Бодлогын хүүг 10 хувьд хадгалахаар болов

2018-09-20

Ц.БАЯР

Монголбанкнаас улирал бүр мөнгөний бодлогын хүүг буулгах, хэвээр байх эсэхэд шийдвэрээ гаргадаг хурал өнөөдөр боллоо. Хурлаас бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах болсноо Төвбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн олон нийтэд мэдээллээ. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн инфляц оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд зургаа, Улаанбаатар хотод 6.4 хувьд хүрсэн байна. Инфляц дунд хугацаанд зорилтот найман хувьд хүрч тогтворжих төлөвтэй байгаа ч нийлүүлэлтийн шинжтэй инфляц буурахаар байгаа нь эдийн засгийн идэвхжилийг даган эрэлтийн гаралтай инфляц алгуур сэргэж байна. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг ханган Монголбанк эдийн засгийн өсөлтийг өндрөөр харж буй ч гадаад зах зээлээс хамааралтай хэвээр байна. Гадаад зах зээл дэх эрдэсийн бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэлтэй байгаагаас шалтгаалан төгрөгийн ханш сүүлийн улиралд суларлаа. Гадаад орчны тодорхой бус үед зах зээлд оролцогчдын санхүүгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Эдийн засгийн гадаад болон дотоод орчныг тэнцвэртэй байдлыг хангах нь дунд болон урт хугацаандаа тогтвортой байдлыг бий болгоход чухал юм. Иймээс бодлогын хүүг энэ удаа хэвээр хадгалах нь инфляцийг найман хувьд хүргэж тогтворжуулах Төвбанкны зорилгод нийцнэ. Зээл хурдацтай нэмэгдэж өрхийн өр, импорт нэмэгдэж санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул макро төвшний бодлогын хүрээнд ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар мөн иргэд, аж ахуйн нэгжид олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн жинг 150 хувиар нэмэгдүүлж ирэх оноос мөрдөхөөр шийдвэрээ гаргажээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ