Д.Пэрэнлэйлхагва: Би Завхан нутгаараа бахархдаг

2018-09-20

Л.ХЭРЛЭН

Дуучин Д.Пэрэнлэйлхагватай ярилцлаа.

-“Хайрын намар”  тоглолтоо хийх гэж байгаад  баяр хүргэе. Яагаад тоглолтоо ингэж  нэрлэв?

-Хүмүүн бид энэ дэлхийд бүрэлдэн бий болж дуу хадаан мэндлэхээсээ эхлээд л хайран дунд амьдардаг. Амьдралын цаг мөч бүрт  аав ээжийн, эхнэр нөхрийн, үр хүүхдийн, найз нөхдийн, багш шавийн хайрд амьдардаг шүү дээ. Тиймээс би  хавар гаргасан цомгоо “Хайр” гэж нэрлэсэн. Тоглолтын нэрийн тухайд намар олон хос гал голомтоо бадрааж, олон залуус танилцаж хайр цэцэглэдэг. Иймээс  “Хайрын намар гэж нэрлэсэн. Тоглолт  маань  Улаанбаатар паласын концертын их танхимд маргааш 19:00 цагаас ганцхан удаа болно.

-Та аль нутгийнх вэ?

-Би Завхан аймгийн Алдархаан сумын уугуул. Тэнд төрж, өсч, Завханы Хөгжим бүжгийн коллежид суралцаж 2006 онд төгссөн. Тэндээс СУИС-ийн дуулаачийн ангид ирж шалгалт өгөөд мэргэжлийн дуучин болох гараагаа эхэлсэн. Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Цэцэг багшийн удирдлагад дуучин мэргэжлээр 2011 онд сургуулиа төгссөн. Манай Алдархаан сумаас Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, “Классик Жем” хамтлагийн ахлагч Х.Энхтайван нарын олон уран бүтээлч төрсөн. Би нутгаараа их бахархдаг.

-Анхны уран бүтээл сэтгэлд  тод үлддэг. Хэзээнээс уран бүтээл туурвиж эхлэв?

-Сургуулиа төгсөөд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад дуучнаар орж байлаа. Тэндээс олон зүйл сурсан. Олон найзтай болж, монгол орноо тойрч уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргэж байлаа. Хилийн цэргийн бэлтгэл ахлагч цолтой. Анхны уран бүтээлээ Хөгжим бүжгийн коллежид сурч байхдаа гаргасан. “Бидний дурлал”, “Ухаангүй дурлалд нүгэл байхгүй”, “Охин үр”, “Хоёрдож ирсэн хайр” дууг маань залуус түлхүү мэддэг.

-Таны дуулсан “Ухаангүй дурлалд нүгэл байхгүй” дууг залуус их сонсдог юм билээ…?

-“Ухаангүй дурлалд нүгэл байхгүй” дуу залууст таалагддаг юм шиг байна лээ. Сошиал, фэйсбүүкээр түгээж сэтгэгдлээ бичсэн байсан. Энэ дууны клипэнд  Улсын харцага О.Хангай найз маань, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр нар тоглосон. Зарим нь Холливудын алдарт “Сувдан эрэг” киноны монгол хувилбар шиг болж гээд шоглоом болгож ярьдаг юм.

-Сүүлийн үед уран бүтээлийн олз арвин байна уу?

-Нэлээд хэдэн  уран бүтээл хийсэн. Ээжийн тухай сайхан дуу дуулж дүрсжүүллээ. Монгол адууны тухай “Хулан хонгор” гэж дууг дуучин А.Хосбаяр ахтайгаа хамтран дуулж олны хүртээл болгосон. Өнгөрсөн зун Завхан нутагтаа очиж Төрийн соёрхолт Ц.Бавуудоржийн шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Жамьянгийн аялгуу “Дөрвөн улирлын өнгө” дууг дуулж клип хийлгэсэн. “Нөхөрлөл”, “Хайр” гээд хэд хэдэн шинэ уран бүтээл хийлээ.

-Залуу хүний хувьд цаашдын мөрөөдөл, зорилго юу вэ?

-Олон сайхан мөрөөдөл, хүсэл тэмүүлэл байна. Цаашид шинэ уран бүтээлүүд  хийж үзэгч түмнийхээ сонорыг мялаахыг хүсч байна.

 Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ