Түүхийн үнэт бүтээлийг Архивын ерөнхий газарт мөнхлөв

2018-03-13

Ч.ГАНТУЛГА

“Сартуул гэдэг нь Дундад Азиас олзлогдож ирсэн хүмүүс. Чингис хааны байлдан дагуулалтын үед авчирсан гар урчуудаас гаралтай гэсэн ярианд хариу өгье гэж бодоод “Сарт гол цэцэн вангийн хошууны шастир оршвой” номыг бичсэн юм” хэмээх зохиолчийг Г.Пүрэвдорж гэдэг. Тэрээр ШУА-ийн Техникийн салбарын бага чуулганы эрдэмтэн билээ. Эрдэмтэн зохиолч маань Сартуул түмний үүсэл гарлын тухай ном бичээд зогсохгүй, Сартуул цэцэн вангийн хошууны тайж нарын угийн бичиг, Цэцэн сартуул вангийн хошууны хүн амын 1929 оны тооллогын эх материалыг кирил рүү хөрвүүлэн бэлтгэсэн юм. Номд бичсэнээр “XVI зууны үед Баянмөнх Даян хаан отгон хөвгүүн Гэрсэнз жалайр хунтайжийн долоон хөвгүүнд Ар халхыг хуваан өгснөөр Халхын долоон хошуу үүссэн гэж үздэг. Ингэж хуваахад Тангуд, Сарт гол отог Гэрсэнзийн зургадугаар хөвгүүн Далдан хөндлөнгийн эзэмшилд очсон байна. Сарт гол  вангийн хошуу нь халхын долоон хошуунаас ганцаараа бүтэн үлдсэн хошуу” гэжээ. Үүгээрээ Г.Пүрэвдорж зохиолч Сартуул түмэн бол олзлогдож ирсэн хүмүүс биш. Чингисийн угсааных гэдгийг баримттайгаар нотолсон. Тэгвэл эдгээр түүхийн судалгааны бүтээлүүдийг Архивын ерөнхий газарт гардуулж өгөх ёслолын ажиллагаа боллоо. Тус арга хэмжээнд ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар тэргүүтэй эрдэмтэд болон Архивын ерөнхий газрынхан оролцсон юм. Танхимд Цэцэн вангийн хошууны газар нутгийн байрлал, отог омгийн хувиарлалт, түүний нэр усыг 30 гаруй метр урт цаасан хэвлэл дээр буулгаснаа дэлгэсэн нь ирсэн зочдын сонирхлыг татаж байв. Номын зохиолч болон ёслолын ажиллагаанд оролцсон хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.

 

Г.Пүрэвдорж: САРТУУЛ ТҮМЭН БОЛ ЧИНГИСИЙН ШУУД УГСААНЫХ ГЭДГИЙГ НОТОЛСОН

-Энэ номыг бичиж байхдаа би нэг зүйлийг ойлгосон. Газар нутгийн, ихэс ноёдын түүх үлддэг. Харин ард түмний түүх бараг үлддэггүй юм байна. Тиймээс газар нутгийнх нь  түүхийг ард түмэн, ихэс ноёдтой нь хамт оруулъя гэж бодоод гурван боть шастир болгон нөхдийн хамт бүтээлээ. Энэ бүтээлээрээ би Сартуул түмэн бол Чингисийн шууд угсааных гэдгийг нотолсон. Эдгээр мэдээлэл Архивын ерөнхий газар байсныг би зөвшөөрөлтэйгөөр хувилан авч бүтээлдээ ашигласан юм. Тиймээс өнөөдөр дээжээс нь тус газрын хамт олонд гардуулж байна.

Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамба: 1600-ГААД ОНООС ӨНӨӨГ ХҮРТЭЛХ ТҮҮХИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАРИМТУУД БИЙ

-Архивын ерөнхий газрын сан хөмрөгт Монголын түүхийн 1600-гаад оноос эхлээд өнөөг хүртэлх түүхийн үнэ цэнэтэй баримтууд хадгалагдаж байдаг. Үүнээс эзэн Чингис хааны угсааны ноёд дээдэс, тайж нарын үеийн үнэтэй, ховор бичмэлүүд бий. Эдгээр баримтыг олон түмний хүртээл болгох, эрдэм шинжилгээний ажилд оруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан зохиолч, эрдэмтэн Г.Пүрэвдоржид талархсанаа илэрхийлье. Үүнийг Архивын ерөнхий газрын үндсэн чиг үүрэгт хамаарагдах ажил гэдгийг цохон тэмдэглэе.

ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар: ТҮҮХ АРГАЗҮЙН УХААНЫ СУДАЛГАА, БҮТЭЭЛ ХИЙХДЭЭ ӨВӨРМӨЦ БАЙДЛААР ХАНДЖЭЭ

-ШУА-ийн эрдэмтдийн хийж буй олон судалгааны ажлын нэг болох өвөрмөц бүтээл өнөөдөр төв архивын сан хөмрөгт хадгалагдахаар боллоо. Г.Пүрэвдорж бол манай академийн Техникийн салбарын бага чуулганы эрдэмтэн. Өөрөө теникийн хүн учир түүх аргазүйн ухааны судалгаа, бүтээл хийхдээ их өвөрмөц байдлаар ханджээ. Гэрсэнз хунтайжаас ихтэй  халхын долоон хошууны газар нутаг, хаад ноёд, хүн ардтай холбогдол бүхий түүхийг баримттайгаар, судалж гаргаж ирсэн нь сонирхол татаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ