Б.Цогтбаатар: Японоос авчирсан оношлуураар нэг л удаа сорьц авна   

2020-01-28

С.САРУУЛ

Шинэ төрлийн коронавирусын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагууд мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар Монголд коронавирус бүртгэгдээгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Харин Японоос 200 оношлуур авчирсан. Нэг оношлуурыг нэг л удаа хэрэглэх заалттай юм байна. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар“Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусын халдвараар өвчилсөн хүний тоо 4474 нас баралт 106-д хүрлээ. Бүх нас баралт БНХАУ-д бүртгэгдсэн. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5000 гарсан.

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд нийт 13 хүний ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авсан. Тэдгээр иргэд БНХАУ-д зорчоод ирсэн, халуурсан шинж тэмдэгтэй байсан бөгөөд дөрвөн хүнээс томуугийн А хүрээний вирус илэрсэн. Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол гарсан нь үгүйсгэгдсэн. Уушгины хатгалгааны улмаас нас барсан тохиолдлуудыг нягталж байна. Өмнөговь, Булган, Хэнтий аймагт халуурсан тохиолдол гарсныг шинжилж байгаа. Хонконгоос ирсэн хоёр оюутнаас сорьц авсан. Тусгаарласан 13 тохиолдлын долоо нь хилийн боомтод бүртгэгдсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийг хянаж байгаа. Эмийн хангамж, багаж хэрэгсэлтэй холбоотойгоор дутагдсан зүйл байхгүй. Хилийн боомтуудад тусгаарлах өрөөнүүд бэлтгэсэн.

Оношлуурыг ХӨСҮТ-ийн лабораторид ашиглаж байна. Сорьцыг хот руу татна. Нэг сорьцонд нэг л оношлуурыг хэрэглэнэ. Японоос 200 оношлуур ирсэн. Хариу урьдчилсан байдлаар 24 цагийн дотор гарна” гэлээ. Харин амны хаалтны үнээ нэмсэн газруудын мэдээллийг ШӨХТГ болон Эм холбооны утсанд мэдээлэл өгөөрэй гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ