“Би хүүгээ сэрэхийг хүлээж байна…”

2014-04-24

Б.ТУУЛ, Г.ЖАРГАЛМАА

Эцэг, эх болно гэдэг энэ хорвоо дээрх хамгийн сайхан зүйлсийн нэг. Ялангуяа,  хоёр биенээ гэсэн халуун сэтгэлээр амьдралаа дөнгөж эхлэсэн залуу хосуудын хувьд, аав ээж болно, анхны үрээ тэвэрнэ  гэдэг  үгээр хэлэхийн аргагүй сайхан.  Гэтэл өвдөх хэцүү, өвдсөн хойноо эмнэлэгт хандах хэцүү болсон энэ цаг үед төрөх эмнэлгийн хаалгаар орно гэдэг эхчүүдэд түмэн зовлонгийн эхлэл мэт санагддаг болсоор удаж байна. Өөрөөр хэлбэл, ээж болохоор зэхэж байгаа бүсгүйчүүдийн олонх нь эсэн мэнд төрөөд, эмнэлгээс гараад гэртээ эрүүл саруул эргэж ирнэ гэдэгт итгэхээ больчихсон гээд хэлчихвэл хэтрүүлсэн болохгүй биз.

Үхэх, төрөх хоёр адилхан гэлцдэг ч үнэндээ ингэтлээ айдаст автаж амьдрах нь эмч нарын ажлын хариуцлагатай холбоотой гэдгийг хэн хүнгүй сайн мэднэ. Өнөөдөр арван сар тээгээд, халуун амиараа солих шахам байж төрүүлсэн  нялх үр нь  мэдлэггүй, сэтгэлгүй  эмч нарын алдаанаас болж, амьдарч чадахгүй, энэ хорвоогоос буцсан гэх эмгэнэлтэй түүх ар араасаа хөвөрсөөр байна. Мөн ангаахай бяцхан үрдээ ангир уургаа ч амлуулж чадахгүй амьсгал хураасан эхчүүдийн тоо гарын арван хуруунд багтахаа болиод удаж байна. Сүүлдээ бүр эх нь эндсэн, хүүхэд нь гэмтсэн, эмч нарын буруугаас болсон гэх мэдээллийг төрөх эмнэлгийн нэр, хаягтай хамт телевиз, радиогоор цоллуулсаар чихэнд бараг дасал болж байх шиг байна. Тиймээс амаржих газруудын алдаа, оноог дэнслэх цаг болжээ гэдгийг албаны хүмүүст дуулгах гэсэн юм. Мөн мэдлэггүй, сэтгэлгүй, эмч нарт хариуцлага тооцохгүй явсаар байтал  эх, хүүхдийн эрүүл мэндээр тоглодог, амьд хүн дээр туршилт хийдэг чадваргүй эмч нарын тоо олширох вий гэсэн болгоомжлол бас байна.

Өнгөрсөн жилээс төрөх эмнэлгүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор  Сонгинохайрхан дүүргийн 10 хорооны эхчүүдийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд  амаржуулахаар болсон.  Гэтэл тус эмнэлэг төрөхөөр ирж буй эхчүүдэд  “Ачаал ихтэй байна” гэсэн  арга ядсан тайлбараа тавьж, төрөх  хугацааг хойш татаж, үүнээс нь болж дахин нэг нярай үхэл, амьдралын зааг дээр өдөр хоногийг өнгөрөөж байна. Манайдаа л хамгийн томд тооцогддог энэ эмнэлэгт  эмч нарын буруутай үйлдлээс болж, эрүүл саруул тээсэн үрээ энгэртээ тэвэрч чадахгүй шаналж суугаа нэгэн бүсгүй бидэнд хандсан юм.

Өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд Э.Энхжаргал гэгч бүсгүй  СХД-ийн VII хорооны өрхийн эмнэлгээс төрөх хугацаа хэтэрсэн, илүү тээлттэй гэсэн хэвтэх бичиг хийлгэн тус эмнэлгийг Хүлээн авах тасагт ханджээ. Гэтэл тус тасгийн эмч О.Мөнхцацрал “Ор байхгүй, гадуур эмчилгээ хийлгэж байгаад ир” гээд буцаасан байна. Харин эхнэрийнхээ биеийн байдалд санаа зовсон нөхөр нь таньдаг хүнээрээ яриулан гуравдугаар сарын 7-нд уг эмнэлэгт хэвтжээ. Эмнэлэгт хэвтсэн даруйдаа ургийн бичлэг хэд хэдэн удаа хийлгэхэд эрсдэлтэй хариу дуулгасан байна. Гэсэн ч  тухайн үед амралтын өдрүүд таарсанаас гадна “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр” болох гэж байсан учраас хариуцаж байсан Хишигсүрэн эмч хайхралгүй өнгөрч, хоёр, гурав хонуулжээ. Ингээд гуравдугаар сарын 10-ны даваа гаригт ирж үзээд, орой нь “сэдээх” эмчилгээ хийхээр төлөвлөөд байсан ч үдшийн 22 цагийн орчимоос эмэгтэй өөрөө өвдөж эхэлсэн аж. Өвдөж эхэлснээс нь хойш өглөө 10 цагийн үед төрөх тасаг руу шилжүүлсэн бөгөөд түүнийг төрөх тасгийн Б.Батсайхан гэх эмч хүлээн авч үзээд, 12 цагийн үед  усыг нь хагалсан байна. Усыг нь хагалах үед ногоон өнгөтэй байсан боловч Б.Батсайхан эмч түүнийг нь үл анзааран савных нь амсар бүрэн нээгдэхийг хүлээсээр 18 цаг болгожээ.  Өвдөлт өгч байх энэ хугацаанд  ар гэрийнхэнд нь ямар ч мэдээлэл өгөөгүй гэнэ. Түүнээс гадна олон цаг өвдөөд  ямар ч тамир тэнхээгүй болсон эмэгтэйг өөрөөр нь төрүүлэх шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд эмэгтэйг эрсдэлгүй төрүүлэх боломж байсан ч ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар эцэст нь “хавчуураар төрөх” арга буюу хүүхдийг нь хүчээр гарган авчээ.  Эрхэм эмчийн энэ хариуцлагагүй үйлдлээс болж,  ээж болохоор эмнэлгийн хаалга татсан залуухан бүсгүй өнөөдөр  эрүүл мэнд, сэтгэл санааны гүн хохирол амсаж, эрүүл саруул тээсэн улаан нялзрай үрээ тархиндаа хүнд гэмтэлтэй эрэмдэг амьтан болгочихоод нулимстай нүдээр харж сууна. Өөрөө сахиуртай ч өвдөж , зовохыг үл ажран бүтэн сар ухаангүй хэвтэх хүүгийнхээ өрөө рүү босоод ирэх болов уу гэсэн горьдлын харцаар харж, хаана хэнд гомдоллохоо мэдэхгүй  сууна. Ар гэрийнхэн нь тус эмнэлгийн чанарын албанд энэ тухай  гомдол гаргасан ч албан ёсны хариу авч чадалгүй өдийг хүргэжээ. 

Одоо хэнд хандах вэ сайд аа! Уг нь Эрүүл мэндийн яамнаас энэ жилийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Гэтэл сүржин нэртэй энэ  уриа лоозон чинь амаржих газруудын ажил, үйлчилгээнд ахиц гаргах бус зөвхөн  цаасан дээр хэрэгжээд байгаа юм биш биз. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв бол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, хамгийн том эмнэлэг. Гэтэл энэ эмнэлгийн талаарх таагүй мэдээлэл сонин, хэвлэлийн хуудаснаас салахаа болж, энэ эмнэлгийн эмч нарт гомдсон, итгэл алдарсан  эцэг, эхчүүдийн тоо бас арав, хориор тоологдох болсоор удаж байна. Мөн мэдлэггүй, сэтгэлгүй, эмч нарт хариуцлага тооцохгүй явсаар байтал  энэ мэт хэргүүд шил даран гарсаар байна. Ашиг сонирхлын зөрчилтэй хэдэн эмч нар чинь эх, үр хоёрын эрүүл мэндээр тоглож сууна.   Одоо бид хэнд хандах вэ?

Ямартай ч,  эрчимт эмчилгээний тасагт хүүгээ хүлээн суугаа энэ бүсгүйгээс  бид  хүүгийнх нь биеийн байдлыг тодруулж, зарим зүйлийг асуусан юм. Эрхэм эмч нарт уламжилж, ээж, хүү хоёрыг эсэн мэнд уулзуулж өгөөч гэж хүсье.

 

ЭНД БҮХ  ЗҮЙЛИЙГ  МӨНГӨӨР ШИЙДДЭГ БОЛСОН БАЙНА

 

Таны бие хэр сайжирч байна вэ. Хүү тань төрснөөсөө хойш эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа гэсэн. Хүүгээ эргэж байгаа  юу, бие нь хэр байна?

-Энэ эмнэлэгт хандахаас өмнө миний биеийн байдал хэвийн байсан. Урагийн бойжилт ч бас  хэвийн байсан. Би өөрөө нэг их өвчин хэлээд байдаггүй, эрүүл хүн. Харин олон цаг өвдөөд ямар ч тамир тэнхээгүй, ухаангүй шахам байхад намайг “хийсвэр”-ээр төрүүлэх боломж байсан. Гэсэн ч өөрөөр минь төрүүлэх шийдвэр гаргаж, хүүг минь хавчуургаар татаж гаргасан эмч нарт гомдож байна. Би хүүгээ төрүүлэх үедээ  хагас ухаантай, өөрөөрөө төрөх ямар ч боломжгүй байсан. Хүү минь тархины хөөлттэй гарснаас тархины эсүүд сэргээгүй харин ч үхжиж эхэлсэн гэсэн. Чанарын албаны дүгнэлт дээр намайг ганцхан оёдол тавиулсан гэж бичсэн байсан. Үнэндээ би 6-7 оёдол тавиулсан. Одоо миний биеийн байдал сайжирч байгаа ч хүү минь төрснөөсөө хойш сэхээ ороогүй. Хэд хоногийн өмнөөс биед нь хүрэхээр гар хөлөө бага ч болов хөдөлгөж хариу үйлдэл үзүүлдэг болсон. Гэсэн ч эмч нар хүүхэд чинь сэрэх найдлагагүй болсон гэсэн.  Хүмүүс надад анхны төрөлт,  бас дахиад нас байгаа юм чинь зүгээр гэж хэлсэн. Гэсэн ч надад маш их харамсалтай санагдаж байна. Би хүүгээ сэрээд харах болов уу  гээд  тэсэн ядан хүлээж сууна.

Би төрөөд сар гаруй болсон ч хүүгээ огт хөхүүлээгүй. Хөхнийхөө сүүг сааж гуурсаар ам руу нь хийж, хүүгээ хооллох гэж хичээж байгаа. Би хүүгийнхээ царайг харсан, түүнийгээ яасан ч  орхиж чадахгүй. Хажуугийн  тасагт  төрсөн эмэгтэй сүү багатай гээд би хүүхдийг нь хөхүүлж үзсэн. Би ч бас  хүүгээ ингээд хөхүүлээд суух юмсан гээд  өөрийн эрхгүй уйлсан. Эндэхийн эмч нарт  хариуцлага, ёс суртахуун гэж алга. Хүн чанар бол бүр ч алга. Энд бүх  зүйлийг  мөнгөөр шийддэг болсон байна. Би гомдолтой байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ