С.Од-Эрдэнэ: Дундговьчууд сая төгрөгийн цалин мөрөөдөж болно

2014-06-19

С.ПҮРЭВСҮРЭН

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар аймгийн Засаг даргаар томилогдсон С.Од-Эрдэнэ анхны ярилцлагаа “Зууны мэдээ” сонинд өглөө.

Сандагийн Од-Эрдэнэ 1966 онд Улаанбаатар хотноо төрсөн. Морь жилтэй. Өлзийт сумын уугуул. УБДС-ийг хуучин нэрээр физик-математикийн багш, МУИС-ийн хууль зүйн факультетыг эрх зүйч, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн. Соёлын төр өргөөний захиргаанд инженер, “Протекс” группийн ерөнхийлөгч, “Тотал мюзик” компаний захирлаар ажиллаж байсан. Дундговь аймгийн Ардчилсан намын даргаар 2011 оноос сонгогдон ажиллаж байгаа юм. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, 2012 оноос Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

 

Та аймаг орныхоо талаар ямар ойлголттой ажлаа эхлэв?

-Сүүлийн 3-4 жилд аймгийнхаа бүх л сумаар ирж очиж байсан. Мөн аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд аймгийнхаа эдийн засаг, нийгмийн байдал, хүн ардын аж амьдралын талаар зохих ойлголттой байлаа. Үүсээд байгаа нөхцөл байдал, төсөв төлөвлөгөөний доголдол ч хэн бүхэнд мэдрэгдээд эхэлсэн. Сүүлийн хоёр жил аймгийн ажил үнэхээр авсангүй,  мөрийн хөтөлбөрөө ч батлуулсангүй, хий дэмий улс төржсөөр хайран цаг алдлаа. Цаана нь аймаг орны хөгжил, ард олны амьдрал хохирно гэдгийг өмнөх удирдлага олж харсангүй.

Бидний хувьд Шинэчлэлийн Засгийн газартай хамтарч ажиллах, тэндээс дэмжлэг авах өргөн боломж байгаа нь давуу тал. 

Хүний нөөцийн  хувьд ямар байна?

-Аливаа удирдагч өөрийн чадварлаг багийн хүчээр бодлогоо хэрэгжүүлдэг. Баг бүрдүүлэхэд жаахан хугацаа орох төлөв бий. Засаг даргын орлогч Ш.Энхбат гэхэд тодорхой шалтгаанаар эрх нь түдгэлзчихсэн байгаа. Энэ тохиолдолд харзнах, хүлээхээс аргагүй. Нөгөө талаар хүчтэй зөвлөх баг бүрдүүлнэ. Хүний нөөц дээр хэн юу чадах вэ гэдгийг харна. Намын харьяалал, угшил бол харгалзах шалгуур биш. Ажил аваад харахад хэд хэдэн асуудал дээр зохисгүй байдал харагдлаа. Тухайлбал, тендер шалгаруулахад хуульд нийцүүлээгүй, шалгаруулах комисст орвол зохих албан тушаалтныг оруулаагүй, өмнө нь тендерээр авсан ажлаа  хангалттай гүйцэтгээгүй, компанийг дахин шалгаруулсан  тохиолдол ч байна.  Халаа сэлгээ хийх нь үү гэж харж байна. Хууль зөрчөөд байгаа, ажлаа хийж чадахгүй байгаа  хүнд хариуцлага тооцож л таарна.

Та мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна уу. Хугацаа бага үлдсэн?

-Мөрийн хөтөлбөр боловсруулах ажил эхэлсэн. Бидэнд ч бэлэн хөтөлбөр байгаа. Хэлтэс, агентлагууд хөтөлбөрт тусгах санал дээр ердөө хоёр хоногийн хугацаа өгсөн.  Мөн зөвлөх багт хүмүүсээ сонгохоор судалж байна. Тэд мөрийн хөтөлбөр дээр ажиллана. Бид энэ хөтөлбөрөөр сууриа зөв тавих ёстой. Жишээ нь манай аймаг хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангах том хүлэмж барих төсөл тусгана. Айл өрх бүр түүний хувьцаа эзэмшигч, ашиг хүртэгч байх юм.  Гудамж төсөл хэрэгжүүлснээр айл өрх бүр сэргээгдэх эрчим хүч хэрэглэгч төдийгүй үйлдвэрлэгч, экспортлогч болох сайхан төлөв харагдаж байна. Манай аймаг нарлаг нутаг, нарны эх орон шүү дээ. Нарны эрчим хүч ашигласнаар маш их хэмнэлт гаргах төдийгүй ихээхэн ашиг олох, тэр бүхнээс айл өрх бүр хувь хүртэх тухай бодож байна. Одоогоор  нарны эрчим хүч ашиглахыг оройд гэрэл асаах, телевиз үзэх хүрээнд ойлгож байна. Тэгвэл нарны эрчим хүчийг өдөр нь хуримтлуулаад орой нь борлуулна, экспортлоно гэсэн үг. Ингэснээр  иргэн бүр Дундговийн иргэн байснаараа, Дундговийнх гэсэн иргэний үнэмлэхтэйгээрээ бахархах болно. Нэг том уурхай нээнэ. Ингэснээр сая төгрөгийн цалин авна гэж мөрөөдөж болно. Гэхдээ энэ бол маш удаан үйл явц. Харин нарны эрчим хүч үйлдвэрлэснээр өрх бүр ийм орлого олох боломжийг харж байна. Энэ бол шууд хийх ажил. Ер нь хөгжлийн бат бэх суурийг зөв тавихад анхаарлаа төвлөрүүлж байна. 

Сайхан төсөл байна, хэзээ хэрэгжих вэ?

-Гудамж төсөл гэхэд судалгаа нь хийгдэж байгаа 2015 онд хэрэгжүүлнэ гэсэн Засгийн газрын төлөвлөгөө байгаа.  Намайг ажилд томилогдох үед Эдийн засгийн хөгжлийн сайд манай аймгийг хамруулна гэдгээ амласан.  Ер нь  томоохон төслүүд байгаа. Тэдгээрийг хэрэгжүүлснээр аймаг орны хөгжил, ард түмний амьдралд томоохон алхам хийнэ.

Мөн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудтай, хөрш Өмнөговь аймагтай ч хамтарна. Хөгжлийн гарц  харагдаж байна.

Төр, ард түмнийг холбосон мэдээлэл манай аймгийн хувьд дутмаг байх шиг. Үүнийг яаж өргөжүүлэх вэ?

-Манай аймгийг төсвийн мэдээллийн хувьд хаалттай гэж судалгаа гарсан юм байна. Мэдээллийг нээлттэй болгоно. Иргэний танхимыг иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх жинхэнэ индэр болгоно. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих замаар аймгийнхаа нийт сум, иргэдэд шууд хүрдэг, өргөн хүртээмжтэй телевизийн суваг нээнэ.  Энэ  телевиз нь DDISH болон шилэн кабель ашиглан  “Малчин” суваг шиг айл өрх бүрт нэвтрүүлгээ хүргэнэ. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан хоёр телевиз, сонинтой нягт хамтран ажиллана.

Дараагийн асуулт улс төрийн шинжтэй болох нь. Засаг дарга томилогдох асуудал сунжирлаа. Өмнө томилогдсон Засаг дарга огцорлоо. Хууль, шүүхээр ч зөндөө явах шиг.  Үүний шалтгааныг хэрхэн харж байна?

– ИТХ-ын хуралдаан бүр олон түмэнд ил тод мэдээлэгдсэн. Өмнөх Засаг дарга томилогдсоноос хойш ИТХ дахь хүчний харьцаа өөрчлөгдсөн нь ийм нөхцөл байдал үүсгэсэн. МАН-ын хоёр төлөөлөгч итгэл үнэмшлээрээ намаасаа, намын бүлгээсээ гарсан.  Нөхөн сонгуулиар манай нэр дэвшигч ялснаар Ардчилсан намын бүлэг   цөөнх байснаа үзэл бодол нэгтэй нөхдийн хамтаар олонхи болсон.  Олонхи засаглалаа хэрэгжүүлэх нь ардчиллын зарчим. Намайг Засаг даргад нэр дэвшүүлсэн нь нэг талаар намын бодлого, нөгөө талаар ИТХ дахь олонхийн шийдвэр. Энэ шийдвэрээс зөрөх эрх надад байхгүй.

Өмнөх Засаг дарга нартай өөрийгөө харьцуулж үзэв үү?

-Бодож үзээгүй. Ер нь Ж.Хүүхэнбаатар дарга гэхэд хүндхэн үеийг давж гаргахад аймаг орны хөгжлийн төлөө тухайн үеийн МАХН-тай хамтран ажиллаж чадсан нь чухал. Энэ бол түүх.  Ш.Төрбат багаа зангидаж ажиллуулж чадсан нь ололт. Миний хувьд ч МАН-тай хамтарч ажиллана. Засаглал маргаантайгаас болоод аймагт орж ирэх олон төсөл  саатаж байлаа. Одоо дотоодын хэрүүл, маргаандаа цэг тавьж бүтээн байгуулалт, бодит ажил руугаа анхаарлаа хандуулж хурдтай ажиллах  цаг боллоо.

Засаг даргаар ажиллахад таны давуу тал юу вэ?

-Сэтгэлгээний давуу талтай. Шинээр сэтгэж, санаж сэдэж бүтээх чадвар надад бий. Мөн бизнесийн болон удирдах ажлын зохих дадлага, туршлага бий. Өөртөө итгэлтэй байгаа.

УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч ажиллах, тэднээс дэмжлэг авах, орон нутгийн эрх ашгийн үүднээс лобби хийх ногоон гэрэл асаатай байгаа шүү.

Та ирэх сонгуулиар УИХ-д нэр дэвших үү?

-Шууд хэлэхэд УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй. Итгэж болно.

Та Засаг даргаар ямар хугацаанд ажиллана гэж бодож байна?

-Тэр бол миний, манай багийн ажилд ард түмэн сонгуулиар ямар дүн тавихаас хамаарна. 

Таны ажлын өдөр өнөөдрөөс арай тайван, гэхдээ ачаалалтай явж байх шиг ажиглагдлаа. Ер нь жигдэрч эхлэв үү?

-Нэг дэх өдрийн шуурхай зөвлөгөөнийг ажиглалаа. Шуурхайг ажил хэрэгч болгон өөрчилнө.  Хэлтэс, агентлаг ээлжлэн мэдээлэл хийдэг юм байна. Аймаг төдөн сургуультай, төдөн суралцагчтай гээд л яриад байна. Тэр мэдээллийг веб сайт нээгээд л харчих чадвартай хүмүүс сууж байхад тийм мэдээлэл хэрэгтэй юу. Ийм мэдээллээс зайлсхийж ажил хэрэгч байдал руу хандуулна.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ