ЭМЯ: Коронавирус модон эдлэл дээр ес хоног амьдрах чадвартай

2020-02-13

С.САРУУЛ

Коронавирусийн дэгдэлтийн цаг үеийн асуудлаар ЭМЯ ээлжит мэдээллээ өглөө.  /2020.02.13/ Коронавирус нь модон эдлэл дээр 9 хүртэлх хоног амьдрах чадвартай аж. Мөн хүний биеэс ялгарч байгаа бүхий л төрлийн зүйлд буюу өтгөн, шээс, нулимс, хөлс, нус, шүлс зэргээр ч коронавирус дамжин халдварлах чадвартай гэлээ. Манай улсад коронавирус бүртгэгдээгүй ч бид эрсдэл өндөртэй хэвээр байгааг онцоллоо. ДЭМБ-аас олон улсын мэргэжилтнүүдийн багийг Монгол улсад ажиллуулах талаар хэлэлцэж байгаа аж.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хагаалах газрын дарга, дэд хурандаа П.Эрдэнэбат ” Өчигдөр орой хуурамч бичлэг тараасан хүн иргэн Г гэдгийг олж тогтоож, холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна. Худал мэдээллийг таслан зогсоох хэрэгтэй. Холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу арга хэмжээ авна” гэсэн бол ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлд тодорхой арга хэмжээ авч байна. ХӨСҮТ дээр 200 ор бэлэн байна. Мөн Цэргийн төв эмнэлэг дээр шаардлага гарсан үед 570 орыг гарган ажиллахаар төлөвлөж, бэлдэж байна. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламжийг авна” гэв. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 11-нд Сүхбаатар аймагт тусгаарлагдсан хоёр, Замын-Үүдэд тусгаарлагдсан хоёр иргэний хариу сөрөг гарсан. 12-нд тусгаарлагдсан иргэдийн шинжилгээ хийгдэж байна. Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэний сорьц өнөөдөр үүрээр 05:00 цагт ХӨСҮТ-д ирсэн. Шинжилгээ хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар нийт 120 иргэнд шинжилгээ хийгээд байна. Уханиас ирсэн оюутнуудын биеийн байдал сайн, өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй, ойрын хугацаанд давтан шинжилгээгээ хийхээр төлөвлөж байгаа. Замын-Үүд боомтод галт тэргэнд иргэдийг тусгаарласан хэвээр байгаа бөгөөд шинжилгээний хариу гараагүй ” гэдгийг хэллээ. Түүнчлэн өчигдөр Японоос 1,000 оношлуур ирсэн. Үүн дээр нэмээд ДЭМБ-аас 3,000 оношлуур ирэх юм байна.

 

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ