МАН-ын бүлгийн хагарал буюу Хүүхдийн мөнгө

2018-05-25

Т.САЙХАН

УИХ-ын  чуулганаар өнөөдөр /05.25/ хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд дээрх асуудлаар хоёр цагийн турш маргалдав. Ардчилсан намын гишүүд хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн УИХ-ыг гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ нар ч хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Ч.Хүрэлбаатар аа чи Богд уулын хажууд хэдэн тэрбумын хауст амьдарч байгаа

-Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүүхэд бүрд мөнгө өгнө гэж тусгасан. Хүүхдийн мөнгийг ярьж эхэлсэн цагаас хойш хүүхэд бүхэнд мөнгө олгох ёстой гэж үздэг гишүүдийн нэг нь би. Ардын хүүхэд бүрт мөнгө өгч, хүүхдийн мөнгө олгосныхоо төлөө бид огцорсон. Сангийн сайд мөнгө байгаа гэж ярьсан. Өнөөдөр төсвийн тодотгол хийхгүй, төсөв давж биелсэн гэж ярьж байгаа. Та багш, эмч нарт зүгээр мөнгө олгож, 54 тэрбум төгрөг зарцуулсан. Та буруу бодлого явуулаад байна. Мөнгөтэй төгрөгтэй албан тушаалтай айлд энэ 20 мянган төгрөг хэрэггүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чи Богд уулын хажууд хэдэн тэрбумын хауст амьдарч байгаа. Чам шиг хүнд 20 мянган төгрөг хэрэггүй байж болно. Харин ардын хүүхдүүдэд энэ мөнгө хэрэгтэй шүү” гэлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Нөхцөл байдал сайжраад ирэхээр хэлснээ мартдаг байж болохгүй

– Засгийн газар бол авсан өрөө төлж чадахаа байгаад хандив цуглуулж эхлэхийн өмнө ОУВС-тай хамтарч ажилласан. ОУВС-тай хүүхдийн мөнгийг 60 хувьд олгоно, тэр 60 хувь нь зорилтод бүлэг байна гээд тохирчихсон байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар 60 хувийг 80 хувь болгохоор хэлэлцээр хийгээд тохирчихсон. Эдийн засаг хямраад ирэхээр хадаг барьж очоод ОУВС элсчихдэг. Нөхцөл байдал сайжраад ирэхээр хэлснээ мартдаг байж болохгүй. Одоо бол хүүхдийн мөнгө авах уу гэдэг санал асуулга зохион байгуулна. Тэр ажлыг хийгээд ирэхээр яг хэдэн хувь нь хүүхдийн мөнгө авах сонирхолтой байгаа талаарх судалгаа гарна. Энэ судалгаан дээр үндэслэж ОУВС-тай тохиролцоно.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: 65-ын бүлэг хоорондоо муудалцаж болохгүй

-Энэ асуудалд 65-ын бүлэг хоорондоо муудалцаж болохгүй. Авлига улс орныг дампууруулдаг. Авлига бол хэрээс хэтэрсэн. Дараа нь нийгмийн халамжийн бодлого улс орныг дампууруулдаг. Өнөөдөр таван хүүхэдтэй айлын эцэг эх нь ажил хийхээ больсон. Өнөөдөр нээлттэй ажлын байр олон байгаа ч ажил орох хүн алга. Эмч, багш нар нь цалингаа голоод, жагсаал хийж байна. Би бол хүүхдийн мөнгийг  20 мянга биш, 100 мянга болгох хэрэгтэй гэж ярьж чадна. Ирэх 2020 оны сонгуулийн бэлтгэлээ хийгээд байх юм. Улстөр бодож ийм үйлдэл гаргаж байгаагаа болих хэрэгтэй. Хоёр нам төр барьж байхдаа үндэслэлгүйгээр төрийн албан хаагчдын тоог нэмсэн. Одоо цөөлөх хэрэгтэй. Ингээд хэмнэсэн мөнгөөрөө үлдсэн төрийн албан хаагчийнхаа цалинг нэмье” гэсэн юм.   Ийнхүү хүүхдийн мөнгө  тойрсон асуудалд  МАН-ын бүлгийнхэн хоорондоо таарамжгүй  үг шидэлцээд авч байна.  Ер нь 65-ын бүлгийн эв нэгдэл жаахан гал асахад л маналзаад алга болчих хэврэг, эмзэг байгаа гэдэг нь  одооноос анзаарагдаад эхлэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ