“Зөвлөлдөх ардчиллын арга Азид дэлгэрч байна”

2018-10-12

Т.САЙХАН

“Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ЗГХЭГ, МУИС хамтран зохион байгууллаа. Иргэд аливааг хэлэлцэж шийдвэр гаргахдаа ямар ч дарга, эрдэмтэн судлаачдаас илүү байдаг нь амьдралд нотлогдсон зүйл. Зөвлөлдөх ардчиллын энэ арга Азид их дэлгэрч байна гэж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ярьж байна. Монгол Улс 2017 оны хоёрдугаар сард зөвлөлдөх санал асуулгын тухай хууль батлан гаргасан нь Монгол Улсын төр, эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүйн түүхэнд томоохон үйл явдлуудыг өрнүүлэх эхлэл болсон. Манай улс зөвлөлдөх санал асуулгын аргыг гурван удаа ашиглан иргэдийн санаа бодлыг шийдвэр гаргахад тусгасан. Одоогоор гурван асуудалд зөвлөлдөх ардчиллын зарчмаар хандаж иржээ.  Тухайлбал, 2015 онд “Улаанбаатар хот дахь анхны зөвлөлдөх санал асуулга: Нийслэл хотын хөгжилд иргэдийн оролцоо”, 2017 онд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба Зөвлөлдөх ардчилал”, 2018 онд “Налайх дүүрэгт явуулсан зөвлөлдөх хэлэлцүүлэг”-ийг тус тус зохион байгуулсан байна. Монгол Улс түүхэндээ анх удаа Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан. Түүнчлэн ард нийтийн бүрэн эрхэт байдлыг хангах зорилгоор Үндсэн хуулийн төслийг орон даяар бүх нийтээр хэлэлцүүлсэн гэдгийг хуралд оролцогчид онцлон ярьж байв.  2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анх удаа зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттайгаар зохион байгуулжээ. Статистикийн шинжлэх ухааны үндсэн гол аргуудын нэг болох энгийн санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын иргэдээс 1570 иргэнийг сонгон орон даяар санал асуулгыг явуулсан. Санал асуулгад хамрагдсан 1515 иргэнээс 785-ыг нь сонгон урилга хүргүүлснээс хоёр дахь шатны судалгаанд 669 иргэн оролцсон байна.    “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага”  хурлын    үеэр АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын төвийн захирал, профессор Ж.Фишкин  “Ази дахь зөвлөлдөх ардчилал хэрхэн хөгжиж байгаа талаарх туршлагыг сонсч, хуралд илтгэл тавихаар Монгол Улсад ирсэн. Монгол Улс зөвлөлдөх ардчиллын талаар нэлээд ахиц дэвшил гаргаж байгаа улс. Хуралд Монгол, Япон, Солонгос, Эстони, Макаогийн туршлагыг ярилцаж байна. Зөвлөлдөх ардчилал гэдэг бол иргэдийн үзэл бодол тухайн асуудлыг сайн мэддэг эксперт, шинжээчдийн нэмэлт мэдээллийн дараа хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулдаг арга зүй юм  гэлээ.  Энэ уулзалт өнөөдөр өндөрлөх юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ