А.Мөнгөн: Бүтээлдээ анхаарлаа төвлөрүүлэх биш үзэгчиддээ зориулж кино бүтээх нь чухал

2020-02-14

Д.ОТГОНЖАРГАЛ

Энэ удаагийн “Өөр зочин” буланд кино шүүмжлэгч А.Мөнгөнийг урилаа.

 

-Кино шүүмжлэгчийн хувьд Монголын кино урлагийн одоогийн байдлыг хэрхэн дүгнэж, хардаг вэ?

-Залуу үеийнхэн, миний хүрээлэл дунд монгол кино үзэх нь цагийн гарз, хайран мөнгө гэж ханддаг хүн олон болсон байна. Үнэхээр муу эсэхийг олж мэдэх гэж монгол кино үзэж эхэлсэн. Мэдээж үзэгчдийн урмыг хугалж, мөнгийг үрэхээр кинонууд байсан л даа. Нөгөө талаас бидний огт үзэхгүй өнгөрөөд байгаа муу гэж урьдчилан дүгнэснээс болж үлддэг сайн кинонууд бас байдгийг олж мэдсэн. Тэгэхээр Монголын кино урлаг бүхэлдээ сайн гэж хэлж чадахгүй ч зөв чиглэлтэй явж байгаа. Анх арван жилээ төгсөөд гадагшаа сурах гээд эссэ их бичдэг байлаа. Тэндээс л бичих, бичсэнээ сайжруулах тал дээр ажиллаж сурсан. Өөрөө кинонд сонирхолтой учраас чадвар, сонирхол хоёрын нийлбэр маань нийтлэл, тойм болсон.

-Үзэгчдийн урмыг хугалж хүлээлтэд нь хүрэхгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Контент бүтээгчдийн эрэл хайгуул хийх чанар дутагдаж байгаа юм болов уу. Орчин үеийн үзэгчид гадаад, дотоодын шинэ хуучин олон кино үзэж байна. Олон чанартай бүтээл үздэг болсныхоо хэрээр дотоодын кинонуудаа тэр хэмжээнд хийхийг хүлээж, найдвар тээдэг. Хүлээлтэд нь хүрч чадахгүй байгаа монгол кино үзэгчдийн тоог бууруулж байна. Сайн кино хийхийн тулд уран бүтээлчид ихийг мэддэг, ихийг үздэг байх хэрэгтэй. Бусдын хийснээс илүүг хийхийг эрмэлздэг байх ёстой байх.

-Манай кино урлагт бусад оронтой харьцуулахад шүүмж дутагдалтай байдаг. Салбарынхан ч үүндээ дасаад шүүмжээс ангид байсаар ирсэн. Тэгвэл таны шүүмж, нийтлэлд уран бүтээлчид хэрхэн ханддаг вэ?

-Шүүмж гэх үгнийхээ утгаас эхлээд л муулах гэж байна гэсэн ойлголт төрнө. Муулах биш таалагдсан, таалагдаагүй шалтгаанаа, өөрт төрсөн сэтгэгдлээ аль талаас нь бичиж байгаа нь асуудал. Муулж байна, орлого багасгалаа, хүлээж байгаад бичээч гэсэн хандлагатай уран бүтээлчид байхад хийж байгаа зүйлээ сайжруулах хүсэлтэй, нээрээ юу гэж бодож байна, санал сэтгэгдлээ илэрхийлээч гэсэн хүмүүс ч байдаг. Хавар хэсэг залуусын хийсэн киног үзсэн. Гэтэл нэг герман киноны хуулбар байсан учраас санал сэтгэгдлээ хуваалцаж, нийтлэлээ бичсэн. Хэсэг хугацааны дараа бичсэнээ устга, өөрчил, шүүхдэнэ гэсэн асуудал гарсан. Үнэхээр л өөр хүний бүтээлийг өөрийн юм шиг ашигласан болохоор би дүгнэлтээ өөрчилж устгахгүй шүү дээ. Дээр нь юм мэдэхгүй байж, кинонд явж доторх зовлонг нь үзээгүй байж чи юугаа мэддэг юм гэсэн шүүмж ч орж ирдэг. Үзэж байгаа хүний хувьд кинонд явсан байж сэтгэгдлээ хуваалцах ёстой биш. Тогооч биш хүн хоолны амт сайхан муухай байгаа тухай ярьж болно шүү дээ. Эцсийн дүндээ кино багийнхны яаж зовсон нь хэнд ч чухал биш бүтээлийн чанар л чухал. Эцсийн үр дүн үнэ цэнэтэй болохоос тэр замд хүрэх гэж хэний ямар бэрхшээл туулсныг хэн ч сонирхохгүй.

-Уран бүтээлч, кино бүтээгчдээс гадна олон нийт таны шүүмжийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Хүн бүрийн сонирхол өөр. Ойролцоо сонирхолтой, ойролцоо мэдрэмжтэй хүмүүс бол таалагдлаа, миний бодож байсныг бичлээ гэдэг. Харин өөр үзэл бодолтой эсвэл тухайн кино бүтээгчтэй ойр дотны хүмүүс таагүй сэтгэгдэлтэй байдаг.

-Өнгөрсөн жил хэдэн монгол кино үзсэн бэ. Хамгийн сайн болсон гэж харсан уран бүтээл нь юу байв?

-Ойролцоогоор 20-оод кино үзсэн байдаг. Таалагдсан бүтээл нь “Тэнгэрээс буусан од” гээд “Хувьсал” продакшны кино байсан. Хотоос хөдөө рүү зугтаж очоод Стив гэх залуутай танилцан өөрийгөө хайж байгаа залуу эмэгтэйн тухай гардаг. Монгол кинонд гардаг түгээмэл алдаануудаас зайлсхийж чадсан бүтээл. Манай кинонуудын үйл ядвал нь үнэмшилгүй, хүлээж авах боломжгүй нөхцөл байдлуудтай, хаашаа ч хөдөлдөггүй, юу ч болдоггүй өрнөл, утга санаа ядмаг хошигнолууд, эмх замбараагүй нэмэгдэж хасагддаг хэрэгцээгүй туслах дүрүүдийг оруулах түгээмэл алдаа ажиглагддаг. “Тэнгэрээс буусан од” киноны хувьд сумын төв гэх ертөнц нь байна. Амьдралаасаа зугтаж ирсэн гадаад эр, өөрийнх нь амьдрал зовлон болсон өөрийгөө олох гэж буй эмэгтэй байна. Дүр, үйл явдлууд нь үнэмшилтэй, амьдрал дээр байхгүй ч тухайн киноны дотоод ертөнц, логик нь жигд тууштай өрнөдгөөрөө онцлог. Үзэгдэл, үйл явдал, өгүүлэмж талаасаа таалагдсан гэвэл “Од ба гэгээ”, “Single Ladies-4” киноны найруулагчийн бүтээл байна. Орчин үеийн залуусыг зөвөөр харуулж чадсан кино. Ялангуяа, Улаанбаатар хотыг тийм гоё дүрслэлээр үзүүлдэг кино өмнө нь үзэж байгаагүй. Гадны хүмүүст үзүүлэхэд ч тэр, өөр шигээ сонирхолтой хүнд үзүүлэхэд ч бардам байхаар сайн зураг авалт, дүрслэлээр бүтсэн уран бүтээл байсан.

-Хамгийн сүүлд ямар бүтээлд шүүмж бичив. Давуу болон сул тал нь?

-Энэ онд гарсан “Буруу өрөг”, “Солонго үүл”, “Таарсан хоёр” киног үзсэн. “Буруу өрөг”-ийн хувьд трейлэр, детиктив маягийн кино цөөхөн гардаг болохоор үзэхэд сонирхолтой байсан ч сонгуулийн жил болохоор ч тэр үү улс төрийн үзэл санаа шингэсэн бүтээл байсан. Санаагаа хүчилсэн байдлаар харуулсан нь буруу болсон. Кинонд гарсан үзэл санаатай санал зөрөөд байгаа юм биш үзэл санаагаа илэрхийлэхдээ эрэл хайгуул дутуу, хөдөлмөр бага зарсан юм шиг харагдсандаа л алдаа нь байсан. Зөвхөн “Буруу өрөг” дээр гарсан асуудал биш. Ер нь монгол кинон дээр түгээмэл харагддаг алдаа.

-Монгол кинонд дутагдаж байгаа зүйл нь таны бодлоор юу вэ. Хэрхэн сайжруулж, юун дээр илүү анхаараасай гэж боддог вэ?

-Эхлээд одоо хийж байгаа зүйл нь хангалтгүй, болохгүй байна гэдгийг уран бүтээлчид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх. Яаж зовсон, хэн гэдэг алдартай хүн оролцсон нь хамаагүй. Хүлээн авагчийн хувьд эцсийн бүтээгдэхүүн чухал байдаг. Орчин үеийн үзэгчид юу сонирхож, дотоодын бүтээгдэхүүнээ ямар бүтээлтэй харьцуулаад байгааг олж мэдэх хэрэгтэй. Энэ жил “Оскар”-т нэр дэвшиж байгаа “Шимэгч” бүтээлийг Монголд хийж болохоор кино байсан. Манайд төсөв бага, зах зээл жижиг гэх асуудал байгаа ч энэ асуудал, энэ хязгаарлалт бүтээлч байдлыг шахаж гаргах түлхэц өгөх юм шиг санагддаг. Гадны сайн бүтээлүүдийг үзээд юу нь сайн, муу байгааг хар. Өөрийнх нь киног үзээд хүмүүс юу гэж хэлж байгааг анзаарах хэрэгтэй. Эргэн тойрноо ажигладаг, хийж байгаа юмандаа анхаарлаа төвлөрүүлэх биш хүлээж байгаа үзэгчиддээ зориулж бүтээлээ хийгээсэй гэж боддог.

-Монгол кинонд дутагдал их байгаа ч олж харах онц сайн тал нь юу вэ?

-“Огтлолцол” киноны найруулагч Г.Анхбаяр, Бат-Амгалан гэсэн шинэ залуу уран бүтээлчид гарч ирээд одоо байгаагаас өөр зүйлийг туршиж, хийх гэж оролдож байгаа нь их авууштай. Тогтсон нэг сайн найруулагчийн бүтээлийг хүлээж, түүнийг л зөв сайн гээд тогтмол хэвшилд нүдээ боочихвол хүмүүс улам л үзэхээ больж, итгэл алдана. Уламжлал нь сайн явсан бол өнөөдөр монгол кино сайн л байх байсан. Өмнө нь хийж байгаа зүйл нь болохгүй байгаа учраас л өнөөдөр бид монгол кино болохгүй байна гэсэн асуудлыг ярьж байгаа. Юмыг өөрөөр хийх гэж оролдож, туршиж байгаа залуус гарч ирж байгаа нь зөв санагдаж байна. Оролдлого бүр нь хангалттай сайн байдаггүй ч оролдлого хийхийг хичээж байгаа нь магтууштай. Оролдлого сайт оройд нь гэдэг дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.2.14  БААСАН  № 32 (6257)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ