БУРХАНЫ СҮМ “АЙЛ БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛЫГ ХҮСЬЕ!”
Дэлхий дахин “Ковид-19”-тэй тэмцэж байгаа энэ үед халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгсэл, хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хандивлав.
Дэлхий дахинд шинэ төрлийн коронавирус (Ковид-19) хурдацтай тархаж байгаагийн улмаас элдэв бэрхшээл тулгараад байгаа билээ. Төр засгаас шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэн вирусын тархалтыг барьж байгаа ч үүнээс үүдэн эдийн засаг ихээхэн хямраад байгаа. Иймд Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх) уг халдварт өвчинтэй тэмцэхэд туслалцаа үзүүлэх үүднээс тусламж хэрэгцээтэй байгаа иргэдэд гар сунгаж байна.
Бурханы сүмийн холбогдох хүн хэлэхдээ “Энэ байдал удаан үргэлжилж байгаа болохоор эдийн засаг, сэтгэл санааны хувьд багагүй хямарсан иргэдэд жаахан ч болов дэм үзүүлье гэсэндээ манай итгэгчид сэтгэл хүслээ нэгтгэсэн юм. Ард иргэд нэг өдрийн өмнө ч боловч хэвийн амьдралдаа эргэн орж, аюулт өвчнийг даван гараасай. Бид та бүхэнтэй хамт. Хүн бүрд урам зоригтой, эрүүл энх байхыг хүсье” гэв.
17-ны өдөр Бурханы сүмийн итгэгчид Баянгол дүүргийн захиргааг зорьж очин хүнсний бүтээгдэхүүн хандивлах арга хэмжээг хорио цээрийн дэглэм дор зохион явууллаа. Итгэгчид гурил, будаа, ургамлын тос, элсэн чихэр бүхий хүнсний бүтээгдэхүүний 30 багцыг тус дүүргийн холбогдох хүмүүст хүргэн, дэмжлэг туслалцаа хэрэгтэй айл өрхүүдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүллээ.
Баянгол дүүргийн ИТХ-н иргэний оролцоо олон нийттэй харилцах хэлтэсийн дарга Уранбилэг: “Дэлхий дахинд үсээд байгаа коронавирус Монгол улсад тархаад нэлээдгүй хугацаа өнгөн ард иргэдийн ажил амьдралд үнэхээр сөргөөр нөлөөлж байгаа энэ хэцүү цаг үед тусламж хэрэгтэй олон хүн байгаа ч манай Баянгол дүүргийг сонгож зорилтот бүлгийн гуч гаруй өрхөд Бурханы сүм байгууллагаас хүнсний тусламж үзүүлсэнд маш их баярлалаа. Та бүхний цаашдын ажилд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Энэ хэцүү цаг үед Монголчуудын хэлдэг “дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэг энэ үгээ сайхан бүгдээрээ бодож нэг нэгэндээ урам хайрлаж, дэм хайрлаж энэ хэцүү цаг үеийн ард гарна гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа” хэмээсэн юм.
Иргэд Бурханы сүмийн итгэгчдийг баяртайгаар хүлээн авч, талархсанаа илэрхийллээ. Коронавирус тархсаны улмаас хүнд нөхцөл байдалд байгаа иргэн Санжаа: “Би Баянгол дүүргийн 11-р хорооны иргэн Санжаа гэдэг хүн байна. Энэ хүнд хэцүү цагт манай улсад олон жил үйл ажиллагаа явуулж байгаа Бурханы сүмийн итгэгч нарт энэ хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа явуулж байгаад маш их баярлаж байна” гэж хэллээ. Мөн 23-р хорооны иргэн: “Монгол улсынхаа ард түмэнд хандаж хэлэхэд тусламжын байгууллага болох Бурханы сүм гэдэг энэ байгууллага маань маш хэцүү энэ үед хандивын тусламж үзүүлж 23-р хорооны иргэдэд туслаж байгаад маш их талархаж байна. Энэ хүнд хэцүү үед дэлхий нийтээрээ бие биедээ тусламж үзүүлж байгаад би маш их талархаж байна. Энэ Бурханы сүм гэдэг байгуулагт маш их баярлалаа. Олон хүнд хандив тусламжаа үзүүлсэнд маш их талархаж байна. Намайг Пэрэнлэйн Батгэрэл гэдэг. Бурханы сүм гэдэг байгуулагт би маш их талархаж байна.” хэмээн баярласнаа хэлж байв.
Энэ удаагийн аяныг тэд дүүргийн шашны албаныхны хүсэлтээр явуулжээ. Баянгол дүүргийн шашин сүм хийд хариуцсан мэргэжилтэн Батболд: “Өнөөдөр 2020 оны12-р сарын 17-ны өдөр Бурханы сүмтэй хамтараад итгэгчдийн дэмжлэгээр нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээгээр зорилтот бүлгийн хүрээний тэр тусмаа 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон ээж болон өдрийнхөө орлогоор хүнс тэжээлээ авч байгаа иргэд рүү чиглэсэн энэхүү ажил маань амжилттай зохион байгуулагдлаа. Тэгээд Бурханы сүмийнхээ итгэгчдэд, мөн хамт олонд маш их баярлалаа. Өшөө олон ийм арга хэмжээ зохион байгуулаасай гэж хүсэж байна. Та нарынхаа цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.” хэмээн талархлаа илэрхийлэв.
Бурханы сүм “Ковид-19” тархаж эхэлсэн цагаас л дэлхийн өнцөг булан бүрд эмчилгээний баг болон бага орлоготой өрх, өрх толгойлсон эцэг эх, ахмад настан, өнчин хүүхэд гэх мэт нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хандивласаар ирсэн. Мөн итгэгчид дотоодод халдвар тархахаас сэргийлэн ажиллаж байгаа Эрүүл мэндийн яамны хүсэлтээр гар хийцийн 5000ш амны хаалт болон нэг удаагийн хэрэглээний 5000ш маскийг тус яаманд хүлээлгэн өгчээ. Түүнчлэн 8-р сард Орхон аймгийн эрүүл мэндийн төвд 4000ш, Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн төвд 3000ш амны хаалт тус тус хандивласан байна.
Бурханы сүм өнгөрсөн хугацаанд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад цусны донорын хөдөлгөөн, гамшгийн дараах яаралтай тусламж, малчдад туслах, сургалт явуулах гэх мэт төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж иржээ. Олныг хамарсан цус хандивлах арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж цусны нөөцийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг юм. Түүгээр зогсохгүй агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хот суурин газрыг цэвэрлэн, мод тарьж суулгадаг байна. Тэд энэ мэтээр байгаль орчныг хамгаалах үйлсийн төлөө зүтгэж иржээ. Тэдний гавьяа зүтгэлийг төр засгаас үнэлж, Эрүүл мэндийн яам, Байгаль орчны яам, Хүнс хөдөө аж ахуйн яам зэрэг яамдаас Бурханы сүмд Талархал, Хүндэт өргөмжлөл олгож байжээ.
Дэлхийн 175 улс дахь 7500 гаруй сүмдээ төвлөн явуулж байгаа Бурханы сүмийн сайн дурын ажлын тоо эдүгээ 2000 хол даваад байна. Ар гэрээ сайтар харж хандах “Эхийн сэтгэл”-ээр дэлхий хэмээх их айлын аз жаргал, амар тайвны төлөө явуулж буй тэдний сэтгэл шингэсэн ажлууд нь тус сүмийг орон орны төр засгийн газраас үнэлэхэд хүргэжээ. Бурханы сүм АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын шагналыг, БНСУ-ын гурван ч засгийн газраас ерөнхийлөгчийн шагналыг хүртсэн аж. Мөн “Ногоон алим”-ын алт, хүрэл шагналыг олон улсын төрөлд авч байжээ. Энэ мэт шагнал урамшууллынх нь тоо ойролцоогоор 3000-д хүрээд байгаа ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.22 МЯГМАР № 244 (6469)