Жюү-Жицүгийн улсын аваргууд тодорлоо

2018-01-09

Д.НАДМИД

Монголын жюү-жицүгийн өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа. Энэ тэмцээний нээлтэд олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Ардын багш Ч.Насантогтох болон АНУ-ын иргэн энэ тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа жюү-жицү бөхийн хар бүст тамирчин Дэвид Клахан нарын олон хүндтэй зочин ирсэн байв.

Монголын жюү-жицүгийн холбооны хүндэт ерөнхийлөгч Б.Мягмардорж тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ:

-Манай улсад жюү-жицү гэдэг бөхийн шинэ төрөл бий болж хөгжөөд тив, дэлхийн аваргуудтай болсон. Цаашид улам хурдацтай хөгжүүлэхийн төлөө манай холбоо идэвхийлэн ажиллаж байна. Үүний нэг жишээ тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Болд-Эрдэнэ оны шилдгээр шалгарч “Бөртэ-Чоно”-ын эзэн болсон явдал юм гэж онцоллоо. Улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд 36 байгууллагын 350-аад тамирчин өрсөлдсөн юм. Тэмцээний эхний өдөр өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын тэмцээн болж шилдгүүдээ тодруулав. Энд хэвлэлүүдийн онцолж байгаа нь эрэгтэйчүүдийн мастерс ангиллын 69 кг-д өрсөлдсөн “Garuda” клубын тамирчин “ТВ коктейл” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал мөнгөн медаль хүртсэн явдал байлаа. Тэр өнгөрсөн жил хүрэл медаль авч байсан юм билээ. Тэмцээний хоёр дахь өдөр насанд хүрэгчдийн дунд No Gi болон контакт жюү-жицүгийн анхдугаар тэмцээн болж медальтнуудаа тодруулав.

Зарим жингийн аваргуудыг танилцуулбал насанд хүрэгчдийн мастерс ангиллын хөх бүсний 85 кг-ын жинд Т.Нэмэхбаяр, Б.Сүх-Очир, Д.Пүрэвдагва, 110 кг-ын жинд Г.Түвшинжаргал, Ж.Амартүвшин, Ж.Наранпүрэв, Ш.Баянмөнх, энэ жингийн цагаан бүсний ангилалд Л.Батсайхан, М.Жаргалсайхан, М.Баттүшиг нар медалийн тавцанд зогслоо. Тийнхүү шар, хөх, цагаан, ягаан бүсний ангиллын медальтнууд тодорсон. Тэд сарын сүүлчээр болох тэмцээнд оролцох эрхтэй болов.

Мөн харьцангуй цөөхөн оролцогчтой контакт төрөлд хүч үзэгсдийн өрсөлдөөн бусдаасаа илүү сонирхолтой байлаа гэж үзэгчид ярьж байв. Монголын жюү-жицүгийн холбоо энэ оны эхэнд хоёр томоохон тэмцээн зохион байгуулна. Нэг нь УАШ энэ удаагийн тэмцээн бол дараагийнх нь энэ сарын 27, 28-нд Арабын нэгдсэн Эмират улсын жюү-жицүгийн холбоотой хамтран Улаанбаатарт болох Азийн нээлттэй тэмцээн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ