Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн суурийг тавилаа

2018-06-22

С.САРУУЛ

Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавилаа.  (2018.06.22)

Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байгаа юм. БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдэнэ. Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх манай оронд айлчлан ирж, биечлэн оролцож байна. Тэрээр, “Жар гаруй жилийн дипломат хамтын ажиллагааны түүхтэй манай хоёр орны хувьд энэхүү төсөл нь шинэ түүх болж байна. Харилцаа хамтын ажиллагаа, найрамдалт харилцааны хөгжилд үсрэнгүй дэвшил авчирч, стратегийн түншлэлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Монголчуудын хувьд олон жил хүсэн хүлээсэн газрын тосны үйлдвэртэй болох хүсэл бодит биеллээ олж, өнөөдөр үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлж байна” гэдгийг онцлов.  Газрын тос боловсруулах үйлдвэр нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд эзлэн баригдаж байна. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм. Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ