Х.ХАТАН
Сонгуулийн үеэр хиймэл оюун ашигласан мэдээлэлд хэрхэн хандах вэ?
“Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний ээлжит уулзалт "Глоб Интернэшнл" төвийн байранд боллоо. Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 21 байраар ухарч 109 дүгээрт бичигдсэн нь ардчиллын амин сүнс болсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө боомилогдож байгаагийн томоохон илрэл юм. Тиймээс энэ ухралтыг сэтгүүлчид төдийгүй нийгмийн бүлгүүд дор бүрнээ хэлэлцэж байна.
“Баримт нэн тэргүүнд” сүлжээнд иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд, хуульчид, баримт шалгагчид сайн дурын үндсэн дэр нэгдэж, улс төрийн хуурамч мэдээллийг бууруулж, баримтад түшиглэсэн бодит зөв мэдээллийг олон нийтэд өгөхийн төлөө ажилладаг билээ. Тус уулзалтад "Глоб Интернэшнл" төвийн хуульч Л.Галбадрах сэтгүүлчдэд тулгарч буй хуулийн эрсдлүүд, түүнээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгч, Монголын баримт шалгах төвийн ахлах баримт шалгагч Ш.Билгүүн цахим орчинд аюулгүй байдлаа хамгаалах талаар зөвлөгөө өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хуульч Л.Галбадрахын илтгэлд сонгуулийн үеэр шинээр оруулсан хуулийн зохицуулалтад хиймэл оюунаар хийсэн бүтээлийг шошгожуулах үүрэг хүлээлгэсэн ба хэрэв зөрчвөл хувь хүн таван сая, хуулийн этгээд 50 сая төгрөгөөр торгуулах талаар мэдээлэл өгсөн бол MFCC-ийн ахлах баримт шалгагч Ш.Билгүүн Мета компани нь энэ тавдугаар сараас эхлэн Facebook, Instagram платформдоо хиймэл оюун ашигласан мэдээлэл оруулахдаа “digital created” гэсэн тэмдэглэгээг нэвтрүүлснийг дуулгалаа. Хэрэв хэрэгжүүлээгүй бол тухайн постод хязгаарлалт хийх юм.
Мөн нууц болон нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хөндөж, төрийн 600 гаруй төрлийн мэдээлэл нууцад хамаарах болсон нь сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрхэд тээг болох эрсдэл бийг дурдав. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 14.2 “Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах”, 14.3 “Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах” зэрэг нь сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллаагаа эрхлэхэд саад болсон тохиолдолд хуулиар хамгаалуулахад ашиглаж болох талаар хэлэлцэв.
“Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээнд орон нутгийн редакцууд нэгдэж, баримт шалгах арга зүйг үйл ажиллагаандаа нутагшуулахаар ажиллаж байгаа билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 94 (7338)