Урадын Э.Булаг
Их Британийн Кэмбрижийн их сургууль
Энэ өгүүлэл “民族/Nationality” нэртэйгээр Австралийн үндэсний их сургуулийн хэвлэл Afterlives of Chinese Communism: Political Concepts from Mao to Xi (2019) бүтээлийн 149-154 талд нийтлэгдсэн (Christian Sorace, Ivan Franceschini, Nicholas Loubere (eds) Afterlives of Chinese Communism: Political Concepts from Mao to Xi. Canberra: Australian National University Press, 2019) бөгөөд энд зохиогчийн зөвшөөрөлтэйгээр Монгол хэлнээ буулган хүргэж байна. Өгүүлэлд Хятад дахь үндэстний тухай ойлголт, тэр дундаа Манжийн Чин гүрэн задарснаас хойш тус улс өөрийгөө хэрхэн томъёолж ирсэн, ингэхдээ дотоод дахь олон үндэстэнд ямар ангилал хийж байсан, байгаа тухай хөндсөн. Эдүгээ Хятад өөрийгөө цоо шинээр төсөөлөн буй хүрээнд үндэстний цөөнх өөрийн уугуул нутаг дэвсгэр дээрээ өөртөө засах эрхээ хэрхэн эдэлж буй нь асуулт дагуулж байна. Хятад дахь Төвд, Уйгар, Монгол зэрэг цөөн тоот үндэстний хэл соёлын асуудалд төрөөс өгч буй цохилтыг ойлгоход энд өгүүлсэн зүйлс нэмэр болно хэмээн итгэж байна.
I
Орчин цагийн Хятад улс 1912 онд өөрийн түлхэн унагасан Манж Чин гүрнээс их хэмжээний газар нутгаас гадна олон угсаатныг өвлөн авсан билээ. Харин “Эзэнт гүрний аварга биеийг үндэстний богино, нарийн арьсаар хэрхэн хучих вэ?” гэх асуулт Дундад (Хятад) Иргэн Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын засгийн газруудад тулгарч ирсэн юм.[1] 1912 онд Хятадын хувьсгалчид “Татаар зэрлэгүүдийг хөөж Хятадaa буцаан сэргээе"(quchu dalu, huifu zhonghua) гэх Манжийн эсрэг уур хилэнгээр засгийн эрхэнд гарсан боловч Манжийн сүүлчийн эзэн хаантай эвлэрэн тохирч, Манж, Монгол, Төвд, Муслимчуудын газар нутгийг Хятадын шинэ төрд хүлээлгэн өгөх тухай сүүлчийн зарлиг буулгуулан аваад[2] улмаар "таван угсааны нэгдэл" (wuzu gonghe) хэмээн улсаа олонд танилцуулсан. Энэ олон үндэстний нэгдэл нь цаанаа үндэстэн, улс хоёр харилцан зохилдсон байх тухай үзэл санаа бүхий “Хятад” үндэстэн-улс (nation-state)-ыг цогцлоохын төлөөх Хятадын үндсэрхэг үзэлтнүүдийн түр зуурын буулт байжээ. Тэдний төсөөллийн үндэстэн нь zhonghua minguo (Дундад (Хятад) Иргэн Улс) гэх улсын нэртэй тохирох zhonghua minzu (Дундадын (Хятад) үндэстэн) байв. Ийм ч учраас 1928 онд Нанжин хотод Үндэсний засгийн газар (guomin zhengfu)-аа байгуулсан Хятадын Гоминданууд Бээжинд байрлах Иргэн улсын засгийн газар (minguo zhengfu эсхүл beiyang zhengfu)-ын таван угсааныг бэлгэдсэн таван өнгийн далбааг үндэсний эв нэгдлийн төлөөх хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн цагаан өнгийн нар бүхий хөх тэнгэрийн дүрслэлтэй далбаа (qingtian bairi qi)-аар сольжээ.
Харин 1949 онд коммунистуудын байгуулсан БНХАУ нь шинэ улсын талаар өөр үзэл санаатай байв. Коммунистуудын хууль ёсны байдал нь "ард түмэн" (renmin)-д оршдогийн хувьд БНХАУ-ын Үндсэн хуулиар Хятадыг нэг үндэстэн биш харин "бүх улс үндэстний ард түмэн хамтран бүтээсэн олон үндэстний нэгдмэл улс" (quanguo gezu renmin gongtong dizao de tongyi de duo minzu guojia) хэмээн тодорхойлжээ. Гэвч коммунист үзэл суртлын уналтаас үүдэлтэйгээр zhonghua minzu үндэстний тухай яриа хэлэлцээ сүүлийн арваад жил анхаарлын төвд орж ирсэн бөгөөд үүний улмаас зөвхөн олон янзын үндэстнүүдийг хэрхэн нэрлэх вэ гэдгээс гадна эдүгээ Коммунистуудын халуунаар дэмжиж шинээр төсөөлөн буй Хятад үндэстэнд тэдгээр олон янзын үндэстэн багтах орон зай байх нь зүйтэй эсэх гэх асуулт бас гарах болсон.
II
Коммунизмын өмнөх этнополитик (угсаатны улс төр)
Хорьдугаар зууны эхээр эзэнт гүрэн үндэстэн-улс (nation-state) болон өөрчлөгдөх үед Хятадын угсаатны улс төр нь угсаагаар ялгаатай олон бүлгүүд болон үндэстэн өөрийгөө хэрхэн нэрлэх хүрээнд эргэлдэж байв. Хятадууд угтаа minzu-ын тухай үзэл санааг баруунд язгууртнуудыг эсэргүүцсэн иргэний анги гэсэн утгатайгаар nation, nationality хэмээн англи руу орчуулдаг Япон хэлний minzoku-аас зээлдэн авсан (minzoku болон minzu нь ижилхэн ханзаар бичигддэг). Гэтэл Хятадад minzu нь угсаатны нэгдмэл шинж бүхий удам гарвалын бүлгийг илэрхийлэх болсон. Юан Шикай Иргэн Улсын түр Ерөнхийлөгчөөр сонгогдон тангараг өргөхдөө болон 1912 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Сунь Ят-сений баярын мэндчилгээнд хариу илгээхдээ түүнийг өндөр дээд албан тушаалд дэвшүүлсэн явдалд "таван агуу үндэстэн" (wuda minzu) -д талархал илэрхийлэн, тэдний аз жаргалын төлөө ажиллахаа андгайлжээ.[3] Гэвч Сунь Ят-сен болон түүний залгамжлагчдын баримталж буй үндсэрхэг алсын хараа нь эдгээр таван бүлгийг zhonghua minzu буюу Дундадын (Хятад) үндэстэн гэх нэг minzu-д нэгтгэх явдал байжээ. Хоёр ялгаатай ангиллыг илэрхийлэхээр minzu гэх нэг нэр томъёог авсан нь Иргэн улсын бүтцийн хурцадмал байдлыг үнэнээр харуулдаг. 1928 онд гоминданууд Бээжинд төвлөсөн Иргэн Улсын засгийг түлхэн унагааж таван үндэстний бүлгийг minzu-аас zongzu (удам угсаа) болгон өөрчлөх замаар энэ зөрчилдөөнийг шийдвэрлэх оролдлого хийсэн нь санаандгүй зүйл биш байжээ. Энэ схемийн үүднээс minzu -г Дундадын (Хятад) үндэстэнд хамаатуулж харин таван үндэстнийг том Хятад үндэстний гэр бүлд зангидан бүрэлдүүлэхийг зорин тэднийг Хан Хятадтай нэгэн адил өвөг дээдэс (Янь, Хуан зэрэг эзэн хаад)-ээс гарвалтай гэхэд zongzu -г ашигласан байна.[4] Хан Хятад бус үндэстнүүдийг Хан Хятадад уусгахад чиглэсэн уг ов мэх нь Япончууд Хятадыг эзлэн түрэмгийлж, Хан бус бүлгүүдийн үндсэрхэг үзлийг дэмжин, тэдний удам угсааны талаарх ухамсрыг сэргээн хөхиүлсэн 1930-аад оны үеийн үндэсний хямралаас үүдэлтэй юм.
Хятадын Гоминданууд болон Хан бус дөрвөн бүлгийн хоорондох зөрчилдөөнийг Хятадын Коммунист нам (ХКН) чадварлагаар ашигласан юм. Тодруулбал ХКН нь 1930-аад оны үед Гоминданы улайрсан дайралтааас амьд гарахын тулд бүхий л талаар дэмжлэг эрэлхийлж байлаа. Энэ үед ХКН “shaoshu minzu” буюу түрэмгийллийн эсрэг үндэсний тусгаар тогтнолоо олохыг хууль ёсны гэж өрнөдөд үздэг “үндэстний цөөнх” гэсэн утгатай нэр томъёогоор Хан бус үндэстнүүдийг нэрлэжээ. Анхандаа ХКН ангич утгаар “үндэстний асуудал” хэмээн ойлгож, үндэстний цөөнхүүдийг Хятадын Гоминдан намын дэглэмд мөлжигдөн, дарлагдаж байгаа тул тэдний эрх чөлөөний төлөөх тэмцлийг шударга зүйл хэмээн үзэж байв. 1934–35 оны үед Гоминданы армийн дайралтын улмаас Уртын аян (Long March)-ыг туулж аюулгүй хоргодох газар руу хөөгдсөн Улаан арми нь И (Yi), Төвд, Муслимчуудын газар нутгаар дайран өнгөрөхдөө Хан бус үндэстнүүдээс жинхэнэ (natural) холбоотнуудаа олжээ. Коммунистууд өөрсдийгөө "сайн Хятад " (hao hanren) хэмээн өргөмжилж, Хан бус бүлгийн улс төрийн удирдагчидтай эвсэн, хамтын дайсан болох "муу Хятад" (huai hanren)-тай тэмцэхэд тэдэнд туслах хийгээд тэдний автономит эрхийг дэмжихээ амлажээ.[5] Уг “нэгдсэн фронт”-ын стратеги нь ХКН-ыг ялалтад хүргэж, улмаар БНХАУ гэх шинэ улсыг байгуулахад өгөөжөө өгсөн юм. Хятадын Гоминдан нам Хан бус үндэстнүүдийг уусгах фанатизмынхаа уршгаар тэднийг дайснуудынхаа тэврэлтэнд санамсаргүйгээр түлхэж, 1949 онд өөрөө мөхөв.
III
Ойлголтын зөрчилдөөн
Гэхдээ коммунист ангич үндэстэн (class-nation)-ий зарчим нь зөрчилдөөнд суурилсан. Коммунистууд үндэстний цөөнхүүдийг дэмжиж, тэдний үндсэрхэг хүсэл эрмэлзлийг “дайсан” этгээдийн мөлжлөг, дарангуйлал оршин байгаагаас болж байна хэмээн үзэж байв. Энэ нь хосолсон (хоёр талт) бус харин хамтын дайсан болох Гоминданы эсрэг коммунистууд болон цөөнхүүдийн холбоо гэсэн гурвалсан харилцааны хүрээнд явагдаж байжээ. Гэвч дайснаа дарж ялалт байгуулан, мөлжлөг, дарангуйллыг зогсоосноор цөөнхийн зүгээс үргэлжилж байсан үндсэрхэг шаардлагыг хууль ёсны бус болгосон тул тэд гомдол гаргах үндэс сууриа алдаад зогсохгүй ямар нэгэн үндсэрхэг шаардлага нь хуучин холбоотон ХКН-ыг "муу Хятад" (bad Han) хэмээн шүүмжилсэнтэй адилтгагдаж буруутдаг болсон. Ийнхүү БНХАУ байгуулагдсаны дараа shaoshu minzu -г хүлээн зөвшөөрсөн нь төр байгуулах өөр зүй тогтол (логик) байсан болохоос цөөнхийн үндсэрхэг үзэлд буулт хийсэн явдал биш байв.
1644 -1912 оны хугацаанд Манжийн захирч байсан Чин гүрэн болон 1912 оноос хойш хятадуудын байгуулсан хятадын хоёр бүгд найрамдах улс нь жинхэнэ Хятад орон (China proper) болон Өвөр Ази (Inner Asia) гэсэн хоёр том бүрэлдэхүүн хэсэгт хуваагдсан нийлмэл улсууд байсан. Тэд бас байлдан дагуулагч улсууд байсан, тухайлбал Манжууд Өвөр Азийнхан болон Хятадуудыг эзэлж байсан бол Хятадууд эргээд тус тусын гэх нутаг дэвсгэртэй, хятадын дэглэмд үнэнч байсан гэх түүхэн жишээ багатай Өвөр Азийнхныг эзэлж байв. Өвөр Азиуд болон тэдний нутаг дэвсгэрүүд нь эзлэн авахыг шаарддаг байсан бөгөөд ийнхүү шууд хэлэхээс цэрвэн “чөлөөлөлт” (jiefang) гэж зөөлрүүлэн нэрлэдэг байв. Уртын аян (Long March)-ы үеээр байгуулагдсан найрамдал, холбоо нь чөлөөлөлтийг харьцангуй хялбар процесс болгоход тусалсан нь үнэн боловч шинэ засгийн газар нь шинэ төрд нэгтгэсэн ард түмнүүдийг танин мэдэх, зохих төлөөллөөр дамжуулан тэднийг удирдан зохион байгуулах үүрэгтэй тулгарчээ.
Тиймээс БНХАУ нь 1950-аад онд үндэстнүүдээ тодорхойлох (minzu shibie) төслийг эхлүүлсний дүнд 55 shaoshu minzu бүлгийг хүлээн зөвшөөрөв. Төсөл нь Хятадын угсаа гарвалын зарчим болон нийтлэг газар нутаг, нийтлэг эдийн засаг, нийтлэг хэл, нийтлэг соёл гэсэн дөрвөн шалгуурт суурилсан үндэстний талаарх Сталинист тодорхойлолтын аль алиныг нь баримталжээ. Тодорхойлогдсон, зөвшөөрөгдсөн бүлэг тус бүрт хүн амын тоо, эзэлсэн нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамааран засаг захиргааны янз бүрийн түвшинд нутаг дэвсгэрийн автономит байдлыг олгосон. Энэ үеэс shaoshu minzu нь "үндэсний цөөнх" хэмээн ойлгогдохоо больж харин “олон тоот үндэстэн” (Хан үндэстэн)-тэй утгын хувьд эсрэгцэх, зөвхөн нутаг дэвсгэрийн хувьд өөртөө засах эрхтэй, тусгаарлах эрхгүй "цөөн тоот үндэстэн" гэх ойлголтоор илэрхийлэгдэх болов. Коммунист улс болохын хувьд БНХАУ нь өөрийгөө өмнөх дэглэмүүдээс эрс тасалдсан гэж үзэж байсан тул өөрийгөө үндэстэн-улс (nation-state) бус харин "Дундад (Хятад) улсын бүх ард түмэн" (zhongguo gezu renmin)-ээс бүрдсэн олон үндэстний нэгдмэл улс (unitary multinationality state) хэмээн тодорхойлж байлаа.
Цөөн тоот үндэстэнд олгосон автономи нь цөөнхүүдийн анхнаасаа шаардаж байсан үндэстний бие даасан байдал (national autonomy) биш бөгөөд энэ нь цөөнхүүд өөрсдийн тусын тулд жинхэнээсээ хүлээн зөвшөөрсөн зүйл ч бас биш. Харин энэ ангилал нь цөөнхүүдийг дэглэмд үнэнч байлгах, тэднийг "Дундадын (Хятад) ард түмэнд” нэгтгэх гэсэн хоёр зорилгыг биелүүлэх зорилгоор цөөнхүүдийг шинэчлэн төрд таниулж “үндэстний асуудал”-ыг шийдвэрлэх гэсэн төрийн ухаан байжээ. Цөөн тоот үндэстэн бүрт олгосон нутаг дэвсгэрийн автономи нь “үндэстний автономи” (minzu zizhi) гэхээсээ илүүтэй “бүс нутгийн үндэстний автономи” (minzu quyu zizhi) хэмээн тодорхойлогдож байв. Энд буй quyu хэмээх нэр томъёо нь нэгдүгээрт, “орон нутгийн” буюу засаг захиргааны доод түвшин, хоёрдугаарт, хамаарал бүхий цөөнх үндэстний нэрээр нэрлэгдсэн автономит бүсэд бусад үндэстэн, ялангуяа Хан үндэстнүүдийг байрлуулахын төлөө оршин байгаа бүс нутаг гэсэн утгыг тус тус илэрхийлдэг. Бүс нутгийн болон үндэстний зарчмуудыг хослуулсан нь цаашлаад орон нутгийн түвшний олон үндэстний засаг захиргааны автономит бүс гэгдэх болсон. Түүгээр ч үл барам тухайн автономит бүсэд Хан хятадууд олон тоогоор оршин сууж, автономит бүсийн удирдлагыг ХКН өөрийн гартаа бат төвлөрүүлэх хүртэл цөөн тоот үндэстэнд автономит эрх олгодоггүй.
IV
Засаглалын шинэчлэл
Автономийг удирдахад ХКН-ын гаргасан шинэчлэлийн нэг гол хэсэг нь цөөнхийн боловсон хүчнийг бий болгох, сургах явдал байв. Учир нь дайны үеийн “Нэгдсэн Фронт”-ын дагуу ард түмнээ БНХАУ-д хүлээлгэн өгсөний дараа зайлуулагдсан уламжлалт удирдагчдыг солих ёстой байв. Тэд элитүүд байсан учраас тэднийг улс төрийн хувьд сэжигтэй хэмээн үзэж, улмаар засаглалыг нь таягдан хаявал зохих "дайсан" гэх ангилалд хамааруулж байжээ. Нийгмийн доод ангиас элсэж, ХКН-аас улс төрийн хувь заяагаа олсон цөөнхийн боловсон хүчин өөрийн үндэстнээ захирах нам-төрийн төлөөлөгчийн төдийгүй нам-төрд төлөөллөө үзүүлэх үндэстний гишүүний үүрэг гүйцэтгэх ёстой болов. Мөн автономийн түвшинг тухайн автономит quyu дэх цөөн тоот үндэстний боловсон хүчин болон бусад бүлгийн эзлэх хувиар хэмждэг учраас эдгээр боловсон хүчин нь ашиг сонирхлын зөрчлийг агуулдаг. ХКН-ыг трансценденталь бөгөөд үндэстнээс дээгүүр байна гэдэг боловч Хан үндэстнийг цөөнхөөс илүү "дэвшилтэт" хэмээн үздэг нийгмийн эволюцийн (хувьслын) онолыг ХКН баримталдгийн хувьд автономит quyu-д коммунист үзэл суртлын жинхэнэ мөн чанарыг Хан үндэстнээс бүрдсэн боловсон хүчин илүү үнэнчээр хадгалж чаддаг гэж үздэг. Тиймээс 1947-1966 онд Өвөр Mонголын өөртөө засах орны намын даргаар ажиллаж байсан Монгол хүн Улаанхүүгээс бусад бүх мужийн түвшний өөртөө засах орны намын дарга нар бүгд Хан үндэстэн байжээ. Ихэнх тохиолдолд намын дарга нь "төр"-ийг төлөөлдөг орон нутгийн Ардын төлөөлөгчдийн хурлын даргын үүргийг гүйцэтгэж, зөвхөн ардын засгийн газрын тэргүүлэгчийг автономит эрх мэдлийг хэрэгжүүлж буй үндэстний гишүүнд үлдээдэг болсон. Хятадын улс төрийн шатлалд засгийн газрын тэргүүн байх нь дээрээсээ гурав дахь албан тушаал бөгөөд Хан үндэстний онцгой эрхийг дархалсан намын бодлого, төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Цөөнхийн автономийг нам болон төрөөс хянах нь тухайн автономит бүст Хан үндэстнийг оршин суулгах асуудлыг дагуулдаг. Бүс нутгийн болон үндэстний зарчмын хослол зэрэг “Хамтарсан автономит” (gongzhi) гэж нэрлэж болох зарчмаас гадна Хан үндэстэнд цөөнхүүдийг өөрийн (Хан үндэстний) түвшинд хүргэн “дээшлүүлэх” даалгавар өгдөг. Соёлын үүднээс энэ нь цөөнхийн хэлийг хөгжил дэвшилд саад болж байна гэж үзэж уусгана гэсэн утгатай. Эдийн засгийн хувьд Хан үндэстэн автономит бүсийн эдийн засгийг хөгжүүлэхэд цөөнхүүдийг “орлоно” гэсэн үг юм. 2000 онд Баруун бүсийн их хөгжлийн бодлого (xibu dakaifa)-ыг хэрэгжүүлж эхэлснээс хойш “Түншийн туслалцаа үзүүлэх” Хятадын хөгжлийн загвар (duikou zhiyuan)-ын дагуу далайн эргийн олон муж, хотууд Төвд болон Шинжааны холбогдох хошуу, хэлтэст "тусламж" үзүүлсний улмаас хил хязгаарын эдийн засгийн зөрчлийг улам гүнзгийрүүлж байна. Автономит бүсийн гадна орших хүч эдийн засгийн асар том, хурдацтай хөгжлийг санаачлан хэрэгжүүлж байгаагаас цөөнхүүд олон нийтийн хүрээллээс холдож, шашин, уламжлалын дүрвэгнэл эрэх зэргээр өөрсдийн хувийн орон зайд шилжин ирж байна. Тэнд тэд 1984 онд батлагдсан “Үндэстний орны өөртөө засах хууль”-д заасан боловч хэзээ ч бүрэн хэрэгжиж байгаагүй өөрсдөө “дотоодын хэрэг явдал” (neibu shiwu)-аа мэдэх эрхээ бодитойгоор эдлэхийг найдан суудаг.
V
Задрах вий гэх айдас
1991 онд Зөвлөлт Холбоот Улс задран унаж, түүний шалтгааныг үндэстний зөрчилтэй Хятадын зүгээс хэсэгчлэн холбосон нь ХКН болон Хятадын эрдэм шинжилгээнийхний аль алиныг бүс нутгийн үндэсний автономит тогтолцоог халахаас гадна minzu гэх ангиллыг өөрчлөх хэрэгтэй гэх нээлттэй уриалгад хүргэв.[6] Тэд Хятад дахь автономийн тогтолцоо нь цөөнхийн нэгдэлд хүргэх нь бүү хэл цөөнх нь өөрийн үндэстний нэрийн дор автономид өөрийн мэт хандаж, Хан үндэстнийг харийн эзлэн түрэмгийлэгч хэмээн үзэж байна хэмээн оношилсон. Иймээс minzu гэх ангилал нь цөөнхийн салан тусгаарлах үзлийг дэмжиж байна хэмээн тогтоожээ. Энэ өнцгөөс харвал цөөнхүүдэд хэрэглэж буй minzu хэмээх ойлголтын гэм нүгэл нь тэднийг (цөөнхүүдийг) zhonghua minzu буюу Дундадын (Хятад) үндэстэнтэй өрсөлдөхүйц болгож байгаа явдал юм. Энэ илэрхий зөрчилдөөнд цөөнхийн minzu нэрийг англи хэлэнд “ethnic group” (угсаатны бүлэг) хэмээн орчуулагддаг zuqun гэх нэр томъёогоор солих шийдэл санал болгосон байна. Тэдний урьдчилсан таамаглалаар minzu нь нутаг дэвсгэрийн автономийн талаар төөрөлдөн буй санааг илэрхийлдэг нь цөөнхүүдийг Хан үндэстэн болон Хятадаас тусгаарлахад хүргэж байгаа бол zuqun нь нутаг дэвсгэрийн бус харин харилцааны болон соёлын шинжтэй ойлголт бөгөөд энэ ойлголтыг хэрэглэх нь угсаатан хоорондын ойр дотно байдал, цаашлаад Хятад үндэстэнд нэгдэхэд тус дөхөм болно.
Энэ нь zuqun-аар солих замаар minzu-г “улс төржилтөөс ангид болгох”-оос гадна цөөнхүүдийн бүс нутагт гурван гол сэжигтэй гэмт хэрэг гэдэг салан тусгаарлалт, терроризм, экстремизмын хандлагыг багасгахын тулд тэднийг “аюулгүйжүүлэх” гэсэн оролдлого юм.[7] Өнөөгийн үндэстний бодлогыг орлох зорилготой “Хоёр дахь үеийн үндэстний бодлого”-д тусгагдсан уриалгаар одоогийн тогтолцоог “хэвийн бус” гэж үздэг.[8] Гэхдээ Хятадыг "хэвийн" улс болгох гэсэн уг хүсэл тэмүүлэл нь ХКН-аас БНХАУ-ын улс төрийн үндсэн гурван тогтолцооны нэг гэж тодорхойлсон “Үндэстний орны өөртөө засах тогтолцоо”-г үгүй хийх гэсэн оролдлого юм. Үлдсэн хоёрт нь ХКН-ын удирдлаганд байдаг олон намын хамтын ажиллагаа, улс төрийн зөвлөлдөх тогтолцоо болон олон нийтийн түвшний өөрөө удирдах ёсны тогтолцоо орно.
Хэдийгээр ХКН ийм уриалгыг няцааж, өмнөх чиглэлээ хэвээр хадгалж буй мэт боловч суурь шинжтэй өөрчлөлт олон түвшинд гарсаар байна. Нэг талаас Шинжаан, Төвд хэдийнээ "онцгой байдалтай улсууд" (states of exception) болсон. Тэнд цөөнхүүд илүү эрх эдлэх байтугай эсрэгээрээ аюулгүй байдлын хатуу чанга хяналтанд байна. Тухайлбал Шинжаанд цөөнхийн хэлийг сургуулиудад заахыг бүхэлд нь хориглосон нь зөвхөн боловсролоор хязгаарлагдахгүй хэл өөрөө эрх байдгийн хувьд "бүх үндэстэн өөрсдийн ярианы болон бичгийн хэлийг ашиглах, хөгжүүлэх, өөрсдийн уламжлал, зан заншил, уламжлалаа хадгалах, шинэчлэх эрх чөлөөтэй” хэмээн заасан БНХАУ-ын Үндсэн хуулийг илт зөрчиж байна (5-р зүйл). Нөгөө талаас одоо zuqun нь minzu гэх нэр томъёог хэт улс төрийн шинжтэй хэмээн хэрэглэхээс зайлсхийж ирсэн Хятадын угсаатны зүй, антропологийн салбарын шинжлэх ухааны ойлголтод тооцогдож байна. БНХАУ-ын Үндсэн хууль болон Үндэстний орны өөртөө засах хуулийн албан ёсны англи орчуулгад “үндэстэн” (minzu) гэх нэр одоо хэр хадгалагдаж байгаа ч өөр албан баримт бичгүүдэд minzu-г “ethnic group” (угсаатны бүлэг) хэмээн англиар буулгасаар ирсэн.
Minzu буюу үндэстэн гэхийн оронд zuqun буюу угсаатны бүлэг гэх нэр томъёог хэрэглэх замаар “нэрийг засах” (zhengming) нь 1930-1940-өөд оны үед minzu-г zongzu буюу Хятад үндэстний удам угсааны салаа мөчир хэмээж байсан Хятадын Гоминдан намын томъёоллыг бидэнд сануулж буй юм. Zuqun нь zongzu шиг угсаа гарвал руу хөтлөхгүй ч илүү том Дундадын (Хятад) үндэстэн (zhonghua minzu)-д захируулна. Гэвч zuqun, zhonghua minzu-ийн аль аль нь Үндсэн хуулийн бус ойлголт юм.
VI
Монголын эзэнт гүрний тал нутагт
Энэ нь эдгээр сорилтыг үл тоомсорлон орхих хэрэгтэй гэсэн үг биш. Шалтгаан нь ХКН одоогийн үндэсний бодлого, цөөнхөд зориулсан minzu гэх нэр томъёог няцаахгүй бол Хятадын төр, нам хоёулаа мөхөх эрсдэлтэй байна гэж анхааруулдаг. Энэ хүрээнд эрдэм шинжилгээний үүднээс дараах байдлаар аргумент дэвшүүлж байгаагаараа сонирхолтой: цөөн тоот үндэстнүүд Зөвлөлтийн загварыг сохроор дагаж мөрдсөний үр дүн буюу хоосон зүйлээс үүссэн гэгддэг. Тэгвэл зохиосон эсвэл нийгмийн үүднээс бүтээсэн (socially constructed) “үндэстнүүд” нь Франкенштейний мангастай төстэй бүтээлд тооцогдох бөгөөд тэд бие даасан байх хүсэл эрмэлзэлтэй болсон ба энэ нь үгүйсгэгдвэл өөрсдийн бүтээгч болох ХКН, Хятадын төр лүү дайрч эхэлнэ.
Ийм яриа хэлэлцээ нь Европ дур мэдэн өөрийн колонуудын угсаатны хил хязгаарыг тогтоосон нь угсаатан хоорондын хүчирхийлэл, бүр геноцидэд хүргэсэн гэх пост-колонийн шүүмжлэлтэй их төстэй. Харин үүнийг эсэргүүцэгчид цөөнхийн тусгаарлах эрмэлзлийг өдөөсөн нь одоогийн үндэстний бодлого, Үндэстний орны өөртөө засах хуулийг хэрэгжүүлснээс болсон юм биш харин тэдгээрийг үнэнчээр хэрэгжүүлэх хүсэл дутагдсанаас болсон хэмээн маргадаг.[9] Тэд ХКН-д нэн хэрэгцээтэй байх үед цөөнхийн удирдагчдад өгсөн тангаргийг мартахгүй байхыг сануулж, цөөнхийг ялгаварлан гадуурхахгүй гэсэн амлалтаа биелүүлэхийг түүнээс шаардаж байна. Бодлогоо буцааж байгаа нь коммунистууд, цөөнхүүд холбоотон болон хамтдаа эсэргүүцэн тэмцэж байсан Гоминдан намын байр сууринд ХКН өөрөө орсонтой агаар нэг гэдэг.
Zhonghua minzu хэмээх ойлголт нь сүүлийн жилүүдэд Хятадын ижилслийн талаарх төсөөлөлд голлох байр суурьтай болсон байна. Намын одоогийн удирдлага нь Хятад зүүд хэмээх мөрөөдлийн нэг элемент болох Хятад үндэстний эрч хүчийг сэргээхийг зориж байна. Гэхдээ Zhonghua minzu-ийн тус хувилбар нь Хан бус үндэстнүүдийг Хан үндэстэнд уусган цөөнхүүдийн соёл, түүхэнд Дундадын (Хятад) үндэстний дотор ямар ч орон зай үл олгох зорилготой байсан Хятадын Гоминдан намын томъёоллоос ялгаатай. Үүний оронд Zhonghua minzu-ийн хөдөлгөгч хүч нь Хятадыг том гүрэн гэх байр суурийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх Хятад манлайллын шинэ амбицаас үүдэлтэй юм. Энэ мөрөөдөл нь Хятадыг дотогшоо чиглэсэн үндсэрхэг Хан үзэлт улс биш харин Монголын эзэнт гүрэн шиг том гүрний дүр төрхтэй болгож харуулахыг албадаж байгаа нь Хятадын “Бүс ба зам cанаачлага” (Belt and Road Initiative)-аас харагддаг. Энэ нь урьд өмнө Хятадыг эзэлж байсан Чингис хаан, Хубилай хаан зэрэг [харийн] байлдан дагуулагчдыг хятад хүн шиг бүр цаашлаад үндэсний баатрууд мэтээр тэврэх хэмжээнд Хятадын цар хүрээг өргөжүүлнэ гэсэн утгатай. Үнэндээ zhonghua minzu-ын талаарх шинэ үзэл санаа нь хан үндэстний түүх, соёлын мэдрэмж, бахархлыг сорилтод оруулж байна. Учир нь Өвөр Азийн байлдан дагуулалтыг эсэргүүцэж ирсэн Хятадын уламжлалыг одоо нэг шалдар булдар хагацлын үзэл (petty isolationism) байсан хэмээн тодорхойлж болохоор байна. Шинэ zhonghua minzu-д агуулагдсанчлан Хятадын агуу байдал, алдар хүндэд Өвөр Азийн “цөөнхийн” оруулсан хувь нэмрийг Хятад магтан дуулах нь түүний Өвөр Азийн цөөнх иргэдийн хувь заяаг сайжруулж, шударга ёс тогтоох эсэх нь одоо харин асуулт болж байна. Гэвч хил хязгаарын нөхцөл байдал өөдрөгөөр сэтгэх орон зай ойрын ирээдүйд лав өгөхгүй л болов уу.
Орчуулсан Э.Туулайхүү (МУИС, Хууль зүйн сургууль)
[1] Anderson, Benedict. 1991. Imagined Communities: Reflections on the Origin and Spread of Nationalism. London: Verso, 86.
[2] Gao, Quanxi. 2011. Lixian shike: Lun ‘qingdi xunwei zhaoshu’ [The Constitutional Moment: On ‘The Qing Imperial Edict of Abdication’]. Guilin: Guangxi Shifan Daxue Chubanshe; Bulag, Uradyn E. 2012. “Independence as Restoration: Chinese and Mongolian Declarations of Independence and the 1911 Revolutions.” The Asia-Pacific Journal 10 (3), Issue 52, 31 December.
[3] Guo, Hui and Shan Liu. 2014. “Yuan Shikai jiuren linshi da zongtong dianli yu quanli zhuanyi [Yuan Shikai’s Provisional Presidential Inauguration Ritual and the Transfer of Power].” In Xinhai Geming yu Yuan Shikai: Qingmo minchu shehui zhuanxing shiqi renwu yanjiu [Xinhai Revolution and Yuan Shikai: Studies on People at the Transitional Period from the late Qing to the early Republic], edited by Zhang Huateng. Zhengzhou: Henan Daxue Chubanshe, 419.
[4] Jiang, Zhongzheng. 1943. Zhongguo zhi mingyun [China’s Destiny]. Chongqing: Zhongzheng Shuju.
[5] Bulag, Uradyn E. 2012. “Good Han, Bad Han: The Moral Parameters of Ethnopolitics in China.” In Critical Han Studies: The History, Representation,and Identity of China’s Majority, edited by Thomas S. Mullaney, James Leibold, Stéphane Gros, and Eric Vanden Bussche, 92–109. Berkeley: University of California Press.
[6] Leibold, James. 2013. Ethnic Policy in China: Is Reform Inevitable? Honolulu: East-West Center.
[7] Ma, Rong. 2013. “A New Perspective in Guiding Ethnic Relations in the 21st Century: ‘De-Politicization’ of Ethnicity in China.” De-Politicization of Ethnic Questions in China. Edited by Li Zhong Xie, 199–217. Singapore: World Scientific.
[8] Hu, Angang and Lianhe Hu. 2011. “Dierdai minzu zhengce: Cuijin minzu jiaorong yiti he fanrong [Second Generation Nationality Policies: Promoting Organic Ethnic Blending and Prosperity].” Xinjiang Shifan Daxue Xuebao (Zhexue Shehui Kexue Bao) [Journal of the Xinjiang Normal University (Philosophy and Social Science)] 32 (5).
[9] Hu, Angang and Lianhe Hu. 2011. “Dierdai minzu zhengce: Cuijin minzu jiaorong yiti he fanrong [Second Generation Nationality Policies: Promoting Organic Ethnic Blending and Prosperity].” Xinjiang Shifan Daxue Xuebao (Zhexue Shehui Kexue Bao) [Journal of the Xinjiang Normal University (Philosophy and Social Science)] 32 (5).
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2020.9.21 ДАВАА № 182 (6407)