Д.ДАРАМБАЗАР
Монголын дүлий иргэдийн соёл урлагын холбоо үүсэж, байгуулагдсаны 35 жилийн ойн хүрээнд болох “Амаар биш хөдөлгөөнөөр” уралдааны талаар зохион байгуулагчид “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Уралдаанд сонсголгүй иргэдээс гадна тэдэнтэй ойр ажиллаж амьдардаг хүн бүрийг хамруулах юм. Тэмцээн үзүүлбэр, гар урлалын болон урлагын 10 төрлөөр ирэх сарын 8-нд болно. Тэмцээний төрөлд шинээр дууг дохиогоор дуулах төрлийг нэмэж шилдэг оролцогчдыг шалгаруулна гэж МДИСУХ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Юмжирдулам мэдээллээ. Уралдааныг зохион байгуулснаар сонсголгүй иргэдийн авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, нийтийн хүртээл болгох болон олон нийтэд суртачлан таниулах зорилготой. Мөн энэ уралдаанд СУИС-ийг төгссөн олон мэргэжилтнүүд хамтарч ажиллаж байгаа аж. Учир нь уралдаанд оролцогчдын дууг жигдрүүлэх, тэдний хувцас хэрэглэлийг бэлтгэх ажлыг гүйцэтгэж байгаа юм байна. "Бид сонсголгүй иргэдийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор үггүй жүжиглэл, ганцаарчилсан жүжиг зэргийг зохион байгуулдаг. Манай улсад 12 мянган сонсголгүй иргэн бий. Олон уралдаан тэмцээнд тус холбооны гишүүд оролцсон. Арван нэгдүгээр сард холбооны дөрөв дэх удаагийн наадам болно. Дохионы хэлээр дуу дуулах, богино хэмжээний бичлэг бүтээх гэх мэт төрлүүдээр сонсголын бэрхшээлтэй иргэд өрсөлдөнө. Наадмын удирдамжийг арван нэгдүгээр сарын 3-нд олон нийтэд танилцуулна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүд багаасаа дохионы хэл сурсан байдаг. Иймд тэдгээр хүүхдүүдийг наадамд оролцуулна. Сонсголын бэрхшээлтэй иргэд сонсохоос бусдыг хийж чадна. Дохионы хэлээр дохиж дуулах тэмцээнийг энэ жил анх удаа зохион байгуулна. Наадмыг зохион байгуулахдаа хувь хүмүүс, байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн гэж МДИСУХ-ын тэргүүн Ө.Амарзаяа хурлын үеэр онцолсон юм.
Эх сурвалж:www.polit.mn