МАХН-ын гүйцэтгэх товчооны  гишүүн Ц.Шаравдоржийн илтгэл бүрэн эрхээрээ

2018-07-07

МАХН 2011 онд Онц Их Чуулганаа хийснээс хойш өнгөрсөн он жилүүд манай намын хувьд хүнд хэцүү байсныг хэлэхгүй байж болохгүй байна.  МАХН-ыг  улс төрийн тавцангаас зайлуулах, дотроос нь  хагалан бутаргахыг оролдох,МАХН-ын удирдлагатай  улс төрийн өс тооцоо бодох, ямар ч үндэслэлгүй шалтгаанаар  илтэд хилс зохиомол хэрэгт холбогдуулан баривчлах, хорих, бүр  шүүхээр шийтгэх хүртэл хэлмэгдүүлэх  чиглэсэн зорилготой, зохион байгуулалттай  үйл ажиллагааг эрх баригчид, олигархи бүлэглэл авч явуулж байлаа.

Гэвч МАХН-ын  шударга үнэний төлөө авч явуулсан бүхий л үйл ажиллагаа Монголын ард түмэнд үнэнээр хүрч ойлгогдон, манай намыг дэмжих дэмжлэг   улам  бүр нэмэгдэн, үүний үр дүнд улстөрийн гуравдахь хүчин  гэсэн  байр сууринаас Монголын гурван том намын нэг гэсэн байр сууринд  шилжлээ. Энэ бол МАХН-ын эх орон, ард түмнээ гэсэн бодлого, үйл ажиллагаа олон түмэнд зөвөөр үнэлэгдэж байгаагийн бодит үнэлгээ бөгөөдМонгол орноо, монголчуудаа гэсэн МАХН  л Монголоо аврах, авч явах,  сонгогч олны итгэлийг дааж ажиллаж чадах улстөрийн хүчин юм байна гэсэн том итгэл сэтгэл, хүлээлт манай намд ирж байна гэсэн үг.

МАХНII Их Чуулганаа  “Ард түмэн, шударга ёс, хөгжил дэвшил” уриан дор хийж байна.

Монгол Ардын Хувьсгалт Намын II Их Чуулганы  төлөөлөгч та бидулс эх орны  өмнө тулгамдаад байгаа  нэн  хариуцлагатай цаг үед намынхаа үйл ажиллагааг олон талаас нь дүгнэж цэгнэх, цаашдын зорилтоо тодорхойлохоор хуран цуглараад байна.

Эрхэм төлөөлөгчид өө!

МАХН-ын 20 дугаар Бага чуулган 2018 оны арванхоёрдугаар сарын 08-ны  өдөр хуралдаж, Намын  Их чуулганыг зарлан хуралдуулах тов, оролцох  төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг баталснаар МАХН-ын Гүйцэтгэх товчооноос байгуулсан Их чуулганы бэлтгэл хангах Ажлын хэсэг бүхий л ажлыг зохион байгуулж ажиллалаа.

МАХН-ын II Их чуулганы төлөөлөгч сонгох журамд, МАХН үндэсний хэмжээний намын хувьд Их чуулганаар хэлэлцэх намын Мөрийн хөтөлбөр, Дүрмийг хэлэлцэн шийдвэрлэхэд гишүүдийн оролцоог ижил тэгш хангах үүднээс  Их чуулганаас гарах шийдвэрт намын гишүүдийн санал бодлыг илэрхийлэх чадвартай, намын ажилд идэвхи зүтгэлтэй оролцож, намын бодлого шийдвэрийг тууштай дэмждэг гишүүдээ Их чуулганы төлөөлөгчоор сонгох, Сум, Аймгийн  төвийн баг, тосгон тус бүрээс нэг/1/, Улаанбаатар хотын  дүүргийн хороо бүрээс хоёр/2/ намын гишүүнийг МАХН-ын Их  чуулганы  төлөөлөгчөөр сонгох ба Их чуулганд сонгогдсон гишүүдийн 20 хувиас  хэтрүүлэхгүйгээр тооцож Гүйцэтгэх товчооны  гишүүн, Түмт мянгатын дарга, нарийн бичгийн дарга, намын дэргэдэх төрийн бус  байгууллагын төлөөллөөс /квотоор/ оролцуулахаар заасан юм. Журмын заалт шаардлагын дагуу Их чуулганыг зохион  байгуулах Үндэсний хороо, дэд хороонууд ажиллалаа.

Монголын ард түмний  язгуур эрх ашгийг дээдлэн ажилладаг МАХН энэ чуулганаараа олон чухаласуудлууд, тухайлбал, Монгол Улсын Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг Их чуулганы төлөөлөгчдөдөө танилцуулах гэж байна. Мөн энэ Их чуулганаараа МАХН-ын Мөрийн хөтөлбөр, Дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг намын дотоод амьдралтай холбоотой чухал асуудлуудыг ч хэлэлцэх болно.

Ийм учраас энэ Их чуулгандаа МАХН-ын бүх шатны байгууллага, гишүүн бүр  ихээхэн ач холбогдол өгч Чуулганы төлөөлөгчдөө сонгоход  хариуцлагатай хандсан гэдгийг цохон тэмдэглэж байна. Төлөөлөгч сонгох хурлыг намын анхан шатны байгууллагууд хийж,  төлөөлөгч бүр дээр ярилцсаны гадна чуулганаар хэлэлцэх асуудлууд дээр  намын гишүүдийн санал бодлыг нэгтгэн, энэ тухай материалыг  намын төв байгууллагад ирүүлсэн байна.

МАХН-ын IIИх чуулганы төлөөлөгчөөр Монголын 330 сум, 568 баг, 21 тосгонд  ажиллаж амьдарч байгаа  нийт 24828  гишүүдээ төлөөлж, аймаг, сумаас 566, нийслэлийн дүүргээс 304, квотоор 171 гишүүн сонгогдсон  байна.

Мандатын комисс нь Намын II Их чуулганы төлөөлөгчийг сонгох үйл ажиллагааг МАХН-ын Бага чуулганы 20 дугаар хуралдаанаас  баталсан “МАХН-ын II Их чуулганы  төлөөлөгчийг сонгох  журам” болон намын дүрмийн  дагуу аймаг, нийслэлийн  Мянгат, Түмт зөв зүйтэй зохион байгуулсныг тус Их чуулганд илтгэж байна.

МАХН-ын Онц их хурлын төлөөлөгчөөр оролцож байсан77 гишүүнэнэ Их Чуулгандаа дахин сонгогдож ирсэн байна.

Энэ Их чуулганд, өнгөрсөн хүнд хэцүү он жилүүдэд өөрт хэцүү үе байсан ч намын журмын нөхөдтэйгөө хамт байж, МАХН-аа удирдаж байсан, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байсан Нацагийн Удвал, Сайнхүүгийн Ганбаатар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Маамхүүгийн Чимгээ, Жанцангийн Эрдэнэчимэг, Чойжингийн Хурц нар сонгогдон ирж оролцож байна.

Мөн УИХ-ын гишүүн асан 4, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан  4 хүн Их чуулгандаа төлөөлөгчөөр сонгогдон иржээ.

Төлөөлөгчдийн  572 буюу 55 хувь нь эмэгтэйчүүд, 342 буюу 32,8 хувьнь 18-35 хүртэл насны залуучууд, 308 буюу  29,6 хувь нь 36-45 насныхан, 252 бууюу 24,2 хувь нь 46-60 насныхан, 126 буюу 12,3 хувь нь 61-ээс дээш насны  ахмадууд байна. Энэ нь МАХН-ын энэ удаагийн Их Чуулган намын гишүүдийнхээ ахмад, дунд, залуу үеийнхний залгамж холбоо, эмэгтэйчүүдийн  төлөөллийг бүрэн хангасныг харуулж байна.

Их Чуулганы  төлөөлөгчдийн хамгийн ахмад нь Нийслэлийн намын байгууллагаас сонгогдсон, 87 настай  Бямбаагийн Доржзодов, хамгийн залуу нь Увс аймгийн намын байгууллагаас сонгогдсон, 21 настай Нямжавын Нараа байна. Төлөөлөгчдийн  962 буюу 92,5 хувь нь  дээд боловсролтой байгаа бол, доктор, профессор 20,  магистр зэрэгтэй 147  гишүүн байна. Их чуулганд эдийн засагч  155, хуульч 45, багш 131, Эмч 77. Хөдөө аж ахуйн мэргэжилтэй 98, зохиолч сэтгүүлч 36,  бусад  төрөл бүрийн мэргэжлийн 498 гишүүн  сонгогджээ.

Их Чуулганд бизнес эрхлэгчдийн төлөөлөл 257 буюу 24, 7хувь нь байна.

Төлөөлөгчдийн дотор Монгол Улсын гавьяат цолтон 15, төрийн дээд шагналаар шагнагдсан 332 хүн байна

Их чуулганы төлөөлөгчөөр сонгогдсон 21 гишүүн байгаль цаг уурын хүндрэлтэй  нөхцөл байдал, бусад  хүндэтгэх шалтгаанаар  чуулгандаа  ирэх боломжгүй  болсныг дурьдаж байна.

гишүүдээс 21хүн хүндэтгэх шалтгаанаас чуулгандаа оролцож чадахгүй болсоны дотор, малын гоц халдварт өвчин Сүхбаатар аймгийн Онгон, Наран суманд гарч хорио цээр тогтоогдсоноос төлөөлөгчөөр сонгогдсон 3 хүн Чуулгандаа ирэх боломжгүй байгааг дурьдаж байна.

МАХН энэ Их чуулганаараа төлөвлөсөн асуудлуудаа амжилттай хэлэлцэн  шийдвэрлэх нь дамжиггүй бөгөөд Монгол оронд үүдэн бий болоод байгаа  нийгэм, эдийн засаг, улс төрийн хямралт нөхцөл байдлыг арилгах бодит ажлыг зөвхөн МАХН л хийж гүйцэтгэж чадна. МАХН-ын дэвшүүлэн тавьж байгаа зорилт, одоогийн нөхцөл байдалд өгч байгаа үнэлэлт дүгнэлт бол Монголын ард түмний үг юм.

Мандатын комисс бүх төлөөлөгчдийн  бүрэн эрхийг шалгаж үзээд Монгол Ардын Хувьсгалт Намын II Их чуулганы төлөөлөгчөөр сонгогдон хүрэлцэн ирээд байгаа 1020 төлөөлөгчийн  бүрэн эрхийг зөвшөөрч, таслах эрхийн  мандат олгох  шийдвэрийг баталж өгөхийг хүсье.

Их чуулганыхаа ажиллагаанд амжилт хүсье.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ