Б.СОЛОНГО
Хууль бус ан агнууртай тэмцэх сэдвээр цуврал нийтлэлүүдээ “Зууны мэдээ” сонин үргэлжлүүлэн хүргэсээр байна. Энэ удаад хөвчийн эзэн хүрэн баавгайн талаар уншигчиддаа хүргэхээр бэлтгэлээ. Хүрэн баавгайг манай улс 2012 онд ховор амьтдын жагсаалтад багтаасан. “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан 2015-2016”-д дурдсанаар сүүлийн 20 гаруй жилийн судалгааны дүнгээр манай оронд 500 орчим хүрэн баавгай байдаг гэжээ. Гэвч энэ дүн нь 1980-1990 онд яригдаж байсан тоо билээ. Хүрэн баавгайг тусгайлан судалдаг эрдэмтэн, судлаач, төр, төрийн бус, олон улсын байгууллага одоогоор бараг алга байна. Тоо толгойд нь нөлөөлөх байгалийн хүчин зүйлийн нөлөө бага боловч устаж болзошгүй зүйлд хамаатуулсан байдаг нь энэ амьтныг хамгаалах шаардлага байгааг харуулж байна. Хүрэн баавгай бол хууль бус ан агнуурт хамгийн их өртдөг амьтдын нэг. Сарвуу, доньд буюу цөс нь хамгийн их эрэлттэй байдаг бөгөөд бусад эд эрхтэнүүд, толгойн арьс, бүтнээр нь хүртэл худалдан борлуулж байгааг МУИС-ийн Биологийн тэнхмийн багш нарын судалгаанаас харж болно. Олон нийтийн сүлжээ, зарын групуудэд ч энэ төрлийн зар ил тод байгаа нь хууль бус ан агнуурт хүрэн баавгай өртөж байгааг бэлхнээ гэрчилж байна. Тус амьтны тархац их хэд хэдэн аймгийн цагдаагийн газар, байгаль орчны газартай холбогдож лавлахад ойрын хоёр гурван жилд баавгай агнасан хэрэг гараагүй гэсэн тайлбарыг өгсөн юм. Харин хариуцсан яамных нь мэргэжилтэн Оросын холбооны улсаас өнгөрсөн жил түймрээс дайжсан баавгайнууд орж ирсэн гэсэн мэдээллийг дуулгаж байв. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сул, хүрэн баавгайн талаар судалгаа хангалтгүй байна гэж дүгнэхээс өөр аргагүй боллоо.
ХҮРЭН БААВГАЙН ЭКОЛОГИЙН ҮНЭЛГЭЭ 6.5-7.5 САЯ ТӨГРӨГ
Ардын эмчилгээнд баавгайн цөс буюу доньдыг хэрэглэх нь түгээмэл. Эмчилгээгүй хүнд хэрэглэх гэсэн юм, яаралтай авна гэсэн зарлал олон байна. Хүрэн баавгайн цөс нь цус алдалтыг зогсоодог гэж үздэг байна. Түүнчлэн дотор эрхтэний өвчин, бөөлжих, суулгах, нүдний өвчин зэрэгт гойд сайн гэж ярьдаг. Урд хөршид баавгайн цөсийг авахдаа зарим тохиолдолд дэндүү харгис арга хэрэглэж байгааг байгаль хамгаалагчид буруушааж байв. Тухайлбал, цөсний шингэнийг ахиу ялгаруулахын тулд баавгайг давчуу хайрцаганд хийгээд уурлуулдаг аж. Энэ жижигхэн хайрцагандаа удаан хугацаагаар хорих тохиолдол ч байдаг. Энэ хугацаанд цөсийг нь цоолсон гуурсаа сугалж авдаггүй байна. Манай улсад ч гэсэн баавгай агнахдаа шархдуулж зовоож байгаад алдаг тухай анчдын группд бичжээ. Ингэвэл уурласан баавгайн цөс илүү томордог гэнэ. Хүрэн баавгайн бас нэгэн эрэлттэй эрхтэн бол сарвуу. Зовлон багатай төрчихдөг амьтан тул савраар нь төрөх гэж байгаа эмэгтэйн хэвлийг илдэг гэсэн дом бий. Төрөх эмнэлгүүдэд баавгайн савар барьсан эхчүүд их олон байдаг. Савар сурагласан зарын доор бамбаруушныхыг санал болгосон байгаа нь хөөрхийлөлтэй харагдана. Харамсалтай нь анагаах ухаанд энэ бүхнийг нотолсон мэдээлэл тун бүрхэг. Нарантуул захад амьтны эд эрхтэн зардаг лангуунууд бий. Тэндээс баавгайн савар сураглахад “Хууль чангарсан тул ил зарахаа больсон. Манайхны нэг нь шоронд явахаа дөхсөн” гэж хариулж байна лээ. Харин баавгайн соёог 50-70 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байсан юм. Түүнчлэн бөөгийн шашинд баавгайн бүтэн арьсаар чихмэл хийж байршуулах зэргээр ашигладаг гэж байлаа. Хүрэн баавгайн экологийн үнэлгээ 6.5-7.5 сая төгрөг байдаг. Хэрэв энэ амьтны эд эрхтэнийг худалдан авсан бол агнасантай адил тооцож дээрх үнэлгээг хоёр нугалан төлөх ба ховор амьтны жагсаалтад багтсан тул эрүүгийн хуулиар хорих ял авах ч магадлалтай. Тиймээс унаган байгаль, ховордсон зэрлэг амьтдаа хамгаалахын тулд эд эрхтнийг нь худалдан авахгүй байхад л зах зээл нь өөрөө алга болох учиртай юм.
БАЙГАЛЬД 20-30 ЖИЛ НАСАЛДАГ
Хүрэн баавгай нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “мэдээлэл дутмаг” гэж үнэлэгддэг байна. Биеийн урт 180-240 см, сэрвээ орчим өндөр 90-150 см, хойд тавхайн урт 13-30 см, сүүлийн урт 6-21 см. Бие гүйцсэн эр баавгай 140-400 кг, эм нь 100-210 кг жин татдаг. Толгойн ясны урт 258-378 мм. Хүрэн баавгайн үс урт, сахлаг, зөөлөн байдаг. Чих богино, дугуйвтар. Өнгө хувирамтгай боловч ихэвчлэн хүрэн байдаг. Хөл, нуруу, хажуу тал хар хүрэн өнгөтэй. Хүчирхэг хумстай бөгөөд урд хөлний дунд хурууны хумс 80 мм хүрдэг, сүүл жижигхэн, бараг биеийн үснээс цухуйдаггүй байна. Монгол орны Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн хэсэг, Монгол Дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойд хэсэг, Их Хянганы салбар уулс зэрэг тайга, ойт уулсаар түлхүү тархжээ. Хүрэн баавгайн үндсэн амьдрах орчин нь салхинд унасан мод, намаг балчиг, ойн цоорхой бүхий бөглүү, шигүү ой юм. Хавар, зуны улиралд өндөр өвс, буттай газар, ойролцоо усан сан, ойн цоорхой бүхий голын хөндий, уулархаг газар байршдаг. Ичээ засах газраа бүдүүн унанги мод, эсвэл хадны хуурай хүнгэд сонгож, хуурай хагд өвс, хөвд, мөчир зулж дэвсдэг. 10-11 дүгээр сараас гуравдугаар, заримдаа тавдугаар сар хүртэл ичдэг. 180-220 орчим хоног тээж, дөрөв хүртэл тооны бамбарууш гаргадаг аж. Бамбарууш төрөх үедээ 350-500 гр жинтэй, нүдээ нээгээгүй, нүцгэн байдаг. Нэг эсвэл 2-3 жил өнжиж төллөнө. Байгалийн нөхцөлд 20-30 жил, тэжээвэр нөхцөлд 40 хүртэл насалдгийг тогтоожээ. Олон төрлийн хоол хүнс хэрэглэдэг. Идэш тэжээл хомс хаврын эхэн үед улиангарын үр, модны нахиа, ургамлын үндэс, хуучин самар, шоргоолж зэргээр харин зуны эхэн үед голчлон жимс жимсгэнэ, үр самар, ногоон ургамал, шавж, загас, заримдаа сэг зэмээр хооллоно. Идэш тэжээл дутагдалтай үед хандгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хүдэр барина. Монгол Алтайд хүрэн баавгай огдой, тарвага бусад мэрэгчдээр хооллодог байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин