Тусгай дугаар ажиллуулснаар сайн төртэй болох эхлэл болно

2018-10-12

Д.ЧИМЭГ

“Иргэдийн шударга шүүх” ТББ “Ард түмний хяналт 19001210” тусгай дугаар ажиллуулж эхэлсэн талаар мэдэллээ. Төрийн албан хаагчтай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч, олон нийтэд мэдээлэх зорилгоор тус дугаар байгуулсан аж. Ийнхүү төрийн байгууллага болоод алба хаагчдын алдаа дутагдлыг олон нийтэд мэдээлснээр сайн төртэй болох эхлэл болно хэмээн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт онцлов. Энд хэн нэгэн төрийн албан хаагчийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилго агуулагдаагүй. Монголын төр шат шатандаа ажлаа хийж чадахгүй байгаа учир баримт нотолгоотойгоор олон нийтэд ойлгуулахыг хүсчээ. Түүнчлэн төрийн байгууллага, албан хаагчдын энэхүү завхарлыг засч залруулах гүүр болохыг зорьж буйгаа дуулгалаа. Тусгай дугаарын анхны дуудлагаар Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгчтэй холбоотой асуудал хөндөгдсөн байна. Ингээд иргэний гомдлын дагуу тус асуудлыг шалгасан тухайгаа хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Гэтэл ямар ч бичиг баримт үйлдэлгүй малын хулгай шалгаж байна гээд Эрдэнэт аймгаас шижигтэй гэх этгээдийг байцаахаар долоо хоногийн турш Гурванбулаг суманд байлгажээ. Ингэхдээ хэсгийн төлөөлөгч ганц удаа ч байцаагаагүй бөгөөд аймгийн төв болоод нийслэл хот руу явсан гэх зэрэг тайлбар өгдөг юм байна.

“Өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотой бичлэгийг цахим орчинд тавьсан. Гэтэл цагдаагийн алба хаагчид цагдаагийн зөв хэмээн бичиж байна. Тийм учраас манай байгууллагын зүгээс Цагдаагийн тухай хууль түүний хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Учир нь дээрх асуудалд цагдаагийнхан цагдаагийн зөв гэдэг байр сууринаас хандаж байгаа нь холбогдох хуулиа өөрчлөх үү, эсвэл мөрдөх үү гэдэг асуудлыг тавихад хүргэж байгаа юм. Бидний зүгээс мал хулгайлсан этгээдийг өмгөөлөх гэсэнгүй. Тухайн хэрэгт шижигтнээр татаж байгаа бол хуульд заасан хугацаанд багтаан байцаах ажил явуулах хэрэгтэй гэдгийг сануулахыг зорьсон юм” хэмээн Х.Бат-Ялалт хэлэв. Тусгай дугаар ажиллуулж эхэлснээс хойш төрийн албан хаагчтай холбоотой янз бүрийн мэдээлэл ирсээр байгаа аж. Тухайлбал, авлига өгч офицер болсон, хуурамч диплом бичиг баримттай гэх мэдээлэл ч ирж байгааг тодотгов. Тэрээр цагдааг муучилж, гоочлох гэсэндээ бус ард иргэдийн аюулгүйн манаанд зогсдог төрийн албан хаагч ёс зүйтэй байх учиртай. Түүнийг нь үргэлж сануулах болно гэдгээ хэллээ. Хэрэв улсаа хөгжүүлнэ гэж байгаа бол худал хуурмаг, бусармаг зүйлсээс салах учиртайг тэрээр учирлалаа. Шударга бус байдалтай тэмцэхэд олон саад бэрхшээл тулгардаг ч үнэний төлөө, эрүүл нийгмийн төлөө зүтгэхийг хэвлэлийн байгууллагаас хүссэн юм. Үүний тулд тогтолцоогоо өөрчлөх шаардлага тулгарсныг ч мөн хэллээ. Төрийн албан хаагч хэрэв хүний эрхийг зөрчиж байвал энэ тухай мэдээллийг 19001210 тусгай дугаарт мэдээлж байхыг олон нийтээс хүссэн. Түүнчлэн ww.mandtugai.mn цахим хуудас давхар ажиллуулж буйгаа энэ үеэр дуулгалаа. Тус сайтын эрхлэгч Н.Цэндбат “Биднийг мэдээллийн мөрөөр сурвалжлага хийхээр очиход олон бэрхшээлтэй тулгарсан. Гэхдээ манай сурвалжлах баг хуульчдын багтай хамтарч ажиллаж байгаа учраас мэдээллээ авч олон нийтэд хүргэсэн. Цаашид цагдаагийн байгууллагын боловсон хүчний бодлогыг хөндөж бичих болно” гэсэн юм. Мөн Ард түмний хяналт 19001210 төвийн захирал Д.Мөнх-Эрдэнэ “Ард түмний төрд төвлөрүүлсэн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг олон нийт хянах эрхтэй. Ингэхдээ хууль эрх зүйн хүрээнд төрд хяналт тавих механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. үүний тулд манай төв үйл ажиллагаагаа явуулж байгаа юм” гэлээ. Төрийг хянахын тулд бүхий л салбарынхан болон олон нийттэй хамтран ажиллах эхлэл гэж болно хэмээн тэрээр тайлбарлалаа.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ