Дэнж хотойлгон цэнгэдэг Дэлхийд ганцхан монгол наадам

2018-07-07

Тулгар төрийн 2227 жил

Их Монгол улсын 812 жил

Ардын хувьсгалын 97 жил

 

Дэнж хотойлгон цэнгэдэг Дэлхийд ганцхан монгол наадамдаа Монгол төрийн гурван чухал түүхэн үйл явдлыг алтан аргамж болгон уяж жил бүрийн зуны дэлгэр долдугаар сарын 11-15-нд ёслон тэмдэглэдэг билээ, бид. Энэ зуны тухайд Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсын 812 жил,  Ардын хувьсгалын 97 жилийн ой тохиож буй. Эдгээр нь монголчууд бидэнд өнгөрсөн, одоо цагийн орчилд чухалчлан дурсах санамж болж ирсэн, ирээдүйд он жилийг үл алгасан тэмдэглэгдэх үйл явдал.

 

ТУЛГАР ТӨР. Одоогоос 227 жилийн тэртээ Төв Азийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрэн – Хүннүг байгуулсан МЭӨ 209 оныг Тулгар төрийн үүссэн огноо болгон авч үздэг. Эртний хөлгөн сурвалж бичигт “Модунь дуут сум хийгээд өөрийн хүмүүст морин дээрээсээ нум харвахыг сургахдаа дуут сум харвасан зүг рүү сумаа харваагүй хүний толгойг авна. Мөн ан хийж байхад дуут сум харвасан зүг рүү сумаа харваагүй хүний толгойг авна гэж зарлиг буулгажээ. Модунь өөрийнхөө хүлэг морийг харвахад дагалдагчдын зарим нь зүрхэлж харвасангүй, тэгэхэд нь харваагүй хүмүүсийн толгойг тэр дор нь авчээ. Модунь нэг удаа өөрийнхөө хайртай хатныг харвахад нэг хэсэг нь айгаад харвасангүй, тэгэхээр нь мөн л толгойг нь авчээ. Модунь мөн л нэг удаа ан хийж явахдаа шаньюйн/хаан/ хүлэг морийг харвахад дагалдагчид нь бүгд харважээ…Тэр өөрийн эцэг Түмэнийг даган ан хийж явахдаа эцгийгээ харвахад дагалдагчид нь цөм харван түүнийг алжээ. Ингээд Модунь…өөрийгөө Шаньюйд өргөмжилжөө” хэмээн тэмдэглэсэн байдаг. 25 настай Модунь ийнхүү Шаньюй/хаан/ болж хүчирхэг Хүннү гүрнийг байгуулан “Газар бол улс орны үндэс мөн” хэмээн 26 удаагийн томоохон аян дайнаар ойр холын 26 улсыг байлдан дагуулж нутаг дэвсгэрээ тэлсэн байна. Нүүдэлчдээс анх удаа цэрэг-захиргааны зохион байгуулалтын гурвалсан бүтэц, аравтын системийг бий болгосон Модунь Шаньюй нь МЭӨ 209 оноос МЭӨ 174 онд насан эцэслэх хүртлээ 35 жил төр барьжээ. Модунь болон түүний хүү Лаошан Шаньюйн үед Хүннү гүрэн хүчирхэгжлийнхээ оргилд хүрч нутаг дэвсгэр нь зүүнтээ Ляо гол, буруунтаа Тарвагатайн уул, умардад Байгал нуур, өмнөдөд Цагаан хэрэмд тулж байв.

 

ИХ МОНГОЛ УЛС. Одоогоос 812 жилийн тэртээ Их Монгол улсыг байгуулсан. Энэ түүхэн үйл явдлын тухай Монголын Нууц товчоонд “Чингээд эсгий туургатан улс энх шударга болж, барс жил/1206 он/ Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад Тэмүжинд Чингис хаан цолыг өргөв” гэж бичжээ. Чингис хаан ийнхүү Их Монгол улсыг байгуулж мянгатын ноёноор нийт 95 хүнийг томилсон байна. Монголын Нууц товчоонд бичсэнээс үзэхэд зургаан өрлөгийн нэг Мухулайд Го ван/төрийн ван/ цолыг олгосон нь одоогийнхоор бол гүйцэтгэх засаглалын тэргүүн юм. Тийм ч учраас Чингис хааныг гадагшаа дайлаар мордоход тэрбээр нэг ч удаа хамт яваагүй бөгөөд эх нутагтаа үлдэж төр улсынхаа өдөр тутмын ажлыг зангидан шийдвэрлэж байсан. Түүнийг Го ван болгосноос гадна зүүн гарын түмэнг захирах ноёны албан тушаалд хавсран томилжээ. Харин зургаан өрлөгийн нэг Боорчиг баруун гарын түмэнг захирах ноён болгоод цэргийн жанжны эрх мэдлийг түүнд өгсөн. Цэргийн жанжин Боорчи нь Чингис хаан Хорезмыг байлдан эзлэхээр мордсон зургаан жилийн болон бусад дайнд түүнийг үргэлж дагалдан явж цэргийн стратеги тактикийн гол онолч нь болж байв. Их Монгол улсаа мандан бадраахад эзэн Чингис хаанд хамгийн тустай баруун зүүн гар болсон өрлөг нь энэ хоёр эрхэм байсан учраас Төрийн ордны өмнө Боорчи, Мухулай нарын морьтой хөшөөг сүндэрлүүлсэн.

 

АРДЫН ХУВЬСГАЛ. Одоогоос 97 жилийн тэртээ 1921 оны хоёрдугаар сараас долдугаар сарыг дуустал өрнөсөн нийгэм улс төрийн өөрчлөлт нь “Ардын хувьсгал” гэсэн ерөнхий нэршлээр түүхэн товчоонд бичигдсэн. 1921 оны эхний хагаст Монголд хоёр Засгийн газар зэрэгцэн оршин тогтнож байв. Нэг нь нийслэл Хүрээн дэх Манзшир хутагт Цэрэндоржийн толгойлсон хууль ёсны Засгийн газар, нөгөө нь Орос-Монголын хилийн хот Тройцкосавскт МАН-ынхны байгуулсан Ардын Түр Засгийн газар болно. Ардын Түр Засгийн газрын журамт цэрэг 1921 оны долдугаар сарын 6-нд нийслэл Хүрээг эзлэн авснаар Манзшир хутагт Цэрэндоржийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ. Долдугаар сарын 10-нд Монгол улсын засаглалын эрх Ардын Түр Засгийн газарт шилжсэн байна. Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны тэргүүн сайдаар Д.Бодоог, Дотоод яамны тэргүүн сайдаар да лам Пунцагдоржийг, Сангийн яамны тэргүүн сайдаар С.Данзанг, Цэргийн яамны тэргүүн сайд, бүх цэргийн жанжнаар Д.Сүхбаатарыг, Шүүх яамны тэргүүн сайдаар Н.Магсаржав нарыг томилсон. Энэ засгийг түүхч, судлаач эрдэмтэд Консулын бүлэг-Ардын нам, Зүүн хүрээний бүлэг-Түшмэдийн нам, түүнчлэн Ноёдын бүлэг гэсэн, МАН-ын гурван фракцын Эвслийн Засгийн газар гэж томьёолдог. Өнөө цаг дор Улсын их баяр наадам эхэлдэг долдугаар сарын 11 нь VIII Богд гэгээнийг Хэмжээт эрхтэй эзэнд өргөмжлөх ёслол болсон 1921 оны долдугаар сарын 11-энтэй давхдаг. Уг нь болдогсон бол Улсын их баяр наадмыг энэ ёслолын өдөр бус, Эвслийн Засгийн газар байгуулсан долдугаар сарын 10-нд эхлэхээр хуульчлах нь аль ч талаас нь бодсон оновчтой юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ