ОХУ-ын өндөр технологитой жижиг дунд үйлдвэр байгуулах боломж бүрдэв

2018-06-11

Ц.МЯГМАРБАЯР

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Оросын экспортын төвтэй хамтарч Орос Монголын худалдаа эдийн засгийг сайжруулах, зорилгоор “Монгол- Оросын  санаачлага-2018” чуулга уулзалтыг өргөн хүрээнд зохион байгуулав. Бизнес дугуй ширээний ярилцлага, бизнес форум, салбар хуралдааныг өнгөрсөн баасан гаригт Шангрилад зохион байгуулсан юм. Мөн төв талбайд  гурван өдөр үзэсгэлэн худалдааг  зохион байгуулав. ОХУ-аас зургаан салбарын 12 бүс нутгийн  64 компанийн төлөөлөл оролцов. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрллээс гадна уул уурхай, барилга, эрчим хүчний салбар түүнчлэн онгоц үйлдвэрлэдэг “Сүхэ супер жит” компани оролцож манай улсад анх удаа онгоц нийлүүлэх  саналыг тавьсан юм. Сүүлийн хоёр жил тус компани 200 гаруй онгоц борлуулсан аж.  “Хүннү Эйр”,”Аеро Монголия”, “ МИАТ ” зэрэг манай авиа компаниудад онгоц худалдан авах, түрээслэх боломж байгааг уулзах үеэрээ санал болгов. Тус компанийн онгоц  үнэ өртгийн хувьд хямдаас гадна түрээслэх, засвар үйлчилгээгээ Эрхүү хотод хийх боломжтой гэдгээр манай авиа компаниудын сонирхлыг ихэд татаж байсан юм. Мөн үүний зэрэгцээ Шадар сайдын ивээл дор хоёр улсын банкуудын уулзалт болж гэрээ хэлцэл байгуулж, санамж бичигт гарын үсэг зурав. Үүний үр дүнд  Монгол Оросын  санхүүгийн хөрөнгө оруулалт хамтын ажиллагааг уялдуулж  банк хоорондоо хамтарч ажиллах ямар боломж байгааг эрэлхийснээр ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид онцлов. Дугуй ширээний ярилцлага,форумын хүрээнд Голомт, Худалдаа хөгжлийн банк болон Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкны хооронд “Бүх талт хамтын ажиллагааны гэрээг “ байгуулсан юм. Тухайлбал,  Голомт банк ОХУ-ын “Экзар” буюу хөрөнгө оруулалт санхүүгийн даатгалын агентлаг болон  Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкны хооронд санамж бичиг байгуулж гэрээнд гарын үсэг зурав. Голомт банк эдгээр банкуудтай сүүлийн жилүүдэд тогтвортой  хамтарч ажиллаж байгаа аж. Гэрээнд гарын үсэг зурснаар дараагийн шатны хамтын ажиллагааг илүү нээлттэй болгож байгаагаар ач холбогдолтой аж. Жишээлбэл, “Экзар” болоод “Русь Экзем” банкны хүрээнд 20 орчим сая ам.долларын түлш, шатахуун, улаан буудай зэрэг технологийн шинж чанартай  бүтээгдэхүүнийг  ОХУ-аас импортлоход  даатгалын болоод баталгааны асуудлыг шийдэж буй. Харин  Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банктай төслийн болоод худалдааны санхүүжилтын хүрээнд хамтын ажиллагаагаа өрнүүлэхээр болжээ. Өнгөрсөн жил 10 орчим сая  ам.доллароор 2-3 худалдааны санхүү­жилтын гэрээгээр зарим төсөл түүний дотор банк хоорондын нөөцийн удирдлагын  хамтын ажиллагааг сайж­руу­лахад зарцуулжээ. Ирэх жилүүдэд улам өргөжүүлэхээр зорьжээ. Ингэснээр манайд ОХУ-ын өндөр технологитой жижиг дунд үйлдвэрийг бай­гуулна. Мөн тухайн жилийн түлш болон  улаан буудайн хэрэг­цээг хангахад санхүүгийн хэрэгслийг ашиг­лах боломж бүрдэж­ буй. Түүнчлэн дараагийн шатанд экспортын хэрэгцээнд боловсруулсан мах, махан болон ноос, ноолууран бүтээгдэхүүн бусад нэмүү өртөг шингээсэн бүтээг­дэхүүнийг  экспортлоход банк хоорондын хамтын ажиллагаа чиглэнэ хэмээн Шадар сайдын зөвлөх Ц.Ганболд ярьлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ