Эр хүн уйлдаг юм

2014-01-07

Хайрлана, жаргаана гэж авч суусан эхнэрээ зодсоор байгаад алчихдаг эр хүнийг ойрын өдрүүдэд бид яасан их жигшин зэвүүцэвээ. Хүчирхийлэл гэдэг үг хүн бүрийн чихэнд хамгийн муухайгаар сонсогдож, улсын Ерөнхийлөгч хүртэл эрчүүддээ хандан “ Бүгдээрээ жинхэнэ эрчүүд байя, охид бүсгүйчүүдээ хамгаалья” гэж уриалаад байна. Ингэхээс ч аргагүй жигшим явдлууд сонин хэвлэлийн хуудас, телевизийн дэлгэцээс салсангүй. Хүчирхийлэгчид ногдуулах хариуцлагыг чангатгах хуулийн төсөл хүртэл дуулдаж байна. Гэвч нэгэнт үйлдэгдсэнийх нь дараа тэр хүчирхийлэгчийг шийтгээд өнгөрөх нь бодит үр дүн мөн эсэх нь эргэлзээтэй. Мэдээж хэрэгтэн  хариуцлагаа үүрэх нь тодорхой л доо. Гэр бүлийн хүчирхийллийн 80 хувьд хохирогч нь охид, бүсгүйчүүд байдаг. Ингэхээр хүчирхийлэгч нь эрэгтэй хүн. Ерөөс энэ сэдвээр ярихад яалт ч үгүй эрчүүд голлоно. Эмэгтэйчүүд ийм хэргийн эзэн болсон тохиолдол бий ч харьцангуй цөөн. Тэгвэл хүчирхийллийн уг үндэс нь юу вэ. Эрчүүдийг тодорхойлдог өнөөх олон зан чанарууд байна. Юунд ч бууж өгдөггүй хор шар, чадах ёстой чадахгүй бол эр хүн биш гэсэн бардам итгэл, хайртай хүнээ ер нь юм бүхнээ өмчирхөх үзэл гэх мэт. Эрчүүдийг  багаас нь хүмүүжүүлж, тархинд нь суулгаж байгаа зарим буруу үзлүүд өнөөдрийн хүчирхийллийн эх үндэс болж байгааг анзаарах цаг болжээ. Гүйж явсан хүүгээ бүдрээд ойчиход нь “Эр хүн чинь уйлдаггүй юм бос бос” гэнэ. Харин охиноо унавал “Эвий дээ миний охин яав ийв зүгээр үү” гэнэ. Эр хүн л юм чинь уйлж болохгүй, охид шиг гоморхож болохгүй, олон үг ярьж болохгүй. Энэ бол өнөөгийн бидний хөвгүүдээ хүмүүжүүлж байгаа тун тодорхой жишээ. Тиймээс л хөвгүүд тулгарсан бэрхшээлээ бусадтай хуваалцдаггүй, бүхнийг өөрөө зохицуулах дотоод сэтгэлгээтэй болдог. Амьдралаа ярихын тулд архийг сонгодог нь эрчүүдийн нийтлэг шалтгаан. Үүнд зөвхөн тааруулаад уух, хэтрүүлэн донтох гэсэн хувь хүний сонголт л ялгаатай. Энэ нь нөгөө л багаасаа ярьж хэлж чадаагүй зүйлээ, өөрөөр хэлбэл, дотоод сэтгэлээ илэрхийлэх гэсэн нэг арга нь. Өөрийгөө нээж, илэрхийлж чадаагүй эр хүн аливаа зүйлийг удаан хугацаанд дотроо тээсний эцэст хамгаас хайртай хүмүүстээ нэг дор гаргаж орхино. Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн эхлэл юм. Хувь хүний араншин,  өсөж том болсон орчин гээд олон хүчин зүйл үүнд нөлөөлөх ч багаас нь хүмүүжүүлэх ухаан яах аргагүй чухал болж таарч байна.  Боловсролын хувьд ч тэр. Монголын эрэгтэйчүүдийн боловсролын байдлыг авч үзвэл нийт суралцагсдын 52.5 хувь нь эмэгтэй, 47.5 хувь нь эрэгтэй. Их дээд сургуульд 60.5 хувь нь эмэгтэй, 39.5 хувь нь эрэгтэйчүүд суралцаж байна. Албан бус хэвшилд ажилладаг насанд хүрээгүй хүүхдийн 64.3 хувь нь хөвгүүд, тэдний 58.7 хувь нь сургууль завсардсан байна. 18 нас хүрсэн залуусын 12 хувь нь, цэргийн үүрэгт алба хааж буй залуусын 20 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй байна.

Эрэгтэй хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хөгжил өсвөр насандаа эмэгтэй хүүхдийнхээс хоцорч явдаг гэдгийг шинжлэх ухаан хэдийнэ тогтоосон. Гэтэл энэ шалтгааныг тоолгүйгээр ахлах ангиа төгсөхөд нь ижилхэн төвшинд үнэлдэгээс болж сургуульгүй хоцрох явдал хөвгүүдийн дунд олон бий. 1990-ээд оны нийгмийн өөрчлөлтүүд, шилжилтийн явцад ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал ихэссэн. Тэр үед сургууль завсардах явдал эрс нэмэгдэж 1992-1993 оны хичээлийн жилд сургуулиас завсардсан хүүхдийн тоо нийт сурагчдын 8.8 хувийг эзэлж байжээ. Завсардсан сурагчдын дийлэнх нь хөвгүүд байж. Өнөөдрийн нийгэмд гэмт хэрэг үйлдэгсэд тэр үеийн сургууль завсардсан хүүхдүүд байгааг ч судлаачид хэлж байна. Тэгэхээр хүчирхийллийг ор үндсээр нь устгахад туслахын тулд өнөөдрөөс хөвгүүдийнхээ боловсролд бас хүмүүжилд онцгой анхаарах шаардлага тулгарчээ.  Эр хүн ч бас уйлдаг юм шүү дээ.

 

Speak out

 

М.Цасчихэр:

СЭТГЭЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ ЧАДАХГҮЙГЭЭС ЭРЧҮҮД БАЙНГЫН БУХИМДАЛТАЙ ЯВДАГ

Эрчүүд, эрүүл гэр бүл төв” ТББ-ын зохицуулагч

-Эрэгтэй хүүхдийг цэцэрлэгт байхаас нь өөрийгөө илэрхийлж сургах хэрэгтэй. Эр хүн уйлдаггүй, хатуу чанга байх ёстой гэж багаас нь сургадаг нь буруу юм. Эрэгтэйчүүд юм бүрийг мэдэрдэг ч түүнийгээ ил гаргаж чадахгүй байнгын  бухимдалтай, стресттэй явдаг. Түүнийгээ хурааж  хурааж байгаад нэг цагт тэсэрнэ. Ер нь суурь боловсролд эрэгтэй, эмэгтэй гэж ялгаж болохгүй. Цэцэрлэг, яслиас нь өөрийгөө илэрхийлж сургах ёстой. “Чи хүүхэд ч гэсэн хүн шүү” гэсэн үзлийг багаас нь суулгах ёстой юм.  Ингэвэл тэр эрэгтэй уйлж, зовж байгаа хүнийг ойлгох чадвартай болно. Чи эр хүн юм чинь хатуу чанга байх ёстой гэж заах нь  нэг бол баатарлаг эсвэл тэрслүү дүр эсгэсэн хүмүүсийг бий болгож байна. Өөрийгөө илэрхийлж чадахгүйгээс болоод хайрцаглагдсан амьдралд байгаа нь эрчүүдийг дутагдалтай болгож байгаа юм.

 

С.Эрдэнэ:

ЭРЭГТЭЙ ХҮҮХДЭД ТАВИХ ХАЛАМЖ БАГА БАЙНА

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

-Манай уламжлалт ёс заншил, хүүхдэд тавих анхаарал, хайр халамж нь учир дутагдалтай байна. Эцэг, эх ихэвчлэн эмэгтэй хүүхдээ боловсрол, мэргэжилтэй болгоход илүү анхаардаг нь судалгааны дүнгээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүүхэд нь өөрөө өөрийгөө авч явах чадвартай, ямар ч хүнд хэцүү нөхцөлд амьдарч чадна гэх үзэл манайд их байгаагаас болж эрэгтэй хүүхдийн боловсрол, тэдэнд тавих анхаарал хаягдсан байна. Их сургуульд суралцаж байгаа оюутнуудын ихэнх нь эмэгтэй оюутан байна. Эцэг, эхийн эрэгтэй хүүхдэд тавих хайр халамж бага. Анхаарал халамж бага тавьснаас болж тэдний суурь хүмүүжилд муугаар нөлөөлдөг. Энэ бүхэн эрэгтэй хүмүүсийг нийгэмд хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлөх гол шалтгаан болж байна. Тиймээс эрэгтэй хүүхдийн боловсролд багаас нь анхаарч хамгийн гол нь гэр бүлээс нь хайр халамж, тавих шаардлагатай.

 

Ц.Түвшинтөгс:

ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛД БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ

Монгол Улсын гавьяат багш

-Гэр бүл хэврэгшиж, хүчирхийлэл үүсэхийн шалтгаан гэвэл хүүхэд залуучуудыг гэр бүлийн амьдралд бэлдэхгүй байна. Залуус таамгаараа, сэтгэл хөдлөлөөрөө гэрлэцгээх болж. Хоёрдугаарт насан хүрсэн хүмүүсийн амьдралд хөндлөнгийн оролцоо их байна. Мөн эдийн засгийн шалтгаан чухал нөлөөлж байгаа. Хуучин цагт үр хүүхдээ гэрлүүлээд өв хөрөнгө тасдаж өгөөд тусад нь гаргадаг байлаа. Одоо бие даалгаж гаргахаа больчихож, хажуудаа л байлгаад байх юм. Энэ нь залуучуудыг амьдралд сургахгүй байгаа хэрэг. Түүнчлэн нүүдлийн, суурин гэсэн хоёр иргэншил зохицож өгөхгүй байна. Гэр бүлийн салалт, асуудлыг судалдаг судалгааны байгууллага тун цөөхөн байна. Ийм шалтгаанууд гэр бүлийн хэврэгшлийг бий болгоод байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ