Р.ОЮУН
"Парламентад хүрэх мянган алхам" эмэгтэй парламентчдын чуулган Төрийн ордонд боллоо. Эмэгтэй парламентчдын чуулганыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, БНСУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш найман удаагийн УИХ-ын сонгуульд 3445 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 25 хувь нь эмэгтэй байжээ. Найман удаагийн сонгуулиар 608 гишүүн сонгогдсоноос 10.7 хувь нь эмэгтэй байв. Энэ хугацаанд 45 эмэгтэй давхардсан тоогоор 65 удаа сонгогдож, 10 эмэгтэй хоёр ба түүнээс дээш 35 эмэгтэй нэг удаа сонгогдсон байна.
Мөн "Эмэгтэй парламентчдын чуулган-2022"-оос гарсан "Тунхаг бичиг"-ийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, үр дүнг ахиулах асуудлыг хэлэлцэн уриалга гаргажээ. Эмэгтэйчүүд парламентад сонгогдоход тулгардаг мянган алхмыг бууруулахын тулд улс төрийн үйл хэрэгт оролцох, төлөөлөх эрхээ идэвхтэй эдэлж, сонгуульд нэр дэвших. Улс төр, эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтоос салах, хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хүн бүрт түгээх. Улс төрийн намууд сонгуулийн зардлыг бууруулах, тэгш төлөөллийг хангах амлалтаа үргэлжлүүлэн биелүүлэх, сонгогчдын боловсролыг сайжруулахад манлайлан ажиллах, эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих санхүүгийн механизмийг бүрдүүлэх, жендэрт суурилсан аливаа төрлийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх, ангид байх механизмийг бүрдүүлэх. Хэвлэлийн ёс зүйн дүрэм, зарчмаа баримталж, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах, жендэрийн мэдрэмжтэй сонгогчийг төлөвшүүлэх, 2024 онд шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг дэмжих хөдөлгөөнийг өрнүүлэх уриалгыг гаргасан байна.
Эх сурвалж www.polit.mn