Чехийн их, дээд сургуульд үнэгүй суралцах боломж бий

2014-04-16

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Гадаадад суралцах хүсэлтэй залуусын нийтлэг сонирхдог асуудал нь тухайн орны боловсролын чанар, сургалтын төлбөр, оюутны хөнгөлөлт зэрэг байдаг. Монгол оюутнуудын хувьд  Чехэд мэргэжил эзэмших нь олон давуу талтай байдаг. Энэ талаар Бүгд Найрамдах Чех Улсын Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Ивана Гролловатай ярилцлаа.

Чех улсын боловсролын салбар нь европын орнуудад дээгүүр ордог.  Ер нь Чехэд боловсрол эзэмших давуу тал нь юу вэ?

-Бүгд Найрамдах Чех Улс нь европын холбооны гишүүн улс. Иймд Чехэд боловсрол эзэмших нь хэд хэдэн давуу талтай. Юуны өмнө их, дээд сургуулийн диплом, гэрчилгээнүүд нь Европын кредит шилжүүлэх системд хамаарагддаг. Өөрөөр хэлбэл, европын аль ч оронд хүлээн зөвшөөрөгдөх боловсролын зэрэг, диплом гэрчилгээтэй болох юм. Үүнээс гадна Чех улсын их, дээд сургуулиудын боловсролын стандартууд нь европ болон европын холбооны стандартуудтай нийцдэг. Тиймээс олон улсын төвшний боловсрол эзэмшиж байгаа гэж ойлгож болно.

Монгол оюутнуудын хувьд ямар чиглэлээр сурах боломж, сонголтууд байдаг вэ?

-Чех нь зөвлөлт маягийн технологийг илүү үсрэнгүй технологиор шинэчлэн сайжруулсан туршлагатай орон. Иймд техник, технологийн салбарт арвин туршлагатай гэж хэлж болно. Барилга байгууламж, байгаль орчин экологийн бохирдолыг арилгах, усны ундаргыг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр суралцах өргөн сонголт бий. Түүнчлэн барууны маягийн бизнес эрхлэх арга маягт хэрхэн өрсөлдөхүйц болох вэ гэдэгт  хүртэл суралцах боломжтой. Чех улс нь Монголтой адил далайд гарцгүй эх газрын орон тул тээвэр ложистикийн болоод хил, гаалийн удирдлага зэрэг ижил асуудлыг шийдвэрлэж, даван туулсаар ирсэн. Тиймээс дээрх төрлийн мэргэжил эзэмшиж болно.

Монголд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа. Энэ чиглэлээр суралцаж болох уу?

-Болно.Чех нь нүүрс болон металл бус геологийн эрдсүүдээр баялаг учраас боловсруулах үйлдвэр, хими технологи, уул уурхайн аюулгүй ажиллагаа болон уран олборлолтын чиглэлээр өргөн мэдлэгтэй. Тэнд сурахаар төлөвлөж байгаа залуус энэ төрлийн мэргэжил эзэмших боломжтой гэж ойлгож болно. Үүний зэрэгцээ Монголын оюутан залуус, мэргэжилтнүүд улс орныхоо хэрэгцээ шаардлагад нийцэх хөдөө аж ахуй, барилга болон барилгын материалын үйлдвэрлэл, дулаан тусгаарлах буюу цаашид мөнх-цэвдэгийн гидрогеологийн арга, технологи зэрэг ховор мэргэжил ч эзэмших боломжтой.

Чех хэлийг сайн эзэмшсэн бол их, дээд сургуульд үнэгүй суралцдаг гэсэн. Энэ үнэн үү?

-Чехэд суралцах гурван төрлийн боломж бий. Үүний нэг нь Бүгд Нарамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр. Монгол Улсад жилд дөрвөн бакалавр, нэг магистрын/докторын тэтгэлгийн хувиар ирдэг. Иймд эдгээр тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтад амжилттай оролцвол үнэгүй сурахаас гадна суралцах хугацаандаа дотуур байранд үнэгүй сууж сар бүр тэтгэлэг авдаг. Дараагийн боломж нь эхний нэг жилийн хэлний бэлтгэлийн төлбөрөө өөрөө төлж суралцах ёстой. Үүний дараагаар Чехийн хүссэн их, дээд сургуульд элсэлтийн шалгалт өгөн тэнцвэл сургалтын төлбөр төлөхгүй зөвхөн байр, хоолны зардлаа гарган сурч болдог юм. Энэ нь суралцах зэргээсээ хамааран гурав эсвэл дөрвөн жил байдаг. Өөрөөр хэлбэл, чех оюутнууд их, дээд сургуульдаа үнэгүй суралцдаг ба тэд нартай адил түвшинд байна гэсэн үг. Мөн Чехийн их, дээд сургуулиуд англи болон герман хэл дээр сургалтуудаа явуулдаг. Иймд төлбөрөө төлөн энэ хоёр хэлний аль нэг дээр нь хичээлүүдээ үзэж болно.

Нэг жилийн хэлний дамжаанд хамрагдахад үнийн хувьд ямар байдаг вэ?

-Нэг жилийн чех хэлний дамжаа ойролцоогоор 5000 орчим евро байдаг. Хэлний бэлтгэл нь чех хэл заахаас гадна ирээдүйд суралцах гэж байгаа мэргэжилд чиглэн заах юм. Нэг ёсондоо элсэлтийн шалгалтад давхар бэлддэг гэсэн үг. Бидний авсан мэдээллээр бол бараг бүх төгсөгчид нь амжилттайгаар сургуульдаа тэнцсэн байдаг.

Монголдоо Чех хэлийг сураад тэнд очоод шууд суралцах боломж байдаг уу?

-Бий. МУИС-ийн Европ судлалын тэнхимийн чех хэлний ангид мөн өөр техникийн мэргэжилтэй хослуулан суралцах боломжтой.

Оюутан залуусын хувьд сонирхдог нэг асуулт нь виз байдаг. Чехийн виз авахад хэр хүндрэлтэй вэ. Тэнд суралцах гэж байгаа оюутнуудад юу гэж зөвлөх вэ?

-Юуны өмнө сургуульдаа эсвэл хэлний курстээ тэнцсэн байх ёстой. Албан ёсны тэнцсэн бичиг ирүүлсэн байх шаардлагтай. Мөн виз мэдүүлэгч нь өөрийн биеэр визээ мэдүүлэх ба ийм төрлийн визний хариу 60 хоногийн дараа гардаг. Тиймээс  60 хоногийн өмнөөс визээ мэдүүлэх нь зүйтэй.

Чехэд суралцахын хажуугаар цагийн ажил хийх эрх байдаг уу?

-Цагийн ажил хийх боломжтой. Энэ нь хаана, ямар сургуульд сурч байгаагаас хамаардаг.

Гадаад оюутнуудын хувьд амьдралын өртөг чухал байдаг. Чех хэр өртөг өндөртэй газар вэ?

-Өнөөдрийн Улаанбаатар хотын орон сууц, тээврийн хэрэгсэл, хоол хүнс зэргийн үнэтэй харьцуулахад тийм ч үнэтэй гэж хэлэхгүй. Ер нь бүх талаараа боломжийн үнэтэй гэж болно. Оюутнууд Чехэд болон Европын орны нийтийн тээврээр зорчиход, оюутны хоолны газар, номын сангаар үйлчлүүлэх зэрэг олон хөнгөлөлт эдлэх боломжтой.

Монгол оюутнууд амралтаараа Шенгений орнуудаар аялж болдог гэсэн?

-Тийм ээ. Монгол оюутнууд тэнд суралцахын тулд удаан хугацааны виз авдаг. Иймд Шенгений орнуудаар аялах бүрэн эрхтэй. Чехэд суралцана гэдэг олон улсын стандартад нийцсэн боловсрол эзэмшихийн зэрэгцээ залуучууд олон зүйлтэй танилцаж, суралцах боломж нээгдэж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ