Ж.Санчир: Хоёр Солонгосыг нэгтгэхгүй байх нь том гүрнүүдэд ашигтай

2018-06-12

Т.БАТСАЙХАН

Тогтвортой хөгжлийн стратегийн хүрээлэн”-гийн дэд захирал, улс төр, хөгжлийн бодлого судлаач Ж.Санчиртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

Өнөөдөр АНУ, Хойд Солонгосын удирдагчдын уулзалт Сингапурт болж байна. Үүний өмнө уулзалтыг Монголд зохион байгуулна гэсэн яриа гарсан. Ер нь ийм боломж байсан уу.   Энэ талаар яриагаа эхлэх үү?

– Томоохон хэмжээний улс төрийн уулзалтууд дэд бүтэц хөгжсөн, өндөр хөгжилтэй оронд болдог.  Энэ бол олон улсад бичигдээгүй ч  хууль мэт мөрдөгддөг зүйл. Тэгэхээр хоёр гүрний удирдагчдын уулзалт Монголд болно гэдэг уулзалтын өмнөх хөөс төдий  л мэдээлэл байв.

Экс Ерөнхийлөгч маань мэдээллийг анх гаргаж байсан. Тэрээр  манай улс ийм уулзалт зохион байгуулах хүсэлтэй гэдгээ үүгээр илэрхийлсэн байж  магадгүй. АСЕМ зохион байгуулсан туршлагатай учир боломжтой, чадна гэж бодсон байх.  Үүнийг нь олон улсын Монгол судлаачид өлгөж аваад байх боломжтой юм биш үү гэж гаргаж ирсэн.  Гэтэл бодит байдал арай өөр л дөө.

Д.Трамп, Ким Жон Ун хоёрын уулзалтад олон улс нэлээд ач холбогдол өгч байна. Юу яригдах бол. Манай улсад нөлөөлөх нөлөөлөл юу байх вэ?

-Солонгосын хойг цөмийн зэвсэггүй болох алхмуудаа хийгээд эхэлсэн. Хоёр том гүрний удирдагчдын уулзалт АНУ төдийгүй олон улсад энхтайвныг авчирна гэдгийг харж байна.  Манай улсад энэ уулзалтын нөлөөлөл шууд ирэхгүй.   Учир нь манай улс Хойд Солонгостой найрамдлын харилцаатай боловч эдийн засгийн асуудал дээр хангалтгүй ажилладаг.  Тэгэхээр АНУ Хойд Солонгост хөрөнгө оруулалт хийх шийдвэр гарлаа гэж бодоход манайд нөлөөлөл багатай. Харин эсрэгээрээ байдал хурцдаж, уулзалт амжилтгүй болбол ямар нэгэн байдлаар манайд нөлөөлөх магадлалтай

Өмнөд болон Хойд Солонгосыг нэгтгэх асуудал яригдаж байна.  Үүнийг та  юу гэж харж байна вэ?

-Тухайн хоёр улсыг нэгдэж байна гэхэд их хэцүү. Тэд бүс нутгийн хэмжээндээ маш том тоглогчид юм. Ялангуяа, Хойд Солонгос БНХАУ-ын АНУ болон ОХУ-тай харьцах шатрын хүү нь буюу туслах тоглогч байсаар ирсэн.  Өмнөд Солонгос болон Япон улс АНУ-ын зэвсгийн хамгаалалтад байдаг. Үүгээрээ дамжуулж эдийн засгаа тогтвортой болгодог нөлөөний улс.  Тиймээс АНУ болон БНХАУ-ын хоорондын харилцаа тийм ч таатай биш байгаа учраас одоогийн байдлаар хоёр улс нэгдэх боломжгүй.  Хоёр Солонгосын нэгдэх асуудал 1970-аад оны сүүлчээс гарч ирсэн.  Ялангуяа, Хойд Солонгос албан ёсны байр суурьнаас бидний ирээдүйн зорилго бол Өмнөд Солонгостой нэгдэх гэдэг байсан. Өмнөд Солонгосууд ч бас нэгдэнэ гэдэг ч одоогийн нөхцөл байдалд бодитоор хэрэгжих боломжгүй асуудал юм.  Тэд салангад байх нь АНУ, ОХУ-д улс төр, эдийн засгийн хувьд ашигтай.

Хоёр хөршийн Төрийн тэргүүнүүд өөрийн улс орондоо байр сууриа бэхжүүлчихлээ. Саяхан болсон ШХАБ-ын уулзалт дээр В.Путин Ши Жиньпин нар хоорондоо нэлээд “нялуун” харагдаж байна лээ. Үүнийг та хэрхэн харж, дүгнэж байв?

-Тэдний  харилцаа сал­бар бүр дээр өөр байгаа юм. Эдийн засгийн хувьд ОХУ түүхий эд ний­лүү­лэх, БНХАУ түү­хий эд боловсруулах байдал­тай байна. ОХУ өргөн хэрэглээний барааг их импортлодог. Гэхдээ бү­тээг­дэхүүнийнх нь төр­лийг авч үзвэл хязгаарлагдмал. Тэгэхээр тэдний харилцааг эрх тэгш, харилцан ашиг­тай гэж хэлэхэд хэцүү юм.

Хоёр хөршийн  сайн харилцаа нь манай улсын улс төр, хөгжлийн асуудалд яаж нөлөөлөх бол?

-Тэдний эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хийж байгаа төслүүдэд ОХУ Монгол Улсын өрсөлдөгч болж байна.  ШХАБ-ын чуулган дээр  ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монгол руу хийн хоолойг дамжуулах боломжийг хайх асуудлыг ярьсан. Гэвч БНХАУ-аас  энэ талаар ямар нэгэн санал хэлээгүй. Энэ асуудлыг өмнө нь олон удаа ярьж байсан ч одоогийн байдлаар бүтсэн зүйл алга.  Тэгэхээр хоёр хөршийн хүрээнд яригдаж байгаа асуудлууд манайд төдийлөн ашигтай байдлыг бий болгож чадахгүй.

ШХАБ-д элсэх эсэх асуудал нэг хэсэг эрчээ авлаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байв?

-Дэлхийн нөхцөл байдлыг харахад блокуудад хуваагдаж  эхлэх гэж байна. Хоорондоо  газар нутгийн маргаантай Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-д элсэн орсон. ШХАБ-ыг улс орон бүр өөртөө хэрэгтэй  талаас нь харж байна. Манай улсын хувьд төр, засгаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй. Тодорхой судалгааны материал гаргаж ирээгүй. Судлаачид л таамаглал дэвшүүлэхээс өөр зүйл хийж чадахгүй байна. Саяхан болсон ШХАБ-ын уулзалтын дараагаас урд хөрш сүртэй мэдэгдлүүдийг хийж эхлээд байна.  Тухайлбал  “Бүс нутгийн байгууллага хөгжлийнхөө замд гарчихлаа. ШХАБ-т нэгдсэнээр  эдийн засаг, дэд бүтцийн төслүүд хурдацтай явах болсон” гэх маш эерэг мэдээлэл гаргах болсон. Харин ОХУ-аас харьцангуй чимээгүй байна.  Мөн энэ хүрээнд БНХАУ-д яригдаж байгаа “Зам ба бүс” төслийг олон орон эерэгээр хүлээж авч байна.  Гэхдээ энэ төслийн яригдаж байгаа зүйл нь хийж байгаа зүйлээсээ зөрөөд байгаа юм. Яагаад гэвэл бусад улс орон бодохдоо шууд  хөрөнгө оруулалт орж ирнэ эсвэл ямар нэгэн дэд бүтэц баригдана гэж бодож байгаа. Гэвч  энэ нь “БНХАУ шууд  хөрөнгө оруулалт хийх юм байна” гэсэн өрөөсгөл ойлголт дээр суурилж байгаа. БНХАУ шууд  хөрөнгө оруулалт хийхгүй. Тэд эхний хөрөнгө оруулалтыг суурь хөрөнгө оруулалт хийгээд бусад хөрөнгө оруулалтыг хувийн банк, хөрөнгө оруулалтын сангуудаас татах хүсэлтэй. Үүнд би хоёрдмол байр суурьтай байна.

Элсэхгүй  бол бүс нутагтаа ганцаардмал  байдалтай үлдэнэ гэж ярьж байна. Үнэхээр ийм байдалд орох уу?

-Ийм байдал ажиг­лаг­даж магадгүй.  Тухайлбал, “Евро-Ази эдийн засгийн холбоо” гэж ОХУ, Казахстан улс тэргүүлсэн байгууллага байдаг. Үүнд ОХУ-ын харьяанд байсан ихэнх улс элссэн. Энэ байгууллага БНХАУ-ын “Зам ба бүс” төслийг сөрж гарч ирсэн. Бүх тоглогч өөрийн гэсэн байр сууриа хамгаалах зорилготой.  Жижиг улсуудын хувьд ямар нэгэн эдийн засгийн холбоонд элслээ гэхэд  бидэнд ямар давуу тал үүсэх вэ гэсэн эхний зарчмыг баримталдаг. Евро-Ази эдийн засгийн холбоонд элссэн жижиг улсуудад эерэг өөрчлөлт гарсан нь маш бага байгаа юм.  Харин ШХАБ нь аюулгүй байдлын байгууллага гэгддэг ч эдийн засгийн асуудлыг зэрэгцүүлж авч үзэж байна. Энд маш олон тоглогч байгаа. Үүнийг зөвхөн БНХАУ, ОХУ  гэж харж болохгүй. Томоохон корпориаци, үйлдвэр, хөрөнгө оруулалтын банкууд байна. Үүнд маш их судалгаа хэрэгтэй.

Одоогийн удирдагчид гадаад харилцаан дээр хэрхэн ажиллаж байна гэж дүгнэх вэ?

-Манай улс 1990 оноос хойш зөвхөн хоёр хөрштэйгөө харьцах харилцаан дээр хэт их анхаарал хандуулж байна.  Эсвэл гуравдагч орны талаар ярьдаг.  Гадаад харилцааг ийм байдлаар төсөөлж болохгүй . Бидэнд илүү хэрэгтэй түншлэлүүд олон байна.  Тэднийг орхигдуулаад байна. Үндэстэн улсуудын хажуугаар том корпориа­циуд гэж гарч ирсэн. Эдгээр нь дундаж хөгжиж буй улсаас илүү орлоготой. Бид нэг улстай хамтарч ажиллана гэхээсээ илүү бусад тоглогчтой хамтарч ажиллах хэрэгтэй. Ялан­гуяа, манай улстай ижил эдийн засагтай харьцуулж болохуйц хэмжээний улсуудтай хамтарч ажиллаж байж бусад том тоглогчидтой харилцах хүчийг бий болгож чадна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ