С.САРУУЛ
Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр шөнийн цэнгээний газруудад иргэд цугларч тоглолт үздэг. Энэ үеэр үйлчилгээний газрууд хэрхэн ажиллах талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Я.Бадмаагаас тодрууллаа.
-Хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлэх үйлчилгээний газрууд ямар цагийн хуваариар ажиллах бэ?
-Байнгын үйл ажиллагаатай шөнийн цэнгээний газар, ресторан, пабууд пүрэв, баасан, бямба гаригуудад 00:00 цагаас 03:00 цаг хүртэл ажиллаж болно. Гэхдээ иргэдэд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй. Угаасаа Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамж байдаг. 21 нас хүрээгүй хүүхэд залуус согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр хөлбөмбөгийн тоглолт үзүүлэх үйлчилгээний газруудаар үйлчлүүлж болно.
-Согтууруулах ундаагаар үйлчилж байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьж, ямар арга хэмжээ авах вэ?
-Хуулийн дагуу Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажиллана. Шалгалтаар 00:00 цагаас хойш согтууруулах ундаа худалдаж удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газар хамтран санал гаргаж тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг манай байгууллагад тавьдаг. Тус саналыг зөвлөлийн хурлаар хэлэлцээд тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийддэг.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин