Б.БАЯРЖАВХЛАН
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр /01.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Даваажаргал “Коронавирустэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байгаа. Тодруулбал, гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн газрын үйл ажиллагааг хязгаарласан. Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх захирамж гарсан. Тиймээс Засаг даргын захирамжийг мөрдөж ажиллахыг уриалж байна” гэсэн юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчсөн иргэнийг 200 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөгөөр торгох мөн цаашлаад эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авах юм байна.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхбаатар “Нарантуул болоод бусад супермаркетын үйл ажиллагааг зогсоох захирамж гарах гэж байна гэдэг ташаа мэдээллээс үүдэж хүнсний хомсдол үүсэх нөхцөл байдал бий болоод байна. Одоогоор зах, хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоох нийслэлийн онцгой комисс болон Засаг даргын шийдвэр гараагүй байна. Харин захирамжид дээрх газруудыг ариутгал, халдваргүйжилтээ сайжруулахыг үүрэг болгосон. Тиймээс иргэд хүнсний дэлгүүр болон захуудын үйл ажиллагааг зогсоох гэж байна гэж айж сандрах хэрэггүй. Мөн цахимаар явж буй ташаа мэдээлэлд итгэхгүй бодитой эх сурвалжаас мэдээлэл авахыг анхааруулж байна” гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn
"Зах, худалдааны төвүүдийг хаахгүй, халдваргүйжилтээ сайжруулахыг үүрэг болгосон”
2020-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин