ОХУ Америкийн бараанд импортын нэмэлт татвар тогтооно

2018-06-20

Д.ЭНХЭЭ

Ган төмөр, хөнгөн цагаанд тогтоосон гаалийн татварын хариуд АНУ-ын импортыг хязгаарлах арга хэмжээ авна гэж ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны тэргүүн Максим Орешкин мэдэгдсэн байна.

Тэрээр мэдэгдэхдээ АНУ ган төмөр, хөнгөн цагаан оруулахад нэмэлт татвар тогтоох хэлбэрээр хамгаалах арга хэмжээг үргэлжлүүлэн авч байгаа, ОХУ-д учирч байгаа алдагдалд нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаатай холбогдуулан ОХУ одоо Дэлхийн худалдааны байгууллагаас олгосон өөрийн эрхийн дагуу АНУ-ын импортын бараанд тэнцвэржүүлэх арга хэмжээ авч байна” гэв.

Эдгээр арга хэмжээ зөвхөн ОХУ- д үйлдвэрлэдэг ижил төрлийн бараанд хамаарах бөгөөд ойрын үед хэрэгжиж эхэлнэ хэмээн сайд тодотгов. Энэ бүхэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлөхгүй хэмээн тэрээр нэмж хэлэв.

Ган төмөр, хөнгөн цагаанд гаалийн татвар ногдуулсны хариуд АНУ-ын 537,6 сая долларын бараанд гаалийн татвар ногдуулж магадгүй гэдгээ ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад тавдугаар сарын сүүлчээр мэдэгдсэн.

АНУ гуравдугаар сарын сүүлчээр ОХУ-аас оруулах ган төмөрт 25, хөнгөн цагаанд 10 хувийн гаалийн татвар ногдуулсан. Вашингтон энэ шийдвэрээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар үндэс болгодог.

Үүнийг худалдааны маш олон түнш дургүйцэн хүлээж авсан. ОХУ энэ шийдвэрийг хууль бус гэж нэрлээд хариу арга хэмжээ боловсруулахаа амласан билээ.

Америкийн зарим бараанд гаалийн татвар ногдуулан Вашингтоны үйлдлийн хариуг Бээжин аль хэдийнэ авчээ. Худалдааны ширүүн дайн болох гэж олон шинжээч төсөөлж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ