АТГ: Ерөнхий сайд асан С.Баяраас хуулийн дагуу байцаалт авсан

2018-05-25

Т.САЙХАН

Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар /05.25/ мэдээлэл хийлээ.   Мэдээллийн эхэнд энэ тавдугаар сард хийсэн ажил, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар танилцуулсан.  Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар оролцлоо.

 

Гадны зээл тусламжийг үр ашиггүй  зарцуулж байна

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Яамдын түвшинд гадаадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүн тодорхойгүй, зарцуулалтад тавих хяналт бага, хэт үрэлгэн байгаа нь авлигын эрсдлийг бий болгож байна. Эдгээр төслүүд нь гадаадын зээлээр санхүүждэг учир шууд утгаараа төсөвт ямар нэгэн дарамт учруулахгүй боловч урт хугацаандаа эргэн төлөгдөх нөхцөлтэй байдаг. Жишээ нь, нэг яамны хэмжээнд 2012 оноос 20 гаруй сая ам.долларын, 2015 оноос 30 гаруй сая ам.долларын төслүүд хэрэгжиж байгаа боловч тодорхой хүрсэн үр дүнгүй, үр ашгийг тооцдоггүй байдалтай байна. Мөн нэг яам 2012-2017 онд 10 гаруй сая ам.долларын төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэй гадаадын зээлээр хэрэгжүүлсэн боловч үр дүн нь тодорхойгүй байдалтай байна” гэлээ.

ЦЕГ, ТЕГ,ТӨБЗГ-т халаа сэлгээ их хийж байна

Мөн ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Ашигт малтмал, газрын тосны газар, ХНХЯ, БОАЖЯ, ШШГЕГ, “Мон Атом” ХХК, “Гашуун сухайт” ХХК зэрэг байгууллагын 25 албан тушаалтад хуулийн дагуу сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах зэрэг хариуцлага тооцуулсан байна.  2018 оны тавдугаар сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 732 иргэний ХАСУМ-ийг хянан шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Татварын ерөнхий газраас ирүүлсэн ХАСУМ бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, дээрх байгууллагуудад боловсон хүчний шилжилт хөдөлгөөн, томилгоо, сэлгээ ихээхэн хийгдсэн гэсэн үг хэмээн  комиссар Т.Баярхүү хэлж байв. Мөн гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Гүнсэндарь нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

“Ерөнхий сайд асан С.Баярыг дарамталсан асуудал байхгүй

Мөрдөн шалгах хэлтсийн дарга, комиссар Э.Идэрцог “Оюутолгойн гэрээний асуудлаар шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс шүүгчийн захирамжаар цагдан хоригдож шалгагдаж байгаа. Хорих үндэслэлийн тухайд прокурор санал гаргаж, шүүх саналыг хүлээн авч үндэслэлтэй гэж үзэн, шүүгчийн захирамж гарснаар цагдан хоригдож байгаа. Хорих үндэслэлийн асуудал дээр шүүхийн шийдвэрээр явагдаж байгаа учир хэн нэгэн хөндлөнгийн тайлбар хэлэх боломжгүй. Хоригдож буй сэжигтэн яллагдагч нарыг Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа, байцаалт гэх мэт тодорхой үйл ажиллагааг прокурорын хяналт дор явуулдаг. Энэ ажиллагааны хүрээнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Ийм ажиллагаа нэр бүхий хүмүүс дээр 1-2 удаа явагдсан. Энэ ажиллагааны хүрээнд /2018.05.03/-ны өдөр Ерөнхий сайд асан С.Баярыг цагдан хорих 461-р ангиас авчирч өмгөөлөгчийг оролцуулж байцаалт авсан. АТГ-ын даргын тухайд Авлигын эсрэг тухай хуулийн 23.1.7-т заасны дагуу гүйцэтгэх хэргийг мөрдөн байцаах, танилцах эрхтэй. Энэ эрхийн хүрээнд шалгагдаж байгаа хэрэгтэй танилцах, үүрэг чиглэл өгөх эрх нь нээлттэй. Энэ эрхийн хүрээнд тухайн яллагдагч хүсэлт гаргасан тохиолдолд хүлээж авч уулзах энэ ажиллагаа ямар нэгэн хууль зөрчсөн ажиллагаа болоогүй. ОНЗ-өөс мэдээлсэн шиг С.Баярыг дарамталсан, айлган сүрдүүлсэн тийм арга хэмжээ болоогүй. Прокурорын зөвшөөрөлтэй хийгдсэн ажиллагаа байгаа.

 

Д.Сугараас мэдүүлэг авна”

Мөн ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарыг Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байхад нь  АТГ-аас мэдүүлэг авч байжээ.  Тэгвэл удахгүй түүнийг дахин АТГ-аас дуудаж мэдүүлэг авах юм байна. Мөн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Эрдэнэбүрэн нь өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр “River garden” цогцолбор хотхоноос 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авсан боловч энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад долоо дахь удаагаа шилжүүлээд байна гэв.  Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохын тулд аж нэгж, хуулийн этгээдээс 57.5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хахууль авсан Д.Батбаярт 6.5 сая төгрөгөөр торгуулийн ял оногдуулсан. Хахууль өгсөн хуулийн этгээдийг 120 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь 90.7 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт тус газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Д.Батмагнайд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 9.5  сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ