Гурван улсыг холбох эдийн засгийн коридорыг эрдэмтэд ингэж үзэж байна

2018-09-19

Ч.ҮЛ-ОЛДОХ

Монгол-Хятад-Оросын  “Тинк Танк” холбооны дөрөв дэх удаагийн хурал Улаанбаатар хотноо өчигдөр эхэллээ. Тус холбоо нь гурван улсыг холбосон эдийн засаг, экологи, дэд бүтэц, бүс нутгийг хамарсан үйл ажиллагаанд зөвлөн туслагчийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн хурлын сэдэв нь  гурван улсын эдийн засгийн коридорын тухай юм. Эрдэмтэн судлаачдаар ийнхүү хэлэлцүүлж, тэдний байр суурийг сонсох нь гурван улсын зүгээс гаргах  бодлого, төлөвлөлтөд  нөлөөтэй. Мөн улс орнууд цааш харсан бус наашаа эргэсэн харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлээсэй гэдэгт зохион байгуулагчид анхаарсан  байж болох юм. Эрдэмтэд ч энэ талаар хэлж байсан юм. Тухайлбал, БНХАУ далайн гарц, замууд руу харсан бодлогод түлхүү анхаардаг бол энэ удаа Монгол руу харсан,  түүгээр дамжуулан  Европ руу харсан харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй. ОХУ-ын хувьд  Алс Дорнодыг цэрэг, улс төрийн  бүс болгосноор эдийн засгийн асуудлыг сул орхисон, мөн  Сибир рүү нуруугаа харуулсан байдлаар үйл ажиллагаа явуулж байгаадаа  дүгнэлт хийх цаг болсон. Эдийн засгийн коридороор дамжуулан Монгол, цаашлаад Хятадтай харилцах боломж дээр илүү нээлттэй хандах нь тус улсад ашигтай байх болно  гэсэн утгатай үгс оролцогчдын зүгээс дуулдаж байна.Түүнчлэн энэ удаагийн хурал зохион байгуулалт сайтай,оролцогчдын тоог бус чанарыг эрхэмлэж, илтгэлүүдийг  ч сайтар шигшсэн байдлаар  явагдаж байгааг ажиглагчид  хэлж байсан юм.

Гурван улсын хооронд байгуулах эдийн засгийн коридорын талаар  “Тинк Танк” холбооны ОХУ талын удирдагч, Оросын шинжлэх ухааны академич, Монгол,будда,төвд судлалын хүрээлэнгийн захирал Б.В.Базаров, БНХАУ-ын  талын удирдагч, ӨМӨЗО-ны Хөгжлийн төвийн захирал Ян Чэн Хуа нарын байр суурийг хүргэе.

 

Б.В.Базаров: МОНГОЛ УЛС ХОХИРОЛ АМСАХГҮЙ, ЭРСДЭЛ ҮҮРЭХГҮЙ БАЙХ ЁСТОЙ

 

Монгол  бол жижиг улс. Тиймээс гурван улсын эдийн засгийн коридороос хохирол амсахгүйгээр ашиг хүртэх тухайд хөршийнхөө үгийг сонсох нь чухал юм. Та юу гэж үзэж байна вэ?

-Ямартай ч өнгөрсөн дөрвөн жилд гурван улсын шинжээчид хоорондоо нарийн холбоо тогтоож чадсан. Энэ маш нарийн төвөгтэй асуудал. Юуны өмнө Оросын тал Монгол руу хандсан хандлага, мөн Хятадын талаас Монгол руу хандсан хандлагаас хамаарах учраас нарийн төвөгтэй асуудал  юм. Орос,Хятад хоёр бол дэлхийн том гүрэн. Тэд Монгол руу хандсан бодлого явуулахад хамгийн гол нь Монгол Улс  ямар нэгэн  хохирол амсахгүй, эрсдэл үүрэхгүй байх ёстой. Эдийн засгийн коридороор холбогдож буй гурван орны ашиг сонирхол эрх тэгш байх учиртай.

Хоёр улс хоорондоо эрх тэгш харилцах нэг хэрэг. Гурван улс ижил түвшинд харилцахад бас  амаргүй. Тэгэхээр тэгш байдлыг яаж хангах вэ?

-Тэр үнэн. Тэнд хүндрэл бий. Тиймээс нарийн төвөгтэй асуудал гэж дээр хэлсэн. Үүнийг нарийн судлах хэрэгтэй. Оросын зүгээс өнгөрсөн олон жилийн хугацаанд Монгол руу төдийлөн сайн  анхаарсангүй. Эдийн засгийн харилцаа ч урдынх шиг хүчтэй байсангүй. 20-30 жилийн өмнөхийг эргүүлж авчирна гэдэг тийм ч хялбар асуудал биш. Хамгийн гол нь улс орнуудын хооронд итгэлцлийг бий болгох нь харилцаа, хамтын ажиллагааны хамгийн эхний суурь болох байх. Итгэлцэл бүрдэж бий болсон цагт тэр суурин дээр цааш хамтраад явах боломжтой.

 

 Ян Чэн Хуа: ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХАД БИД МОНГОЛЫГ ДЭМЖИНЭ

 

БНХАУ их төлөв далайн гарц, зам руу буюу цаашаа  харсан бодлогыг түлхүү явуулж  явж ирсэн. Одоо нааш харж, Монгол Улстай ямар харилцаа, хамтын ажиллагааны   бодлого баримтлах бол?

– Гурван улсын форум нь ОХУ, БНХАУ  болон Монгол Улсын   эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаанд түлхэц өгч байна гэж би хувьдаа дүгнэж байна. Мөн эрдэмтэн, судлаачдын тооцоо, судалгаанд  үндэслэн гурван улс  саналаа нэгтгэж,  хамтран ажиллахад гүүр болно. Бид  “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд түлхэц өгөх эдийн засгийн коридор байгуулах тал дээр анхаарч байгаа. Хайлаар, Чита, Дорнод аймгийн Чойбалсанг холбосон аялал жуулчлалын коридор байгуулахад ч мөн анхаарч   байна. Түүнчлэн   ОХУ-ын далайд гарах гарцыг санал болгож байгаа. Түүнээс гадна мөсөн замаар  Сибир рүү гарч болно. Гэхдээ мэдээж  хамгийн гол  нь  эх газраар дамжих  төмөр  зам  юм.

Монгол Улстай  эдийн засгийн коридор байгуулахад хэр бэлэн байна вэ?

– Гурван улсын  эдийн засгийн коридор байгуулах харилцаа, хамтын ажиллагаанд  бид  Монгол Улсыг дэмжинэ. 2015 оноос өнөө хүртэл олон улсын болон гурван улсын хамтын ажиллагаа идэвхтэй явж байна. Үүнд Монголын тал ч сайн ажиллаж байгаа. Энэ удаагийн форумаар гурван улс саналаа нэгтгэх, байр сууриа ойртуулах, хамтрахад улам  дөхөм боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ