Пауэрлифтингийн 12 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн

2018-07-05

Л.Батдорж

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлтийн өсвөр, залуучууд, ахмад, насанд хүрэгчдийн 12 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд өнөөдөр эхэллээ. Тэмцээний нээлтийн ёслол 13:00 цагт болсон бөгөөд тус спортоор тив, дэлхийд өндөр амжилт үзүүлсэн тамирчдад цол зэрэг гардуулав. Энэхүү тэмцээний мастер ангиллаас шалгарсан тамирчид удахгүй Монголд болох пауэрлифтингийн мастер ангиллын ДАШТ-д оролцох эрх авах юм. Тэмцээнд оролцогчид дэлхийд тэргүүлэх Bull брэндийн тоног төхөөрөмж дээр дасгалаа гүйцэтгэж байгаа юм. Мөн энэ тэмцээнд 20 гаруй багийн нийт 270 гаруй тамирчин гурван төрөлд 396 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Тэмцээний эхний өдөр өсвөр, залуучуудын ангилалд медалийн эзэд тодрох бол маргааш насанд хүрэгчид, нөгөөдөр мастер ангилалд медалийн эзэд тодрох юм байна.

Дашрамд дурьдахад тус холбооны баг тамирчид он гарсаар бахдам амжилт үзүүлсэн бөгөөд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 120 кг-ын жинд Б.Цэрэнчимэд, пара пауэрлифтингийн ДАШТ-ий 105 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн байна. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олон арван тамирчин медалийн тавцанд гарч, тив, дэлхийн дээд амжилтыг эзэмшсээр байгаа юм.

Тэмцээний нээлтийн ёслолд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч З.Буяннэмэх, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баярхүү, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга тэргүүтэй эрхмүүд оролцлоо.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ