G8-ыг эгүүлж бүрдүүлэх уриалгад Путин ингэж хариулав

2018-06-12

Д.ЭНХЭЭ

“Их найм” (G8)-ын форматыг эгүүлж бүрдүүлэх саналын хариуг Оросын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын Чиндаод болсон ШХАБ-ын уулзалт дээр хийсэн мэдэгдэлдээ өглөө хэмээн “Интерфакс” уламжлав.

“Орос улс “их долоо”, “их найм”-д эргэж орох тухайд бол бид түүний бүрэлдэхүүнээс гараагүй. Тухайн үедээ хамтрагч нар маань тодорхой үзэл бодлын үүднээс Орост ирэхээс татгалзсан. Та бүхэнтэй Москвад учран золгохдоо бид баяртай байх болно” гэж оросын лидер хэлэв.

Үүний хамт тэрээр Олон улсын валютын сангийн (ОУВС) баримт бичигт гэрчилснээр ШХАБ-ын улс орнууд G7-ийн гишүүдтэй аль хэдийнэ зэрэгцсэн, түүгээр ч барахгүй худалдан авах чадварын үзүүлэлтээр тэднийг гүйцэж түрүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэв.

“Хүн амд ногдох тооцоогоор “долоогийн” хэмээн нэрлэгдэх улс орнууд илүү баян, гэхдээ ШХАБ-ын улс орнуудын эдийн засгийн цар хэмжээ илүү том юм. Хүн амын тоогоор ч мэдээж хэд дахин их, Дэлхийн бөмбөрцгийн тал нь байгаа билээ” хэмээн Путин онцлов.

G8 форматыг эгүүлж бүрдүүлэх хүсэл сонирхлыг эхэлж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургадугаар сарын 8-нд илэрхийлж мэдэгдсэн. Америкийн лидерийн хэлснээр “долоо”-гийн уулзалтад оролцогчид энэ асуудлаар санал хураагаагүй боловч хэлэлцсэн ажээ. G8-ыг эгүүлж бүрдүүлэх санааг Итали улс ил тод дэмжсэн. Үүнээс өмнө Герман улс эсрэг байр сууриа илэрхийлсэн.

2014 онд Крымыг Орос улстай нэгдсэний дараа G8 формат оршин тогтнохоо больсон. Тэр үед дэлхийн томоохон гүрний лидерүүд Орос улс даргалж Сочид зохион байгуулах ёстой байсан “Найм “-ын уулзалтад оролцохоос татгалзсан юм. Энэхүү уулзалтын оронд “долоо”-гийн G7 (Франц, Их британи, АНУ, Герман, Япон, Итали, Канад) уулзалт Брюссельд болсон билээ. Уулзалтад мөн Европын холбооны төлөөлөгчид (Европын холбоо болон Европын комиссын дарга нар) оролцдог.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ