Made in Mongolia төсөл хөтөлбөр өнөөдөр эхэллээ

2018-01-19

Имарт буюу Скай Хайпермаркет ХХК Үндэсний жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” төсөл хөтөлбөрийг санаачлан эхлүүллээ.

Тэд МҮХАҮТ, ХХААХҮЯамтай хамтран Монголын Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллах юм байна.

Тус ажлыг хэрэгжүүлэхээр Имарт  болон МҮХАҮТ хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

“Монголд үйлдвэрлэв” хөтөлбөр нь 5 үе шаттай үргэлжилж Жижиг дунд үйлдвэрлэгч нарт бараа бүтээгдэхүүнээ худалдаалах, олон нийтэд танилцуулахад шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөө, байр талбай гаргах зэргээр тусламж дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх юм байна.

Өмнө нь 2016 онд Имарт, МҮХАҮТ хамтран “Export to Korea” хөтөлбөрийг хэрэгжүүлэн Монгол чацарганы шүүс Солонгосын Имарт сүлжээнд худалдаалагдаж эхлэсэн билээ.

“Монголд үйлдвэрлэв” төслийн эхний үе буюу Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний худалдаа өнөөдөр Имарт дэлгүүрт эхэлсэн бөгөөд Сар шинийн баярт зориулагдсан бараа бүтээгдэхүүнтэй Жижиг дунд үйлдвэрлэгч нар оролцож байна.

Имарт болон МҮХАҮТ хамтын ажиллагааны хүрээнд цаашид 21 аймгийн шилдэг үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнтэй танилцах, МҮХАҮТ-д үзэсгэлэн гаргах, Имарт дэлгүүрээр худалдаалах боломж нөхцөлөөр хангах, цаашлаад экспортонд гаргах зэрэг олон ажлууд ээлж дараатай хийгдэхийг мэдэгдлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ