Д.Гантулгыг чөлөөлж, дэгийн тухай хуулийг дэмжив

2018-06-15

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Саналыг нууцаар хураахад хурал­даанд оролцсон гишүүдийн 75 хувь нь чөлөөлөх нь зүйтэй хэмээн үзсэн юм.  Ийнхүү Д.Гантулгын өргөдлийг УИХ хүлээн авч, түүний хүсэлтээр болгов.  Үүний  дараа чуулганаар Дэгийн тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  асуудлыг хэлэлцэн, дэмжив.  Хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын гишүүд санал өгөхдөө хурууны хээгээр бүртгэх, хуралдааны зохион байгуулалттай холбоотой байнгын хорооны хуралдааныг бусад байнгын хороо болон чуулганы хуралдаантай давхцуулахгүй байх, гишүүний ирцээс шалтгаалан эгүүлэн татах зэрэг өөрчлөлт орно.  Энэ асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-УИХ өөрөө хурдтай, шуурхай биш дэлхийгээс хоцроод байна. Байнгын хороодын хуралдаан, ажлын хэсгийн хуралдаануудыг журамлах ёстой. Гадаад, дотоодод яваад чуулганы танхимд суухаас илүү дэлхийн аль ч өнцгөөс хуралдаандаа саналаа хэлдэг байх боломж байгаа. Үүнийг хуулийн төсөлд тусгах уу. УИХ-ын гишүүд хариуцлагын асуудлыг ярихаас гадна удирдлагууд бас хариуцлагатай байх ёстой. Ажлын хэсэг, байнгын хорооны дарга гэх мэт удирдлагын хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Хуульд мэдээлэл, технологийн зарим зүйлийг тусгасан зүйл бий. Гэхдээ гадаадад эсвэл өөр газар явж байгаад санал өгөх технологийн шийдэл тусгагдаагүй. Цаашид санал гаргаад, ийм чиглэлийн техник, техно­логийн шийдэл байгаа эсэхийг судлах боломжтой.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Хамгийн их хурал тасалдаг гишүүдийн судалгааг иргэдэд нээлттэй болгох ёстой. Манай парламент шиг 76-уулаа үг хэлдэг газар хаана ч байхгүй. Үнэхээр дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол  өөрсдөөсөө шударга ёс, хариуцлагатай болгох зорилгоор хуулийн төслийг оруулж ирж байгааг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох, ёс зүйн чадавхыг нь нэмэгдүүлэх, нийгмийн хүлээлтэд хариулт өгсөн хууль. Төрийн албан хаагч, хувийн компанийн ажилтан ажлаасаа хоцроход л цалингаасаа хасуулах, ажлаасаа халагдах зэрэг арга хэмжээ авахуулдаг. Гэтэл УИХ-ын гишүүд хариуцлага хүлээдэггүй. Энэ хууль эргэж үйлчлэхгүй, батлагдсан өдрөөсөө л хэрэгжээд явна. УИХ-ын гишүүд ч хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой юм.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг. Магадгүй гишүүд хууль бус зүйл хэлэх, хууль зөрчсөн агуулгатай зүйл уриалах, бие биенийгээ доромжлох асуудал гардаг. Энэ асуудлаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй. Мөн санал өгөх асуудлыг хэрхэн зохицуулсан бэ. Гишүүд өөрсдийнхөө кнопоор саналаа өгдөг байх ёстой. Гишүүдийг эгүүлэн татах асуудлыг тодорхой болгож өгнө үү.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг заалттай тухайлан өөрчлөлт оруулаагүй. Ер нь хуралдааны явцад ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл Ёс зүйн дэд хороонд хандана гэсэн заалт оруулж өгсөн. Санал өгөхдөө кноп дарах, хурууны хээ зэрэг асуудлыг оруулаагүй. Зөвхөн хүний өмнөөс санал өгдөг байдлыг зог­соож байгаа. Эгүүлэн та­тах хүрээнд нийт чуул­ганы хуралдааны цагийн гуравны нэгд суугаагүй бол эгүүлэн татах асуудлыг оруулж ирж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Хуулийг албан болон албан бусаар тайлбарладаг. Тиймээс бид өнөөдөр албан бусаар ярьж болохгүй. Ард түмэн үүнийг хүсч байгаа гэх юм, яг хүсч байгаа эсэх нь эргэлзээтэй. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна гэдэг нь шууд Үндсэн хууль зөрчиж байна. Гишүүний хуралдаа суухгүй, санал өгөхгүй байна гэдэг нь хувь гишүүний л асуудал гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ