Гарьд Ө.Бат-Орших: Шархны эдгэрэлтэд сайн гэх үүднээс Тамоксифен эмийг уусан

2018-03-09

С.САРУУЛ

Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч  наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан юм. “Допинггүй монгол бөх” төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд “А” сорьцын хариу ирэхэд таваас нь сэргээш илэрсэн хэмээн МҮБХ-ноос мэдээллээ. Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас допинг илрээд байгаа юм. Тэгвэл энэ талаар Улсын гарьд Ө.Бат-Орших тайлбар хийжээ. Тэрээр “Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн.
Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй.
Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм.
Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчидийн олонх нь мэдэх болсон.
Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн.
Хамгийн сүүлд өнгөрсөн 12-р сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан.
Гэтэл 12-р сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа.
Өнөөдөр ДЭҮТөвөөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна.
Дашрамд дурдахад ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү.
Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа” хэмээжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ