Иргэд хилээ хаахыг шаардаж байна

2020-02-11

 

 

Д.ОТГОНЖАРГАЛ

БНХАУ-д гарсан шинэ коронавирустай холбоотой Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалан, улс орны аюулгүй байдлыг хангах үүднээс иргэд нэгдэн урд хөрштэй хиллэдэг хилээ хэсэгчилсэн байдлаар биш бүрэн хаахыг 24 цагийн дотор өгч ажиллах талаар Ерөнхий Сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн У.Хүрэлсүх, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Хурлын эхэнд иргэн Г.Алтанцэцэг “Өнөөдрийн байдлаар Монгол Улс долоон боомтыг хаалгүй үйл ажиллагаа явуулж байна. Өдөр бүр Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл өгч, дотооддоо хөл хөдөлгөөнөө хорьж байгаа ч гадаад хөл хориог тогтоохгүй бол тайван суух нөхцөл алга. Дэлхийн олон орон хил хорио тогтоож байхад манай улс өвчнөө хүлээгээд байгаа юм уу эсвэл хэн нэгний захиалга, эрх ашгийн дор хилийг хаахгүй байгаа мэт хардлага төрж байна. Цагаан сар хийх, хийхгүй тухай, багш ажилчдыг амраах амраахгүй талаар дотооддоо тулга тойрсон асуудлаа хэлэлцэх биш гадагшаа хармаар байна. Өнөөдөр БНХАУ-ын Эрээн хот онц байдлын нэгдүгээр зэрэгт шилжсэн. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомттой хил залгаа, 120 км-ийн цаана байрлах Халиунд шинэ коронавирусын халдвар бүртгэгдээд байгаа энэ мөчид асуудлыг төр, засаг анхааралдаа авч яаралтай шийдэж өгөхийг иргэд хүсч байна” гэсэн юм.

Харин иргэн Ж.Эрдэнэзаяа “Монгол орон даяар уушгины хатгаатай ханиад газар авч байна. Ийм үед үхлийн аюултай коронавирусын халдвар илэрвэл ямар хүнд байдалд хүрэхийг төсөөлшгүй. БНХАУ-тай хил залгаа ОХУ, Казахстан томоохон улс хилээ хаагаад байхад манай удирдлага, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд ярихаас хэтрэхгүй байна. Хилээ хаахгүй байгаа нь нэг ёсондоо үндэсний аюулгүй байдалд халдаж байгаа хэрэг. Нээлттэй боомтуудаар тээвэр хийж буй жолооч нарын амь нас эрсдэлд орж, тэднээр аймшигт вирус дамжин халдварлаж болзошгүй аюул нүүрлээд байна. Энэ бол 2-3 хүн хоорондоо хуйвалдаж шоу хийх асуудал биш. Төр, засаг нь ард түмнээ анхаарч, зөв шийдвэр гаргаж чадахгүй бол дараа хатуу ярина шүү” хэмээн үзэл бодлоо илэрхийллээ. Мөн иргэн Н.Баянбат  “Манай өвгөд наймаачин хүн төрд орж болохгүй гэж хэлсэн байдаг. Гэтэл хэдэн наймаачид төрд орчихоод ард түмнээ орхиж, бизнес эрхэлж сууна. Ашиг олохын тулд ард түмнээ шууд эрсдэлд унагаж хувь заяагаар нь тоглож байна. Төрийн гурван өндөрлөг, Засгийн газар, УИХ-ын гишүүд бодит асуудалд эрүүл саруул ухаанаар хандаж, ард түмнийхээ амь насыг тэргүүнд тавьж ажиллаасай гэж хүсч байна” гэсэн юм.

Эх сурвалж: www,polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ