Криптовалют ба биткойны зах зээл

2018-02-08

Зууны мэдээ” сонин  “Дижитал Эксейнж Монголиа” компанийн гүйцэтгэх захирал, Монголын цахим мөнгөний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Блокчэйн, криптовалют судлаач Б.Гантигтай хамтран “Цахим мөнгө “ буланг бэлтгэж байна. Өмнөх цувралаар “Мөнгөний хувьсгал”, “ Интернэт, цахим хөгжил, блокчэйн”, “Луйварын сүлжээг бодит технологиос хэрхэн ялгах вэ” нийтлэлээ хүргэсэн билээ. Энэ удаа “Криптовалют ба биткойн зах зээлийн талаар танилцуулж байна.

 

2018 он гарах мөчид Биткойн болон криптовалютын зах зээл хаашаа ч явахгүй мэт харагдаж байсан. Харин бид сүүлийн нэг сарын хугацаанд их зүйлийг харлаа,  Бараг хөөс хагарсан гэж хэлэхэд болно, Биткойн л гэхэд 60 хувиар унасан байна. Энэ үед нэг зүйл их анхаарал татлаа. Маш олон хүн уур уцаартай, их хэмжээний мөнгө алдсан нь мэдрэгдэж байна. Энэ салбарт хөл тавихдаа бид бүгд эрсдэлээ багахан ч гэсэн гадарлаж байсан гэж найдаж байна, Хав харанхуй зүйл рүү бид мөнгөө шидэхгүй байх гэж бодож байна. Гэвч зарим тохиолдолд үгүй бололтой, Байраа зарах, зээл авах гэх мэтчилэн  эрүүл бус аргаар хөрөнгө оруулсан нь илт харагдаж байна. Монголчууд бид хөрөнгө оруулалт хийх, арилжаа биржээр тоглох туршлага тааруухан гэж хэлэхэд болно, Хөгжилтэй орнуудад энэ салбар хөгжөөд олон зуун жил болж байгаа. Тэгэхээр бид анхан шатны тоглогчид, мэргэжлийн хүмүүс биднийг ууж идээд овоо хэдэн цаас хийж аваад гарна, нөгөө талд нь бид мөнгөө алдаж хэн нэгэн рүү буруугаа чихэх үйлдэл хийж эхлэнэ. Бидний хагас социалист нийгэмд одоо болтол хувь хүний алдааг улс барагдуулна гэсэн горьдлоготой явах юм. Бодит амьдрал дээр капитализм хэмээх энэ систем бол чөлөөт эдийн засаг дээр явдаг. Тиймээс нэг нь алдаж нөгөөх нь хожиж явдаг жамтай. Өнөөдөр биткойны салбарт хүч түрэн орж ирсэн олон хүн хасах баланстай болчихсон доошоо газар хатуу дээшээ тэнгэр хол болсон сууцгааж байгаа. Энэ зах зээл маш савалгаатай, оны сүүлээр бол бүр утгаа алдаж эрүүл бус өсөлт үзүүлж байсан нь олон хүний анхааралд өртөж хүмүүс их хэмжээний хөрөнгө оруулсан. Миний бие хүмүүст энэ талаар  зөвлөж байсан. “ Бид эрсдэл хийж чадах хэмжээндээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй түүнээс биш амьдралаа тавьж болохгүй”  гэж. Гэвч шунал гэдэг зүйл хүнийг сохроох чадвартай гэдгийг түүх дахин харуулж байна. Криптовалютын зах зээл өсөх нь тодорхой, энэ зах зээл дөнгөж эхлэж байна. Тиймээс айж сандрах хэрэггүй. Дэлхий даяар том компаниуд болон олон хүмүүс энэ салбарт ажиллаж байгаа. Энэ зүгээр хэдхэн хүний гарт  биш, дэлхий даяар олон компани байгууллага  хувь хүн оролцож дэмжиж яваа.  Энэ зах зээл урд нь хэд хэдэн удаа ингэж унаж байсан, тэр болгонд буцаж хүчтэй босож ирж байсан онцлогтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ