал анзаарагдаж байна.   Мөн 2019 оны төсөв дээр зарлага буурахгүй байх жишээтэй.  Бидний үед шүүмжлээд байсан  төрийн албан хаагчийн зардал байна.

Өөрсдөө тэр үеийнхээс хэд дахин  нэмж оруулж ирсэн байх жишээтэй.  Асар их эсэргүүцэж,  улс төрждөг байсан бүх зүйлээ өөрсдөө тултал нь хийгээд ороод ирсэн байна.   Ийм байдлаар төрийн ажил явамгүй л байгаа юм.

-2016 онд эдийн засаг хүндрэлтэй байлаа.  2019 онд эдийн засаг сайжирна гэсэн төсөөллөөр төсвийг данхайлгаж байна. Үүнийг та юу гэж харж байна.  Төсвөө ингэж батлах хэмжээнд эдийн засаг сайжирсан уу?

-Тийм хэмжээний тэлэлт эдийн засагт хийгдээгүй байна. Яахав орлого жаахан нэмэгдсэн.  НӨАТ-ын хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль үүнд нөлөөлсөн. Мөн уул уурхай, түүхий эдийн үнэ манай засгийн газрын үеийнхээс өндөр болсон.  Үүнийг эдийн засгийн өсөлт гэж ойлгож болохгүй.  Энэ өсөлт нь өөрөө инфляцийнхаа төвшинтэй уялдаж өгөхгүй байна.  Хуурамч өсөлт харагдаж байгаа.  Одоогоор инфляци 8.8 хувьтай байгаа. Оны төгсгөлд бараг хоёр оронтой тоон руу орж магадгүй байна. Гэтэл эдийн засаг тав зургаан хувийн өсөлттэй байна гэж яриад байгаа нь утгагүй ойлголт. 2016 онд цаг үе мэдээж хүнд байсан. Гэхдээ   бид эдийн засгаа солонгоруулахын тулд олон ажил хийсэн.  Хөдөө, аж ахуй, газар тариалан руу чиглэсэн төслүүд хэрэгжүүлсэн.   Харин эдийн засаг сэргэсэн энэ нөхцөл байдалд тодорхой хэмжээнд алдагдалгүй төсөв өргөн барьж болох байлаа.  Ирэх жилийн эдийн засгийн нөхцөл байдал яаж ч эргэж болно.  Судлаачид ирэх жил хүндэрч магадгүй гэсэн таамгийг дэвшүүлж байгаа.  Ийм үед  бараг хоёр их наядын алдагдалтай  төсөв оруулж ирснээ засч залруулах байх гэж харж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвөө “хайрцагласан боосон” гэсэн байр суурь илэрхийлсэн байна лээ?

– Төсвийг боосон эргэж  задалж болохгүй гэдэг маш харьцангуй  ойлголт.  Төсвөө буцааж татаж аваад эргэж оруулж ирж болно.  Хугацаа бол хангалттай байгаа.    Харин төсөв өргөн барьсан үед УИХ дээр зардал нэмэх ямар ч боломж байхгүй.  Энэ бол маш сайн тогтолцоо болсон.  Хуучин зардал нэмэх боломжтой байсан.  Тэр үед  УИХ-ын гишүүд дураараа нэмэх асуудал гардаг байлаа.  Зардал нэмэх тохиолдолд хоёр талаас нь зэрэг хасах байдлаар зохицуулдаг болсон гэж ойлгосон.

АН-ын бүлгийн зүгээс Монголбанк Засгийн газар хоёр ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байна гэсэн шүүмжлэлтэй байгаа.  Энэ нь үнэн үү.  Танай Засгийн газар ямар байдлаар харьцаж ирсэн бэ?

-Төвбанк бол өөрийн гэсэн хуультай, дүрэм журмаараа явдаг байгууллага.   Засгийн газраас хараат бус ажиллах ёстой ийм л институци.  Валютын ханш дээр Төвбанк өөрийн гэсэн бодлоготой байх ёстой.  Энэ хэмжээгээрээ  Засгийн газартайгаа уялдаа холбоотой ажиллах хэрэгцээ гарна.  Валютын ханшийг өнөөдөр огцом хэмжээгээр алдаж байгааг нь зохион байгуулалттай мэт харагдаж байна.   Уг нь валютын ханш унах нөхцөл байдал бүрдээгүй байна гэж харж байгаа.   Гэтэл санаатайгаар унагаад байдаг юм уу.  Төвсийн цоорхой, багш нарын цалингийн асуудлыг эндээс олж авах гээд байдаг юм уу.  Ямартай ч төгрөгийн ханш унах нөхцөл байдал үүсээгүй байна. Монголбанк Засгийн газар хоёр зөв талаараа биш өөр асуудал дээр уялдаа холбоотой ажиллаж байж магадгүй юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсөв дээр байр сууриа илэрхийлсэн.  Барилга байшин барихаас илүү аж үйлдвэрээ хөгжүүлье гэсэн.  Энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Манай Засгийн газрын үед  эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалт, бизнес хувийн хэвшлээ дэмжих арга хэмжээнүүдийг авч ирсэн.  Энэ  боломжуудыг ирэлхийлж ажиллаж ирсэн.  Харин одоогийн Засгийн газар учир дутагдалтай ажиллаж байна.  Өнөөдөр МАН 65 гишүүнтэй.  Бидний үед ийм олонх байгаагүй шүү дээ. Бид 31-үүлээ,  МАН 26-уулаа байлаа.  Манайх тавхан суудлаар  л илүү байсан. Аливаа шийдвэр гаргахад их хүнд байсан.  Маш их  эсэргүүцэлтэй тулгарч, бусад бүлгүүдээсээ хамаардаг байлаа.  Одоогийн энэ  УИХ-д  ажил хийх бүх боломж байна.    Мөрийн хөтөлбөрөө ямар ч асуудалгүйгээр хэрэгжүүлэх боломж байна.  Ийм байхад улстөржсөн төсөв  орж ирж байгаад  Ерөнхийлөгч ч харамссан байх. 65-уулаа  УИХ-д гарч ирээд энэ улсын бүхий л болохгүй бүтэхгүй зүйлийг засаад өгнө гэсэн шүү дээ.  “Бид чадна аа” гэж гарч ирсэн болохоос биш. Урьдныхаа хүмүүсийг муулна аа гэж гарч ирээгүй биз дээ.  Гэтэл чадна гэсэн тэр амлалт худлаа л байна.

Гишүүдийн  тойрогт мөнгө хуваарилах асуудал гарч байна.  Та нарын үед ямар хэмжээнд яригдаж байсан бэ?

-Манай парламентад пропорцианалиар орж ирсэн жагсаалтын гишүүд гэж байлаа.  Тийм учраас тойрог гэдэг асуудал одоогийнх шиг ийм  хэмжээнд яригдаж байсангүй.  Одоо бол нэг тойрогт 5-10 тэрбумыг тавьж байна гэж ойлгосон.  Гишүүний нэг жилийн зардал  өсөөд 160-170 сая төгрөг болсон юм байна.  Үүнийгээ  МАН-ынхан нуугаад хэлэхгүй л дээ.  Гэхдээ иймэрхүү зардал асар ихээр нэмэгдсэн явж байна лээ.   Гишүүдийн тойрогт хуваарилсан мөнгийн хамгийн гол нь маш олон ажил дээр хуваагаад тавьчихсан байна.   МАН-ын нөхдүүд “Тойрог дээр мөнгө тавилаа гээд ард түмэн та нарыг сонгохгүй” гэж ярь­даг байлаа.  Одоо өөрсдөө бараг тэр үеийнхээс 10 дахин  их төсөв  тавиад хэзээ ч биелэхгүй зураг төсөвгүй юм бариад явж байна шүү дээ.

Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар гэхэд өөрийн тойрогтоо 52 тэрбумыг хуваарилчихсан асуудал байгаа.  Та Сангийн сайд байхдаа өөрийн тойрогтоо юу хийсэн бэ?

-Монгол Улсын Сангийн сайд хүмүүс шүү дээ бид.  Түүнээс биш Увс, Архангай аймгийн сайд хүмүүс биш.   Өөрийн тойрогтоо их , өөр тойрогт бага гэсэн хуваарилалт байж болохгүй.  Гэхдээ магадгүй нэг аймагт бүтээн байгуулалт арай илүү хийгдэх асуудал байна.  Түүнийг үгүйсгэхгүй.  Бүх зүйл хэвэнд шахсан мэт адилхан зэрэг явах боломжгүй.  Би УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Архангай аймагт хөрөнгө оруулалтын ажил нэлээд хийсэн.  Аймгийн эдийн засгийн суурь үзүүлэлтүүд өссөн л байдаг.

Сонгуулийн цикл ойртож байна.  Та мэдээж нэр дэвшинэ биз дээ?

-АН-ын зүгээс тойрогт нэр дэвшиж өрсөлдөх боломж өгвөл  2020 онд УИХ-д нэр дэвшинэ.  “Болороо чи хэрэггүй өөр хүн дэвшүүлнэ” гэвэл зайгаа тавьж өгөхөд бэлэн байна.  Өнөөдөр би улс төргүй  сайхан л амьдарч байна.  Нийгэмтэй хөл нийлүүлж, түмэн олныхоо дунд  болж бүтэж байна.  Улс төрөөс айхтар хамаарч амьдардаг  хүмүүстэй харьцуулахад надад асуудал байхгүй.

Сүүлийн үед улс төрчид реформ хийх  цаг болсон гэж ярих боллоо.   Та тэр цаг хугацааг ирсэн гэж боддог уу?

-Ямар үед реформ хийх вэ гэхээр бид хамгийн түрүүнд эдийн засгаа тогтвортой болгох хэрэгтэй.  Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах шаардлагатай.  Тэр хэмжээнд иргэд маань улс төр сонирхохоо болино. Тэр үед реформын талаар ярьж болно.  Одоо бол  бид үүнийг ярих хэрэггүй. Яагаад гэхээр популист улстөрчид хаа сайгүй байна.   Тэд реформ хийлгэхгүй.  Тэд ярьж, ард түмэн түүнийг сонсч байгаа цагт популистууд томроод байна уу гэхээс жирийн ажлаа хийгээд явж байгаа хүмүүс гарч ирж чадахгүй.  Телевизээр хамгийн их гарсан нь л хамгийн сайн улстөрчид болчихоод байна.  Ийм хүмүүсийг сонсоод энэ хүмүүс сонгогдоод байвал тэд ард түмний  хүсээд байгаа  реформыг хэзээ ч  хийхгүй.  Ард түмэн энэ хүмүүсийг сонсдоггүй ажил хийдэг хүмүүсийг сонсоод ирэхээр жинхэнэ реформ болно. Тэгэхээр энэ өөрчлөлтийг ард түмэн л хийнэ.  Түүнээс биш популистууд хийхгүй. Би бол тийм л зарчмыг баримталж ирсэн.

Тантай уулзсаных “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг асуух нь зүйтэй байх.   Сая бас Дээд шүүх дээр уначих шиг боллоо. Таныг Сангийн сайдаар ажиллаж байхад энэ асуудал яг юу болсон юм бэ?

-Бид өнөөдөр нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй.  Бүх хүмүүс Эрдэнэт, Оюутолгой гэж ярьж байна. Улс төржиж байна.   “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг.  Энэ  одоо ч  хэвээр байгаа.  Юу ч өөрчлөгдөөгүй.  Харин  49 хувь өөрөө Монгол Улсын өмч байгаагүй,  ОХУ-ын Ростехнологи өмчилдөг байсан.  Үүнийгээ Монгол компанид зарсан.  Ийм л процесс болсон.  Харин түүнийг худалдаж авсан хүмүүс нь болж бүтэхгүй, мөнгөний их үүсвэр буруу гэж байгаа бол үүнийг хуулийн байгуулллага шалгах үүрэгтэй. Монголбанк ч  гэсэн энэ асуудлаар мэдээлэл хийх шаардлагатай.  Энэ асуудлыг ил болгох хэрэгтэй.  Тэгэхгүй бол сонгууль болгоны өмнө шоудаж байна.  49 хувийг ард түмэнд таарна гэж хүртэл шоудсан. Оросуудыг эзэмшдэг байхад тэгж мэдэгдэж чадахгүй л байсан биз дээ.  Ер нь манай Засгийн газар Эрдэнэтийг 100 хувь  эзэмшээд эхлэх юм бол энэ үйлдвэрт нүүрлэсэн хулгай бүүр л даймжирна.  Яагаад гэвэл “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, нэр холбогдож явсан хүмүүс, улс төрчид  эндээс ашгаа хүртсэн байна.   Энэ үйлдвэр улс төрчдийг саятан, тэрбумтан болгодог ийм л газар байж ирсэн шүү дээ.  Сүүлийн 20-иод жил.  Тэгэхээр уг нь  49 хувь нь хувийн компанийн мэдэлд  очсноор энд үүрлэсэн асуудлууд хамаагүй цэгцрээд явах юм.  Надад бол  энэ асуудал дээр ямар нэгэн хувийн сонирхол байхгүй. Таньдаг нэг ширхэг ч хүн байхгүй.  Мөн тэр “Эрдэнэт”-ийг барьцаалсан зээлийн асуудал Арбитрын шүүх дээр оччихлоо.  Тэрийг хэн хийсэн юм.  Улстөрчид л хийсэн байгаа шүү дээ.  Тийм хэмжээний зээлийг улс төрийн шийдвэр гарч байж л авна шүү дээ.  Түүнээс биш зүгээр нэг бизнесмэн очоод л тийм их хэмжээний  мөнгийг хуурамч баталгаагаар гаргаад авчихна гэж байхгүй. Энэ бол хамаагүй ноцтой асуудал шүү дээ.  Оросоос худалдаад авчихсан хүмүүсийг шүүмжилж байхаар  барьцаанд тавиад алдчихаж байгаа энэ асуудлаа ярих хэрэгтэй. Гэтэл Засгийн газар нь энэ асуудлыг мэдэхгүй байна гээд л мэлзээд байх нь утгагүй ш дээ.  Арбитрын шийдвэр гарчихсан “Эрдэнэт” үйлдвэр тэр мөнгийг төлөхөөс өөр аргагүйд хүрчихсэн.

Дараагийн нэг асуудал нь Оюутолгойн гэрээ. Энэ үнэхээр үр өгөөжөө өгч байна уу?

-Энэ гэрээг УИХ нь өөрөө баталчихсан асуудал шүү дээ.  Тэр үед хамтарсан Засгийн  газар ажиллаж байсан байх.  Би улс төрөөс хол байсан.  Гэхдээ эдийн засагч хүний хувьд  үр өгөөжөө өгч байгаа гэж боддог. Засаж залруулах юм байгаа юу гэвэл байгаа.  Үүн дээр улс төржөөд нэг нэг рүүгээ дайраад байх нь утгагүй л гэж харж байна.  Асуудал ярихаар зарим нэг хүнийг яриад зармыг нь ярьдаггүй. Тэгэхээр энэ цаанаа улс төрийн зорилготой л явж буй асуудал.  Бид энэ мэтчилэн Төмөрзам, Тавантолгой гээд томоохон  мега төслүүдээ улс төржихгүйгээр явуулах хэрэгтэй байна.  Бид улс төрийн энэ хагарлаасаа болоод том төслүүдээ явуулж чадахгүй байгаад иргэн, улстөрч, эдийн засагч хүний хувьд харамсдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ