Шинээр гаалийн татвар ногдуулах АНУ-ын сүрдүүлэгт Хятад ийм хариу барив

2018-06-21

Д.ЭНХЭЭ

Хятадын бараанд шинээр гаалийн татвар ногдуулахаар Вашингтон сүрдүүлсний дараа Хятад улс эрүүл саруул үг яриаг анхаарч сонсохыг АНУ-д уриалав.

Хэрвээ Хятад улс америкийн бараа бүтээгдэхүүнд тавих гаалийн татвараа цаашид нэмэгдүүлэх аваас 10 хувийн гаалийн нэмэлт татвар ногдуулах 200 тэрбум долларын хятадын бараа бүтээгдэхүүний жагсаалт үйлдэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь үүрэг болгосон. Хятадын худалдааны яам Вашингтоны энэ үйлдлийг шантааж хэмээн нэрлээд хатуу хариу барихаа амласан.

“Бүгдэд хор хохирол учруулж буй үйлдлээ зогсоож, эрүүл саруул ухаанаар шийдэх замд буцаж орохыг Америкийн талд бид уриалж байна. Асуудлыг гагцхүү ингэж шийдэх гарц бий” хэмээн БНХАУ-ын ГЯЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн талаар “РИА Новости” өчигдөр мэдээллээ.

Бээжин худалдааны дайныг хүсэхгүй, тэгэхдээ бас түүнээс айхгүй гэж тэрээр онцлов.

“Бид улс орныхоо болон ард иргэдийнхээ эрх ашиг, олон талт худалдааны дэг журмыг эрс шийдвэртэй хамгаа­лахын тулд үр ашигтай арга хэмжээг авсаар байх болно” хэмээн ГЯЯ-ны албан ёсны төлөөлөгч нэмж хэлэв.

Америкийн тал хийсэн тохиролцоогоо үл хэрэгсэн, туйлбаргүй аашилж, бас дахин худалдааны дайн өдөөж байна хэмээн Гэн Шуан онцлов. “Иймэрхүү үйлдлүүд дэлхий нийтийн хамтын нийгэмлэгийн итгэлийг алдаж, нийт хүн төрөлхтний ашиг сонирхолд хохирол учруулж байна” гэж төгсгөлд нь хэлсэн байна.

Трамп өнгөрсөн долоо хоногийн сүүлээр жилийн 50 тэрбум долларын Хятадын бараанд 25 хувийн импортын татвар ногдуулах болсон. Энэ шийдвэр долдугаар сарын 6-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Үүнээс гадна хэрвээ өмнө тогтоосон татварын хариуд Бээжин арга хэмжээ авбал өөр хураамж авах болно хэмээн Америкийн лидер сүрдүүлжээ. Гэсэн ч Америкийн 659 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн гаалийн татвар ногдуулснаа Хятадын эрх баригчид нэн даруй зарласан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ